“IT” нэртэй салбар сүүлийн арав гаруй жилийн дотор хүн төрөлхтний амьдралыг танигдахгүй болтол өөрчилж чадлаа. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Билл Гейтс “IT” салбараас гарч ирсэн нь өөрчлөгдсөн эрчим, хурд, хүч ямар байгааг харуулах тод нотолгоо. “IT” салбарын хамрах хүрээ тэлэхийн хэрээр энэ салбараас шинээр олон тэрбумтан төрсөн. Марк Цукербергээс эхлээд Стив Жобс гээд тэдний нэрийг өнөөдөр дэлхий даяар андахгүй. Цаашид “IT” салбарын нөлөө улам бүр нэмэгдэж, ухаалаг технологи оролцоогүй салбар дэлхий дээр үлдэхгүй гэдгийг энэ салбарын тэрбумтнууд нэг бус удаа мэдэгдэж байсан. Тиймээс цаашид ч олон тэрбумтан, саятан төрөх биз.
Гэхдээ ямар ч салбарт өрсөлдөөн дундаас гарч ирнэ гэдэг амаргүй. Зарим нь, хууль бус зүйл хийж гараагаа эхлээд явцын дунд өөрийн гэсэн зүйл бүтээгээд хөлжсөн нь ч бий. “IT”-ийн салбар яг адил. Эндээс төрж гарсан цөөнгүй тэрбумтан “IT” ертөнцөд хакер хийж гараагаа эхэлж байжээ.
Билл Гейтс
Хөрөнгө: 76 тэрбум ам.доллар
Билл Гейтс сурагч байхдаа 1960-аад оны сүүлээр үйлдвэрлэгдсэн удаан, нүсэр, өндөр үнэтэй компьютер дээр түр зуур ч болов ажиллахын тулд бүх л чадвараа дайчилдаг байжээ. “Microsoft”-ыг үүсгэн байгуулж байсан Пол Аллен дурсамжиндаа Билл Гейтстэй хамт хийсэн нэгэн хакер дайралтын талаар бичсэн байдаг. Билл Гейтс нэгэн удаа “Computer Center Corporation” компанийн администратор ба хэрэглэгчдийн дансны талаарх мэдээлэл бүхий нууц файлыг тайлах түлхүүр үгийг олж авсан аж. Үүнийгээ ашиглан тэрээр компьютер дээр үнэгүй ажиллах эрх авах гэж оролдсон ч баригдаж “Computer Center Corporation”-аас хөөгдсөн байна.
Марк Цукерберг
Хөрөнгө:28,5 тэрбум ам.доллар
“Facebook”-ийн үндэслэгч Цукерберг өөрийн багийн ажиллах арга зарчмын талаар ярихдаа “The Hacker Way” буюу “Хакерын зам” гэсэн нэршил ашиглах дуртай. Хакерын зам гэдэг нь өндөр хуртайгаар урагшлан алдаагаа засах, эх загварын талаар эцэс төгсгөлгүй маргахын оронд аль болох богино хугацаанд эх загварыг бэлдэх. Үүнд муу зүйл байхгүй нь мэдээж. Гэвч оюутан үеийн Цукерберг “Хакерын зам” арай өөр байсан тухай мэдээ цөөнгүй. Жишээлэхэд, 2004 онд Харвардын оюутан байхдаа “ThaFacebook.com” дээрх мэдээллийн тусламжтайгаар орон нутгийн “Crimson” сонины хоёр сэтгүүлчийн и-мэйлийг хууль бусаар эвдэн орж байсан тухай “Business Insider” мэдээлсэн байдаг.
Пол Аллен
Хөрөнгө: 15,9 тэрбум ам.доллар
“Microsoft”-ыг үүсгэн байгуулагчид зорьсондоо хүрэхийн тулд нэлээд дүрсгүйтдэг хүмүүс байжээ. Пол Аллений бичиж байгаагаар Гейтс тэр хоёр нэгэн удаад хог ухаж байгаад 1960-аад оны сүүл үеийн үйлдлийн систем “TOPS-10”-ийн программын код хэвлэсэн цаас олсон байдаг. Хог дээрээс олсон эдгээр баримтыг харж байгаад Билл Гейтс нь үйлдлийн систем хэрхэн ажилладаг тухай анхны ойлголтоо авч байсан гэнэ.
