Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шандор Себястьян: Монгол зүрхэнд минь байгаа


Унгарыг төлөөлөн “Дакар ралли”-д 2011 оноос хойш автомашины Т2 ангилалд уралдаж, өнгөрсөн хоёр ч удаагийн тэмцээнд дараалан долдугаар байрт шалгарсан “Uniqa Sandlander” багийн ахлагч Шандор Себястьяаыг өчигдөр өглөө Монголд хөл  тавьсан даруйд нь уулзаж ярилцлаа.
Тэрээр Монголын автоспортын түүхийн хуудсыг шинээр нээхэд туслаж буй нэгэн. Нэг сар гаруй хугацааны дараа Монголоос анх удаа “Дакар ралли”-д ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан автомашины Т2 буюу үйлдвэрээс гарсан машинаар уралддаг ангилалд хурд сорих гэж байна. Манай багийнхны уралдах цоо шинэ Ланд круйзер-200 маркийн машиныг Шандор Себястьян бэлдэж өгснөөр Монгол-Унгарын хамтарсан “Uniqa Sandlander” багийн нэр дээр гурван машин уралдана.
25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд манайхаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикаар спортын мастер Б.Батболд нар явах бол 355 дугаартай машины чиглүүлэгчээр цагдаагийн хурандаа Д.Жаргалсайхан, 413 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдахаар бэлтгэлээ базааж байна.

-Өнгөрсөн зун Монголд анх удаа ирсэн гэсэн. Одоо өвлийн эхэн сард Монголд буухад эрс тэс цаг агаарыг нь мэдэрсэн байх. Манай орны талаархи сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн зун анх удаа ирсэн. Монгол Улс яг л миний бодсоноор хүлээж авсан. Монгол найзуудтайгаа хамт аялаад маш гоё байсан. Монголд ирэх өдрийг удаан хүлээсэн. Өнгөрсөн зун хүүхдүүдтэйгээ ирсэн. Унгарт намайг нааш явахад дулаан байсан ч Монголд буухад үнэхээр хүйтэн байлаа.
Тэр нь намайг цочир­дуулсан шүү. Унгарт нэгдүгээр сараас эхлээд хүйтэрдэг. Гэхдээ их хүйтэрсэн ч Монголын хүйтнийг гүйцэхгүй юм байна. Зун ирэхэд Лхамаа­гийн аав хүлээж авсан. Бид “Дакар ралли 2014”-ийн үеэр уулзаж дотно танилцсан юм.

-Хүннүгийн хаан Атилла өөрийн байлдан түрэмгийлэлийн үедээ Монголоос Унгар хүртэлх газар нутгийг эзлэж байсан гэдэг. Тийм ч учраас Унгарт монгол үндэс угсаа бүхий хүмүүс амьдардаг гэж сонсож байлаа?
-Монгол Унгар хоёр тусдаа улс хэдий ч нэг үндэстэй гэдгээ мэдрэх ёстой. Монголд анх удаа ирээд өөрийгөө монгол цустай гэдгийг илүү ихээр мэдэрсэн. Унгарт дөрвөн жил тутамд нэг удаа монгол үндэстнүүдийн чуулган болдог. Энд 29 орноос 30 гаруй хүн цугладаг. Казахстан, Монгол, Киргизстан гээд л. Тэднээс монголчуудтай царай төрхөөрөө хамгийн адилхан нь унгарчууд. Миний амьдардаг хотод монголчуудтай үнэхээр адилхан царай төрхтэй хүмүүс байдаг.
Тэднийг “күнчүүд” гэдэг. Монгол, Унгар хоёрын хооронд 10 мянга гаруй км зайтай. Гэсэн хэдий ч бид зүрх сэтгэлээрээ ойр байдаг гэж боддог. Монгол зүрхэнд минь байгаа.

-“Дакар ралли” бол автомашин, мотоциклоор хичээллэдэг хүн бүрийн мөрөөдөл байдаг. Та хэзээнээс “Дакар ралли”-г мөрөөдөж эхэлсэн бэ?
-Би жаахан хүү байхаасаа л “Дакар ралли”-г очиж үзэхийг мөрөөддөг байсан. Арав гаруй настай байхдаа л телевизээр харсан. Миний амьдардаг хотод машины ура­л­даан маш их бол­дог байсан уч­раас жаахан хүүгийн мөрөөдөл Да­кар ралли болсон хэрэг. Гэвч аав, ээж маань надад зөвшөөрдөггүй байлаа. /тэрээр ярилцах зуураа олон зураг үзүүлж, Унгарын со­нин дээр гарсан хэмээн баяртай­гаар тайлбарлаж байлаа/

-Тэгээд таны мөрөөдөл хэзээ биелсэн бэ?
-Би анх оноогоор нь дүйцүүлдэг машины “нээлттэй” төрөлд оролцож байсан. Харин “классик” Дакар буюу жинхэнэ Дакарт 2011 оноос эхэлж оролцож эхэлсэн. Дакар раллид оролцохын тулд маш их зардал ордог учраас мөрөөдлийнхөө төлөө олон жил хөдөлмөрлөх хэрэг гарсан.

-2011 оноос тас­ралтгүй оролцохдоо ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?
-2014, 2013 оны Дакар раллид долдугаар байрт шалгарсан.

-“Дакар рал­ли”-д барианд орчихоод, фи­ниш медалийг атгаад зогсоход ер нь ямар мэдрэмж төрдөг юм бэ?
-Үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Түүний л төлөө хөдөлмөрлөсөн учраас тэр шүү дээ.

-Монголчууд хоёр жи­лийн өмнөөс л Дакарт мото­циклоор оролцож эхэл­сэн. Монголчуудыг уралдаж байгаа талаар тэр үед сонссон уу?
-Тийм ээ. Анхны жил сонссон ч уулзаж чадаагүй. Тиймээс энэ жилийн Дакарын үеэр монголчуудтай танилцаж чадсан. “Дакар ралли 2015”-д Монгол Унгарын хамтарсан баг оролцож, гурван машинаар уралдах гэж байна. Үүнийг дэлхийн өнцөг булан бүрээс сонирхон хүлээн авч байгаа. “Дакар ралли”-г зохион байгуулагчид Парисаас над руу холбогдоод энэ талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан.

-Монголчуудын хувьд “Дакар ралли”-д автомашинаар уралдах нь маш том бас холын мөрөөдөл. Гэтэл таныг тэр мөрөөдлийг бидэнд бэлэглэсэнд маш их баярлаж байна...
-Өнгөрсөн зун Монголд ирээд Лхамаатай ярилцаад сууж байтал тэр энэ удаагийн Дакарт оролцохгүй гэсэн. Тэгэхээр нь би “Тэгж болохгүй. Би чамд уралдах машиныг чинь бэлтгэж өгье. Чи уралд” гэж хэлсэн. Миний яг одоогийн зорилго, мөрөөдөл бол Монголын багийнхантай хамт амжилттай уралдаад, барианд орох. Би нэг л зүйлийг барьж авсан бол хэзээ ч хаядаггүй. Харин ч түүнийгээ алт болгон хувиргаж чаддаг учраас өөртөө итгэлтэй байгаа.

-Лхамаа болон түүний багийнхан саяхан Унгарт очиж уралдах машинаа үзсэн. Явахаас нь өмнө уул­за­хад машинаар уралдах гэж байгаадаа үнэхээр итгэж өгөхгүй байсан?
-Машинуудаа шинээр аваад уралдаанд зориулж бэлтгээд, гадна талыг нь чимэглэхэд ердөө л гурван өдөр зарцуулсан. Монголын багийнхан бэлэн болсон ма­шинаа хараад уйлсан. Их сэт­гэл хөдөлгөм байсан.

-Энэ удаа Шондар Монго­лын багийн уралдах машиныг бэлтгэж өгөөд зогсох­гүй өөрийнхөө ма­шинд Монгол хүнтэй хамт уралдах гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Энэ жил надтай хамт уралдах баг Унгарт байхгүй. Учир нь, би түрүүчийн Дакарт Лондонгийн олимпын мөнгөн медальт жүдоч Унгаритай хамт уралдсан юм. Гэтэл дараагийн олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд эхэлсэн учраас Унгари явах боломжгүй болсон. Тэгээд би Монголын багт санал тавьсан. Тэд надад Жаргалсайханыг санал болгосон нь их таалагдсан. Мөн бас нэг машины жолооч, нэг чиглүүлэгч нь унгар. Нөгөө чиглүүлэгч нь монгол тамирчин байгаа. Бямбацогт гээд.
Өнгөрсөн жил би Дакар раллид нэг машинаар гурвуулаа очиж байсан бол энэ жил гурван машинаар уралдана. 25 хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг явах болсонд сэтгэл хангалуун байгаа.

-Дакар раллид оролцо­ход зардал их ордогийг дээр ярьсан. Тэгвэл та ямар ажил эрхэлдэг вэ?
-Газар тариалан,  мал аж ахуй эрхэлдэг. /Тэрээр өөрийн аж ахуйн зургаа болон кунчүүдийг зургийг харуулав./

0 Сэтгэгдэл
buyantai hun bna. amjilt husie
yamar saihan buyantai ulsuud vee. Iim tom bolomjiig bidend olgodog. Uraldaaand ni ondoroos ondor amjilt husie! Ta bugd chadnaa!
altan shar zam tani olziitei baig
Mongoliin bolon Ungariin bag tamirchidad amjilt husie. Neg bag bolj neg hunshig bie bienee oligoltsoj baigaa 2 ornii tamirchid ta hed ym duulganaa. dahin dahin amjilt.. ALTAN SHAR ZAM TANI ULZIITEI BAIG.
Хамгийн их уншсан