Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Дагиймаа нарын 12 хүнийг хуурамч дүгнэлт үйлдэж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр шалган, хэргийг шүүхэд шийлжүүлсэн тухай Дүүргийн II прокурор Б.Баян-Очир өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тэрбээр “Мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын үед Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Дагиймаа, тус газрын шинжээч эмч нар зориудаар хуурамч дүгнэлт гаргадаг байж. Энэ хэргийг өмнө нь нэг удаа шүүхээр хянуулахад Г.Дагиймаа нарын оролцоо, үйлдэл тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингээд прокуророос хэргийг хянаад хөнгөн гэмтлийг хүнд, хүнд гэмтлийг хөнгөн гэх хуурамч дүгнэлт хэд, хэдэн удаа гаргаж байсныг тогтоолоо. Хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж байлаа.
Түүнчлэн биедээ 46 шарх сорви, зулгаралттай нас барсан эмэгтэйг хөнөөсөн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдож буй Г.Алтанхүүгийн талаарх мэдээллийг Дүүргийн II прокурор өгсөн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийхэд гадны нөлөөгүй нас барсан гэж байсан. Гэсэн ч прокурор дээрх дүгнэлтэд эргэлзсэн учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж, талийгаачийн амь насаа алдсан хэрэгт Г.Алтанхүү буруутай гэж үзсэн аж.