Ян Кум
Хөрөнгө: 6,8 тэрбум ам.доллар
“WhatsApp” богино илгээмж солилцогч буюу манайхны ярьж сурснаар мессенжерийг үүсгэгчдийн нэг Ян Кум цагтаа хакерүүдийн “w00w00” домогт бүлэглэлийн гишүүн байж. Ян Кум энэ тухайгаа “Форбс” сэтгүүлд ярихдаа компаниудын сүлжээнд алсаас нэвтрэх боломжийг хайдаг байсан бөгөөд нэгэн удаад “Silicon Graphics” компанийн серверүүд рүү нэвтэрсэн гэсэн байдаг. Харин серверт нэвтрээд ямар мэдээлэл авсан, авсан мэдээллээ яаж ашигласан тухайгаа хэлээгүй. Үүнээс гадна системд алдаа байгаа эсэхийг шалган сканнер хийдэг “Nmap” програмыг бичихэд гар бие оролцсон гэдэг. Одоо энэ програмыг нь хакерүүд ч тэр, компьютерийн аюулгүй байдлын ажилтнууд ч тэр адилхан амжилттай ашигладаг.
Шон Паркер
Хөрөнгө: 6,3 тэрбум ам.доллар
Домогт “w00w00” бүлгийн гишүүн Шон Паркерийг 16 настайд нь сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэж баривчилж байжээ. “Vanity Fair” дээр бичсэнээр бол Паркерийн нэгэн компанийн дотоод сүлжээнд хууль бусаар нэвтэрсний дараа эцэг нь олж мэдээд компьютерийнх нь “гар”-ыг хураагаад авчихаж. Үүнээс болоод Шон хууль бусаар нэвтэрсэн ул мөрөө арилгаж амжаагүй тул баригдсан байна.
Жек Дорси
Хөрөнгө: 2,2 тэрбум ам.доллар
Жек Дорси коллежид суралцаж байхаасаа л газрын зураг зүйд их дуртай байсан бөгөөд сургуулиа дүүргэсний дараа энэ салбарт ажилладаг компанид орно гэж боддог байв. Гэтэл түүний ажилд орно гэж найдаж байсан “Dispatch Management Services” компанийн вэб хуудсан дээр холбоо барих ямар ч мэдээ байхгүй байгааг хараад ихэд бухимдаж. Тэгээд сайтыг нь эвдлээд дараа нь ямар сул тал байгаа тухай ажилтнуудад нь захидал бичижээ. Үүний дараа тус компани Жекийг ажилд авчээ.
Дрю Хьюстон
Хөрөнгө: 1,2 тэрбум ам.доллар
“Dropbox”-ыг үүсгэн байгуулагч Дрю нь онлайн тоглоомны бета хувилбарын аюулгүй байдалтай холбоотой сул талыг илрүүлж ажлын гараагаа эхэлжээ. Сул талыг амжилттай илрүүлсэн тул тоглоомыг зохиогч компани нь хакер залууг шүүхдэх гэсэнгүй ажилд авсан байдаг.
Стив Жобс
Хөрөнгө: $14 тэрбум ам.доллар
“Apple” компанийг үүсгэн байгуулагч домогт Стив Жобс утасны кодыг зайнаас эвдэн нэвтэрч үнэгүй ярих боломж олгодог “Blue Boxes” нэртэй төхөөрөмж зарж “IT” салбарт ажиллах гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр өөрийн намтарч Уолтер Айзексонд энэ талаар ярихдаа “Хэрэв “Blue Boxes” байхгүй байсан бол “Apple” ч байхгүй” гэсэн байдаг.