УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачлагаар Шинэчлэлийн Засгийн газраас Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжүүлсэн, Шинэ сумын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч 100 хувь ашиглалтад орсон сайхан мэдээг Ерөнхий гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Б.Гантулга нар дуулгалаа. Жил зургаан сар үргэлжилсэн уг бүтээн байгуулалтыг арваннэгдүгээр сард улсын комисс хүлээж авснаар ийнхүү бүрэн ашиглалтад ороод байгаа аж.
Төслийн хүрээнд нийт 11 обьект барьсан. 833 ам.метр талбай бүхий Нутгийн удирдлагын ордон, 2,914 ам.метр Спорт, соёлын төвийн цогцолбор барилгад Хоолны заал, Номын сан, Музей багтсан бол 3,653 ам.метр талбайтай 640 хүүхдийн дунд сургууль, 1,274 ам.метр талбайтай 150 хүүхдийн зургаан бүлэгтэй цэцэрлэг, 2,358 ам.метр 180 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, 902 мВт хүчин чадалтай халаалтын зуух, 1120 м урттай инженерийн шугам сүлжээ, хоногт 60 куб метр бохир ус цэвэрлэх байгууламж, 60 м гүний цэвэр усны худаг, 200 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, 3800 ам.метр явган хүний зам, гэрэлтүүлэг, 1000 м авто зам, авто зогсоол, тоглоомын талбай, үерийн усны далан зэрэг цогц бүтээн байгуулалт хөдөө суманд бий болсныг гүйцэтгэгчид онцоллоо.Туслан гүйцэтгэгчээр “Ти Ти Энд Би” ХХК ажилласан бөгөөд хот хөдөөгийн нийт 800 гаруй хүн уг төсөл дээр ажиллажээ. Энэ үеэр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөн, хүн бэртэж гэмтэх тохиолдол гараагүйг мөн онцлов. Улсын төсвөөс 2013 онд уг төсөлд 29 тэрбум 662 сая төгрөг батлагдсанаас 20 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн байна. 2014 онд улсын төвөөс ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд төслийн ажлыг дуусгахад шаардлагатай 31,4 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр болон “Их Модун” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэжээ. Тус компани Банк бус санхүүгийн байгууллагад долоон тэрбум 573 сая төгрөгийн өртэй. Энд өөрийн болон орон нутгийн ажилчны цалин, бараа материалын хөлс зэрэг зардлууд багтаж байгаа аж. Ийнхүү Олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн уг бүтээн байгуулалт бүрэн дууссанаар иргэд тав тухтай тохилог орчинд ажиллаж, амьдарч, сум дундын төвлөрсөн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах, сумаа зорин нүүдэллэх иргэдийн тоо нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүнг алслагдсан сумдад бий болгож байгаа юм. “Их Модун” ХХК-ийн удирдлагууд мэдээллийнхээ төгсгөлд, их бүтээн байгуулалтын хугацаанд бүх талаар дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат болон аймаг сумдын удирдлагууд, хамтарч ажилласан мэргэжлийн байгууллагуудад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжүүлсэн, ерөнхий гүйцэтгэгч “Их Модун” компанийн хамт олонд аймгийн шагнал гардуулав. Аймгийн ИТХ-ын “ХҮНДЭТ ЖУУХ”–аар менежер Я.Аваандорж болон ерөнхий инженер В.Энхбаярыг шагнасан бол аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг болон аймгийн Засаг даргын “Жуух бичиг” -ээр дэд захирал М.Гантулга, зөвлөх инженер А.Энхжаргал, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, мужаан О.Алтангэрэл нарыг шагналаа. Тус шагналыг аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр гардуулан өгөв.