Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уранчимэг: “Торгон хэвлэл” нь урлагийн шинэ техник


Түрүү сард СУИС дээр гарсан бяцхан үзэсгэлэнгээс хамгийн ихээр хараа татсан зүйл бол уйгаржин монгол бичгээр тэрлэсэн төрийн дуулал, хадны бичээс, цэцэг гээд үндэсний хэв маяг шингээсэн хүзүүний алчуур байв. Гараараа барихаас ч хайран санагдах тэр урлал бол СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш нарын “Торгон хэвлэл”-ийг Монголд анх туршсан бүтээл юм билээ. Ингээд тус сургуулийг дахин зорьж, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Торгон хэвлэл”-ийг хэзээнээс туршиж эхэлсэн бэ? 
-“Торгон хэвлэл” гэх урлагийн бүтээл сүүлийн үед бусад улс оронд нэлээд хөгжөөд байгаа. Тиймээс Монголынхоо зах зээлд нэвтрүүлэх санааг манай сургуулиас гаргаад, туршиж үзсэн нь амжилттай болоод энэ оны тавдугаар сараас тоног төхөөрөмжөө оруулж ирж, үйлдвэрлэлээ эхэлсэн. Манай сургууль жил бүр “Соёлын наадам”  зохион байгуулдаг. Энэ жилийн наадмаар анхны бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаад, худалдсан. Авсан хүмүүс нь гадаадынханд бэлэглэхэд их таашаасан гээд ам сайтай байгаа. “Танай энэ бүтээл ямар гоё юм бэ, их өвөрмөц байна. Жинхэнэ Монгол бүтээл байна” гэсэн сайхан үгс ч сонссон.

-Торгон хэвлэлийнхээ тухайн тайлбарлаж өгөөч. Тухайлбал миний үзсэнээх бол жирийн хүзүүний алчуур дээр уйгаржин мон­гол бичгээр төрийн дууллыг дүрсэлсэн байсан. Тэгэхээр торго гэлтгүй янз бүрийн материал дээр хүссэн дүрсээ хэвлэж болох уу? 
-Янз бүрийн материал дээр хээ, бичвэр, дүрслэлийг торгоор дарж байгаа учраас  “Торгон хэвлэл” гэж нэрлээд байгаа юм. Энэ маань урлагийн шинэ техник. Торгон дээр зурсан хээг тусгай гэрлээр шардаг машин бий. Эхлээд эхийг нь компьютерт хийдэг. Түүнийгээ торгон дээрээ буулгана. Бүх ажиллагаа нь гар аргаар явагддаг. Бүх материал дээр янз бүрийн аргаар бүтээж болно л доо. Материал голдоггүй.  Хэдэн ч өнгө гаргаж болохоос гадна торгон дээр ч хэвлэх боломжтой. Тийм учраас алчуур, ороолт, цамц, куртик, цонхны хөшиг, дэр гээд олон төрлийн туршилт хийж байна. Ер нь, бүх төрлийн зүйлд янз бүрийн хэлбэрээр ашиглаж болно. Үндэсний болоод монгол ахуйгаа харуулсан дүрслэлүүдийг “Торгон хэв­лэл”-ээр урлаж, бүтээсэн байгаа.

-Одоо нэгэнт сургуу­лийн хэмжээнд жижиг үйлд­вэрлэлээ эхлүүлсэн учраас зах зээлд гаргах байх. Би ч гэсэн худалдаанаас гадаа­дын биш үндэсний урлаг шингэсэн алчуур худалдан авахыг хүсч байна...
-Олон хүнээс  үүнийгээ хөгжүүлж, дэмжих хэрэгтэй гэсэн урмын үг сонсч байгаа. Тиймээс сургуулийхан маань урамшаад Монголынхоо зах зээлд нэвтрүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Одоохондоо туршилтаар ажиллаж байгаа учраас бэлэн футболк, алчуур захиалж авч ирээд хэвлэлээ хийж байна. Харин уут болон зарим бүтээлийнхээ загвар, дизайныг өөрсдөө гаргаж, оёж хийж байгаа. Бид сургуулийнхаа нэрээр шошго гаргасан.
Монголын гэлтгүй гадаа­даас ирж буй жуулчдад зориу­лаад жинхэнэ үндэсний уламжлал илтгэсэн чанар­тай бүтээл хийхийг зорьж байна. Ингэхдээ жуулчдын улирал, цаг үе, хүмүүсийн сонирхолд нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, сэдвээ захиалбал түүний дагуу хийж, урлагийн брэнд бүтээл гаргаж өгөх боломжтой. Хамгийн гол давуу тал нь угаахад арилахгүй, эдэлгээ даадагт байгаа юм. Бид зах зээлд нэвтрүүлэхийн тулд тусгай танилцуулга сэтгүүл гаргаад веб сайтад байрлуулахаар төлөвлөн, бэлдэж байна. Ингэхдээ үнэ болон хэмжээ, тоо ширхэг зэргээс хамаараад хэдий хугацаанд гарахыг тусгаж өгөх юм.

-“Торгон хэвлэл”-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүх боломж бүрдлээ гэ­хэд зах зээл хэр байна вэ. Өөрөөр хэлбэл ямар үнээр худалдаалах бол. Үндэс­ний үйлдвэрлэлээ хүн бүр дэмжихийг хүсдэг ч үнэ, чанараас хамаараад яг сон­голт дээрээ гадаадын бараа бүтээгдэхүүн авдаг шүү дээ. Судалгаа хийсэн байх? 
-Өнөөдөр ихэнх хүний амнаас мөнгөгүй, эдийн засаг хямарч байна зэрэг үг гарах болж. Тэгвэл бидний эхлүүлсэн соёлын үйлдвэрлэл маань өөрөө эдийн засгийн гарц болоод мөнгөний урсгал юм. Соёлын салбараас хөрөнгө босгох боломжтой гэсэн үг. Мөн урлагийн сургуулийн уран бүтээлчид амьдрал дээр гарахад цөөн хувь нь уран бүтээлээрээ хоолоо олж иддэг. Үлдсэн 97 хувь нь ажилгүй. Тиймээс энэ мэт соёлын үйлдвэрлэл нь тэр 97 хувийг ажилтай болгоно. Мөн уран бүтээлчид маань шинэ санаачилга гаргаад патентаа аваад, жинхэнэ инноваци хөгжүүлэх алхам хийх байх. Барууны орнуудад энэ жишгээр ажилладаг. Олон улсын үзэсгэлэн, уралдаанд оролцоод бүтээлээ дэлгээд танилцуулж байхад, бусад улсын оролцогч бидний дэргэд бүхэл бүтэн “Инновацийн төв”-тэй  “Брэнд шоп” ажиллуулж байдаг. Тэндээсээ маш их орлого олдог. Үнэхээр “Инновацийн төв” байгуулах юм бол бид томоохон музейн захиалга ч авч болно. Ингэхдээ оюутнуудаар үйлдвэрлэлийн дадлагаа гардан хийлгэх, улмаар орлого олох үүсвэр бий болгох юм.

-СУИС-ийн хувьд “Инновацийн төв”-ийн асуудал яригдаад эхэлсэн гэсэн. Энэ ямар шатандаа явж байна вэ?
-Манай сургуулийн хувьд шинэ брэнд бүтээл гаргах боломжтой. Сүүлийн үед хүмүүс нимгэн эсгийгээр хувцас хэрэглэл хийдэг болж. Үүнийг судалж байна. Эсгийн дээр торгон хэвлэлээр зураг зураад малгай, цамц, оймс, даашинз зэрэг бүхий л зүйлийг хийж болно. Бид мөн арьс, ноос, хөөвөр зэргийг ч судалж байгаа. Өөрийн гэсэн “Инновацийн төв”-тэй болчихвол эдгээрийг үйлдвэрлээд хэрэглээнд гаргах боломжтой болно. Уг төвд хүмүүс захиалга өгч соёлын үйлдвэрлэл, сургалт, дугуйлан явагдаж байдаг. Тэндээс чадварлаг уран бүтээлч төрөн гардаг тийм л орчин удахгүй бүрдэх байх гэж найдаж, мөрөөдөж байна. Одоогоор сургалтын хүрээнд тийм өргөн хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа.
Манай сургуульд оюунлаг хүч хангалттай бий. Гадны томоохон улсууд сонирхдог, үнэлдэг мундаг дизайнер, урчууд бидэнд байна. Тэд маань олон улсад үзэсгэлэнгээ дэлгэхэд хэний ч өмнө нүүр бардам зогсч чаддаг. Хэрвээ улсаас байрны асуудал шийдээд өгчихвөл Монгол Улсын соёл, урлагийн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ. Тэндээ “Инновацийн төв” байгуулж, соёлын үйлдвэрлэл явуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах асар их боломж байна.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед их, дээд сур­гуулийн судалгааны бүтээ­лийн инноваци болгох тал дээр илүү анхаарч за­рим хууль эрхзүйн зохицуулалтыг ч хийсэн. “Инновацийн төв”-ийн асууд­лаа харьяа яамдад тавьж үзсэн үү?
-БШУЯ, ССАЖЯ их дэмжиж байгаа. Манай сургууль дээр 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэсэн хэдий ч бидэнд хамгийн түрүүнд хичээлийн шинэ байр чухал байна. Манай сургууль 70 жилийн түүхтэй. Гэтэл өөрийн гэсэн байргүй өдий хүрсэн. Дүрслэх урлагийн сургуулийн олон улсын стандартад нийцсэн зураг төслийг Монгол-Австри улсын хамтарсан архитектурын багаар хийлгэснээ  БШУЯ, ССАЖЯ-нд танилцуулсан. Хэрэв улсаас зөвшөөрвөл концессын гэрээгээр бариулж болох юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан