Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Ж.Төмөрбаатар: Бизнес дэх төрийн оролцоо зохистой байх ёстой


Төр компани байгуулж хувийн хэвшилтэй өрсөлдлөө. Энэ бол буруу. Төрийн өмч олон эзэнтэй боллоо. Энэ бас л буруу. Төрийн өмчит компаниудын төрийн хувийг бууруулж олон нийтийнх болгоно. Энэ бол зөв... гээд сүүлийн үед төрийн өмч болон төрийн өмчит компаниудыг тойрсон яриа, шүүмж тасрахгүй байна. Тиймээс эдгээр асуултын хариуг авахаар Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатартай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралын үед авах ёстой арга хэмжээ­ний нэг бол Төрийн өмчит ком­паниудыг цөөлөх, тэдгээ­рийн төрийн оролцоог бууруулах гэж үзэх хүмүүс байна. Учир нь, Төрийн өмчит компаниуд /ТӨК/ ашиггүй ажиллаж, ар өврийн хаалгын үүр болж, төрөөс татаас нэхэж, хувийн хэвшлийг зах зээлээс шахаж байна гэх. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, төр аж ахуйн үйл ажиллагаа явуулж, бизнесийн үйл ажиллагаанд хэт хутгалдаж байна. ТӨК-иуд алдагдалтай ажиллаж, төрөөс татаас нэхэж, төсөвт дарамт болж байна. Тэдний алдагдалтай ажилласан эрсдлийг татвар төлөгчид үүрч байна гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч томилогдохдоо энэ талаар хэлсэн үгэндээ дурдсан. Тэрээр компанийн төрийн мэдлийн хувь эзэмшил 34 хувиас ихгүй байж, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан зарж олон нийтийн компани болгох нь зүйтэй гэсэнтэй би санал нэг байгаа. Үнэхээр, Төрийн өмчийн хорооноос хийсэн сүүлийн судалгаагаар төрийн өмчийн 100 орчим компанийн дийлэнх нь ашиггүй ажиллаж байна. Тиймээс эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж үр ашгийг нь нэмэгдүүлэх бодлогыг даруйхан тодорхойлох ёстой. Монгол улс Үндсэн хуулиараа хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг байгуулна гэсэн учраас тэр зүгтээ л явах учиртай. Тиймээс төр хувийн хэвшлээ дэмжиж бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ёстой болохоос өөрөө аж ахуйн үйл ажиллагаанд хэт хутгалдаад  явах нь буруу гэж үзэж байна.

-Төрийн өмчит компа­ниудтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Тухайлбал, “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах” тухай хуулийг Ерөнхийлөгч хавар өргөн барьсан бол саяхан С.Одонтуяа гишүүн "Төрийн өмчийн тухай" хуулийн төслийг өргөн барьсан байна. Эдгээр хуулиар ТӨК-иудын үйл ажиллагааг хэрхэн шинээр зохицуулах бол?
-Бизнес дэх төрийн зохистой оролцоо алдагдаж, ашиггүй ажилладаг ТӨК-иуд олширсон нь олон сөрөг үр дагавар авчирах болсон учраас эдгээр хуулийн төслүүдийг өргөн барьсан гэж бодож байна. Нөгөө талаас төрийн өмчийн удирдлага, менежмент, тэднийг зохицуулж байгаа эрх зүйн орчин, арга хэлбэр цаг үеэсээ хоцрогдсон учраас эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Таны дурдсан хуулийн төслүүдийг өөр өөр хүн өргөн барьсан хэдий ч агуулга, зорилгын хувьд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн. Гэхдээ эдгээр хуулийг батлахаас өмнө сайтар судалж ярилцах, хуулиудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Тухайлбал, ТӨК-ий менежментийг хэрхэн өөрчлөх, тэднийг хариуцах төрийн захиргааны шинэ байгууллага гарч ирэх бол ямар чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх, гэх мэт олон асуудлыг судалгаанд үндэслэн шийдэх хэрэгтэй.

-Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг ТӨК дахь төрийн хувь эзэмшлийг 34 хувиас ихгүй байлгах тухай хэлснийг та сая дурдлаа. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд  та ямар саналтай байна?
-ТӨК-ийг “public” буюу нийтийн өмчит компани болгох санал маш зөв юм. Гэвч манайд энэ талын ойлголт маш тааруу байна. Энэ бол бидний мэддэг нээлттэй хувьцаат компани биш юм. Компанийн үүсгэн байгуулагч, ажилчид, төр, хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хувь хүмүүс хувьцааг нь эзэмшдэг компанийг Нийтийн өмчит компани гэж үздэг. Тиймээс төрийн өмчийн эрхзүйн шинэчлэлтэй холбоотой юуны өмнө Компанийн тухай хуульд Нийтийн өмчит компанийн тухай нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байна. Ингэж байж ТӨК-иудыг олон нийтийн болгох ажил бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй бол яг өнөөдөр ТӨК-ийн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргалаа гэхэд олон нийт хувьцааг нь авах уу. Муу менежменттэй, техник технологи нь хоцрогдсон, ашиггүй ажилладаг компаниудын хувьцаа борлогдоно гэдэг эргэлзээтэй. Түүний оронд хувийн хэвшлийн ашигтай ажиллаж байгаа, хувьцааны үнэ нь өсөх найдлагатай аль нэг компанийн хувьцааг авсан нь дээр гэдгийг захын хүн ойлгоно. Үүнээс гадна ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Яагаад?
-Аль ч компанийн хувьд ашигтай ажиллах хамгийн гол нөхцөл бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, туршлага, чин сэтгэл, хичээл зүтгэл байдаг. Иймд ажилчдаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллуулахын тулд компанийн хувьцааны тодорхой хэсгийг тэдэнд тарааж өгдөг. Энэ бол бусад улсад өргөн хэрэглэгддэг арга. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэхийг зохицуулсан хууль, дүрэм журам, хөтөлбөрүүд ч байдаг. Жишээ нь, тухайн компанийн нийт хувьцааны хэдэн хувийг ажилчдад эзэмшүүлэх, нэг ажилтанд доод тал нь хэд оногдох, сайн ажилтанд түүний ур чадвар, бүтээмж, компанид оруулж буй хувь нэмэр, зүтгэл  зэргээс нь хамаарч хэдийг нэмж олгох зэргийг ажил олгогч тогтоож хоорондоо гэрээ байгуулдаг. Ингэхээр ажилчид үндсэн цалингаасаа гадна ажиллаж буй компани нь хэдий чинээ ашигтай ажиллана төдий чинээ эзэмшиж буй хувьцаанаасаа ногдол ашиг авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ажилчид цалингаасаа гадна орлогын баталгаат эх үүсвэртэй болж, эргээд тэр хэмжээгээрээ компанийхаа төлөө илүү сайн ажилладаг. Харин тухайн ажилчин ямар нэг шалтгаанаар ажлаасаа гарах бол эзэмшиж байсан хувьцаагаа компанидаа эргүүлж зарах ёстой ба компани хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнээс тодорхой хувийн өндөр үнээр авах үүрэгтэйг дээрх гэрээнд тусгасан байдаг. Учир нь, ажилчдын эзэмшлийн хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж болдоггүй.
Ийм хөтөлбөр нь ТӨК-ийг нийтийн өмчит болгох, ил тод, тогтвортой, ашигтай ажиллуулах чухал хөшүүргүүдийн нэг юм. 

-Сэдвээ жаахан өөрчлөхөд уул уурхайн зарим ТӨК-тай холбоотой хэд хэдэн адар­маатай асуудал яригддаг. Тухайлбал, өнгөрсөн онд батлагдсан Засгийн газрын 100 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа явуулдаг зарим компанийн харъяаллыг ТӨХ-оос гаргаж Эрдэнэс МГЛ  ХХК-д шилжүүлсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?
-Энэ тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий гэж тодорхойлогдсон Эрдэнэт, Багануур, Шивээ овоо зэрэг уул уурхайн томоохон компаниудын төрийн мэдлийн хувь эзэмшлийг Эрдэнэс МГЛ ХХК-д шилжүүлсэн. Уг нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа “Төрийн ба орон нутгийн өмчийн” тухай хуулийн дагуу ТӨХ эдгээр компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын эдийн засгийн үр ашгийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ гэдэг нэртэй Засгийн газрын 100-дугаар тогтоол нь уг хууль болон олон улсын гэрээг зөрчсөн гэж бид үзэж байгаа. Үүнээс болж олон асуудал үүслээ. Тухайлбал, компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтой хөндөгдснөөс гадна төрөөс ТӨК-д тавих хяналт суларснаас олон зөрчил гарсан байдаг.

-ТӨК-иуд ашиггүй ажиллаж байгаа гол шалтгаан бол муу менежмент гэдгийг та дурдсан. Тэгвэл богино хугацаанд менеж­ментийг нь сайжруулах арга зам байна уу?
-Зах зээлийн эдийн засагтай орнуудад ТӨК-ийг яаж үр ашигтай ажиллуулах талаар олон сайн туршлага бий. Тухайлбал, Сингапурт Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэж байдаг. Энэхүү Засгийн газрын агентлаг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компанийг шинээр үүсгэн байгуулах асуудлыг хариуцдаг. Тэр дундаа улс орны хөгжлийн тэргүүлэх салбарт ТӨК байгуулах, тэдгээрийг томруулах, олон улсын зах зээлд гарахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ТӨК-ийг байгуулахдаа дээр ярьсан нийтийн өмчит компани хэлбэрээр байгуулж талуудын эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт голчлон анхаардаг. Төрийн өмчийн удирдлагын шинэчлэл хийж байгаа бидэнд ч гэсэн ийм байгууллага хэрэгтэй гэж бодож байна.

-УИХ-д өргөн баригдсан өөр нэг хууль болох Ирээдүйн баялгийн сангийн тухай хууль төрийн өмчийн шинэчлэлд ямар ач холбогдолтой вэ?
-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудын төрд ногдох хувиас олж байгаа ногдол ашгаар үр ашигтай менежмент хийдэг Сингапурын Темасек, Норвегийн  Баялгийн сан шиг санг даруй байгуулах ёстой. Ийм сан нь нийтийн өмчит компаниас төрд ногдох ашгийг хуримтлуулах, дахин хуваарилах замаар одоо болон ирээдүй хойч үеийнхэнд зориулж арвижуулах менежментийг хийдэг. Тухайлбал, Норвегийн баялгийн сан нь төрд ногдох ашгийн 80 хүртэлх хувиар олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа томоохон компаниудын хувьцаа болон найдвартай Засгийн газруудын бондыг худалдаж авдаг. Үлдэж байгаа 20 хувиар нь улс орны тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг төрөөс дэмжих ёстой гэж үзсэн дотоодын компаниуддаа хөрөнгө оруулалт хийдэг. Ингэхдээ тэдгээр компаниуд нь заавал нийтийн өмчийнх байж Ослогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Хэрвээ манайд баялгийн сан бий болчихвол гаднаас өр зээл тавилгүй дотоодын компаниудаа дэмжих боломж бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан