Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Н.Алтанхуяг фэйсбүүк болон твиттерийн албан ёсны данстай, түүгээрээ олон нийтэд мэдээлэл түгээдэг байв. Ер нь, улстөрчид өөрийн гэсэн цахим хаяг нээж, онлайн найзтай болох нь тэр хэрээрээ өөрийгөө сурталчлах үнэгүй суваг болдог. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд фэйсбүүк, твиттерт тус бүр таван хүн түүнийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, 28 дахь Ерөнхий сайдын нэр, дүрийг ашиглаж буй 10 этгээд бий болжээ.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч гэж тодотгосон @SaikhanbilegCh хаягаас хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд жиргэжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь өмнөх парламентын үед Ч.Сайханбилэгийн ашиглаж байгаад орхисон хаяг байж магадгүй. Фэйсбүүкт ч хамгийн сүүлд хоёр жилийн өмнө мэдээллийг нь шинэчилсэн @SaikhanbilegCh гэдэг хаяг байгаа юм. Харин бусад нь Шийдлийн Засгийн газрын тэргүүний нэрийг ашигласан хуурамч хаягууд бололтой. @saikhanbilegpm хаягаас “100-аас доошгүй дагагчтай энэ жиргээг RT хийсэн жиргээчдийг өнөөдөр эргэж даганаа. Цааш нь дамжуулна уу” гэж өнгөрсөн сарын 26-нд жиргэж. Харин @ChSaikhanbileg хаягийн эзэн 10 хоногийн өмнө “Түрүү жилийн наадмаар” гээд хэдэн хүнтэй хамт авахуулсан дээлтэй зураг нийтэлж. @saikhanbilegchi хаягийн хувьд “Та бүхэнд энэ үдшийн мэнд хүргэе. Санал бодол, үзэл баримтлал, шүүмжлэл эргэцүүллээ солилцож байгаарай” гэж 11 өдрийн өмнө бичээд сураг тасарч. Тэгвэл @saikhanbileg217 гэх хаяг хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт “Надаас өөр дөрвөн Сайханбилэг байна тэр дөрөвтэй уулзаж хэн нь яг Сайханбилэг вэ гэдгээ мэдмээр байна. Нөгөө дөрөв маань уулзах цагаа нэгтгэж товлоорой” гэж. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийгөө хуурамч хаяг гэдгийг шулуухан илтгэсэн хэрэг. Улсын эдийн засаг, нийгмийн хүндрэлийг шийдэх гэж танхимаа бүрдүүлэхээр түмэн завгүй яваа хүн твиттерийн хэрэглэгч төдий хүмүүс хэн бэ гэдгийг шалгахаар уулзалтад очих цаг байхгүй шүү дээ.
Фэйсбүүк ертөнцөд мөн л таван Сайханбилэг байгаагийн нэг нь хоёр жилийн өмнөөс сураг алдарсан. Харин Saikhanbileg Chimed гэх нэртэй хаяг долоо хоногийн өмнө “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг”-ээ нийтэлж. Чимэдийн Сайханбилэг гэх хаягийн эзэн 11 өдрийн өмнө Төрийн ордны зургийг “ковер” болгож, идэвхижсэн байна. Тэгвэл МУ-ын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэсэн нэртэй хэрэглэгч “Aймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ” гэдэг мэдээллээ өнгөрсөн долоо хоногт түгээсэн байхад Чимэдийн Сайханбилэг гэсэн өөр нэг хаягаас “ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев баярын захидал ирүүлжээ” гэдэг мэдээллээ хуваалцаж. Эдгээрийн дунд ч жинхэнэ Ч.Сайханбилэг байхгүй гэнэ. Учир нь, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэнээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Facebook, Twitter, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно” хэмээн мэдэгдлээ. Тэрээр ХМОНХА-аар дамжуулан мэдээллээ түгээх арга зам сонгосон бололтой. Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар дээрх алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлэх амлалт өгсөн юм.
Хэдийгээр дээрх хуурамч хаягууд нь олон нийтэд шууд хор нөлөө байхгүй боловч хаяг бүрийн дор итгэсэн иргэдийн сэтгэгдэл, гомдол, санал, асуулт явж байгааг анзаарахгүй орхиж болохгүй. Ялангуяа Ч.Сайханбилэг сайдын өмнөөс, Засгийн газрын нэрийн өмнөөс иргэдэд хариу өгөөд эхэлбэл хор уршиг нь сая тодорч ирэх учиртай. Тиймээс олон нийтэд Засгийн газрын ХМОНХА-наас сэрэмжлүүлжээ. Юутай ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар өөртөө цахим хаяг ч нээх завгүй байх шиг. Эсвэл түүний ашиглаж болох бүх нэрийг фэйсбүүкч, твиттерчид хамаад өмчилчихөв үү.