Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Энэхүү чуулга уулзалт нь манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой аж. Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийн хүрээнд салбарын ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн худалдааг өнөөдөр, маргааш Монголын уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уг үзэсгэлэнг эрдэмтдийн гаргасан бүтээлийн дээжис болон эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачдын бүтээлийн үр дүн гэсэн хоёр ангилалтай зохион байгуулна. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний нийт 70 гаруй байгууллага оролцож байна.
-Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан баярын хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэлсэн үг-
Хүндэт эрдэмтэн судлаачид, зочидоо!
Эрхэмсэг хатагтай, ноёдоо!
Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон та нараар уламжлан нийт эрдэмтэд, шинжлэх ухааны салбарын ажилтан нарт Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе.
Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Та бидний дундаас нэрт эрдэмтэн, академич Хавтгайн Намсрай гуай төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор анхлан шагнагдлаа. Энэ бол манай эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг төр, засгаас өндрөөр үнэлж буй эрхэм хүндлэл, үүрүүлж буй өндөр хариуцлага. Академич Х.Намсрай танд шинжлэх ухааны салбарын хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Энэ онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлох, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах, судалгаа, боловсруулалтын ажил гүйцэтгэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинжлэх ухааны гадаад харилцааг өргөтгөх, залуу судлаачдад дэмжлэг үзүүлэх талаар олон арга хэмжээг хэрэгжүүллээ.
Тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлогч гол баримт бичиг болох “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын шинэчилсэн найруулгыг Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Бодлогын төсөлд “Монгол Улсын хөгжлийн нэг үндэс нь шинжлэх ухаан, технологийн бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах явдал бөгөөд Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтох нөхцөлийг бий болгохын тулд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэх, түүнийг хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарах”-аар тусгаж өгсөн.
Шинжлэх ухаан, технологийг 2024 он хүртэл хөгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү бодлогын зорилго нь шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрийн бодлого, зохицуулалтаар тасралтгүй дэмжих, тэргүүлэх чиглэлд хөрөнгө хүч, оюуны нөөцийг төвлөрүүлэх, үндэсний чадамжийг оновчтой ашиглах, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ түүний ач холбогдол, эцсийн үр дүн, өгөөжийг гол шалгуур болгох зарчмыг баримтлана.
Судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэхэд олон улсын шинжлэх ухааны түвшинд хүрсэн, нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан байхыг шаардахын зэрэгцээ эрдмийн эрх чөлөөг хүндэтгэж үзнэ.
Бодлогын баримт бичгийн шинэчилсэн найруулгын төсөлд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх зорилтууд, түүнд хүрэх арга замыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр 2024 гэхэд тус салбарын санхүүжилт ДНБ-ий хоёр хувьд хүрч, эдийн засагт оруулах хувь нэмэр гурав дахин нэмэгдэж, эрдэм шинжилгээний ажилтны тоо гурав дахин өссөн байна.
Өнгөрсөн жилийн шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээнд оролцож, тус салбарын өмнө тулгамдаад байгаа бодлогын чанартай зарим асуудлуудыг хөндөн ярьж, хэрхэн шийдвэрлэх арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа биз. Асуудлыг дэвшүүлэн ярих нэг хэрэг, харин түүнийг ажил хэрэг болгох нь хамгаас чухал билээ.
Тус хурал дээр яригдсан ихэнх асуудал төрийн бодлого, зорилт болж, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсаныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Судалгаа боловсруулалтын ажил хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажлын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, төслийн сонгон шалгаруулалт, санхүүжилтийн механизмыг олон улсын жишигт ойртуулах зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ журмаар судлаачид шинжлэх ухаан, технологийн төслийн саналаа БШУЯ-нд цахим хэлбэрээр шууд мэдээлдэг журамд шилжиж, төсөл хэрэгжүүлэх шат дамжлагыг цөөлж байгаагаараа ач холбогдолтой. Захиалагч-төрийн захиргааны байгууллага нь бусдын бичсэн төслийг дамжуулах бус өөрийн салбарт тулгамдсан шийдвэрлэбэл зохих асуудлаа дэвшүүлэн ирүүлдэг журамтай болж байна.
Шинжлэх ухааны парк байгуулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлэн болголоо.Эдгээр хууль, журмын төсөл батлагдсанаар өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэд бүтэц, лабораторын орчинг сайжруулах, шинээр байгуулах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрдэм шинжилгээний байгууллагуудад 1.8 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Цөм лаборатор байгуулахад 5 тэрбум 382 сая, Монгол Улсын их сургуульд 511 сая, Хөдөө аж ахуйн их сургуульд 703 сая, Монгол Улсын боловсролын их сургуульд 1.8 тэрбум, Соёл урлагийн их сургуульд 704 сая, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 878 сая төгрөг, нийтдээ 10 тэрбум 178 сая төгрөгийг шинээр лаборатор байгуулах, шинэчлэн тоноглоход зарцууллаа. Дэлхийн нэр хүндтэй судалгааны мэдээллийн сан болох Томсон Ройтерсийн мэдлэгийн цахим хуудсыг судлаачдад нээлттэй ашиглуулахад зориулан 100 сая төгрөгийн төсөв баталж өглөө. Эдгээр арга хэмжээ нь манай эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн түвшинд хүргэх, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрдэм шинжилгээний байгууллагуудад арилжааны данс олгох, олсон төсвийн бус хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болгох талаар санал боловсруулан Сангийн сайдад хүргүүлээд байна. Төсвийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудал боловч өнөө хэр асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Энэ талаар цаашид анхаарч ажиллах болно.
Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн оюуны өмчийг эзэмшүүлэх, өмчлүүлэх журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Энэ журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачид төслийн үр дүнд бий болсон аж үйлдвэрийн оюуны өмчид хамаарах эрхийг эзэмших, ашиглах замаар биет бус хөрөнгөтэй болох, ашиг орлого хүртэх боломжтой болно.
Шинжлэх ухааны секторын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэхэд онцлон анхаарч ирлээ. Монголын залуу судлаачдын “Хүрэл тогтоот” эрдэм шинжилгээний цуврал семинарыг зохион байгуулж, 10 залуу судлаачид нийт 40.0 сая төгрөгийн судалгааны грантын дэмжлэг үзүүллээ. Мөн залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор 10 залуу докторт инновацийн судалгааны тэтгэлэг болгож тус бүр 10 сая төгрөг олголоо.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг үе шаттайгаар тогтвортой нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар шинэ бодлогын төсөлд тодорхой зорилтыг тусгаж өгсөн. Улс орны эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн энэ үед санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжгүй байна. Бид шинжлэх ухааны хөгжлийн хүрсэн түвшинг хадгалах, оюуны болон материаллаг нөөцөө бэхжүүлэх, байгаа нөөцийн хэмжээнд үр ашигтай үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллах зорилт тулгарч байгааг хэлэх нь зүйтэй.
Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх бодлого баримтална. Эрдэмтэн, судлаачдын бүтээлч ажиллагааг дэмжиж, амьдрах, ажиллах аятай нөхцөлийг хангахын төлөө ажиллана. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны паркийг байгуулах, инновацийн дэд бүтэц, гарааны компани байгуулах асуудалд онцгой анхаарна. Энэ асуудлыг судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой нягт холбон авч үзэх ёстой.
Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжиж, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.
Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд анхаарлаа хандуулж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үүрэг бөгөөд нийгмийн захиалга гэдгийг санах хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэх шинэ журмаар төслийн зардлын бүрдэлд үр дүнгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэвлэн нийтлэх зардлыг оруулан тусгаж өгснийг судлаачид үр дүнтэй ашиглах хэрэгтэй.Манай яам шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөнажиллаж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарынхны өмнө тулгарч буй дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манай эрдэмтэн, судлаачид Та бүгдийн мэдлэг чадвар, идэвхтэй оролцоо, бүтээлч үйл ажиллагаа, манлайлал шийдвэрлэх ач холбогдолтой болохыг онцолж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилтан, эрдэмтэн, судлаачид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, бүтээл туурвилын арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Номын хур бууж, эрдмийн далай бялхаж байх болтугай.+
-“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Б. ЭНХТҮВШИНГИЙН ХЭЛСЭН ҮГ-
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа!
Бизнес, төр иргэний нийгмийн төлөөлөгчид өө!
Хүндэт зочид, хадагтай, ноёд оо!
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн нэрийн өмнөөс болон хувиасаа манай улсад 13 дахь удаагаа тэмдэглэж буй Шинжлэх ухааны ажилтны өдрийн чин сэтгэлийн халуун мэндийг хүргэн, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Мөн энэхүү өдрийн мэндийг шинжлэх ухааны хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж байгаа байгууллага, хүн бүрт хүргэе.
XXI зууны шинжлэх ухаан, технологийн бодлогод бүтээн туурвих эрх чөлөө, ёс зүй, залгамж чанар уламжлагдахын зэрэгцээ шинжлэх ухаан нарийсахын хэрээр интеграцчлагдах болж судалгаа боловсруулалтын үр дүнг арилжааны хэлбэрт шилжүүлэн баялаг бүтээх, мэдлэг оюун, шинжлэх ухааны ололтыг өргөн олон нийтэд хүргэж, шинжлэх ухааныг түгээмэлжүүлэх, шинжлэх ухаанлаг боловсролыг төлөвшүүлэх зэрэг шинэ шинэ зорилтууд гарч ирсээр байгаа билээ.
Түүнчлэн шинжлэх ухаан-бизнесийн уялдаа холбоог сайжруулах, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоог хангах, дэвшилтэт технологи, инновацийг бизнесийн салбарт эрчимжүүлэх шаардлага бидэнд тулгараад байна.
Эдгээрийг цогцоор нь хөгжүүлэх нэг гарц бол “Өндөр технологи“ гэдэг дээр дэлхийн олон орны удирдагчид, улстөрчид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, бизнесийнхэн санал нэгтэй байгааг та бүхэн мэднэ.
Улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн идэвхжилээс шууд хамаарч байна.
Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 148 орноос 107-д, инновацийн түвшингээр 109 дүгээр байранд тус тус жагссан байна.
Монголын эдийн засагт технологижсон, оюуны үйлдвэрлэл 17 орчим хувь байхад экспортод нам технологитой бүтээгдэхүүн 16 хувийг, түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 83 хувийг эзэлж байна.
Энэ бол шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нэвтрүүлж, инновацийн үйл явцыг өргөтгөх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Төр засгаас энэ байдлыг үндэслэн шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр баталж, шинжлэх ухаан технологийн тухай хуулиа шинэчлэн, инновацийн тухай хууль шинээр баталсан билээ.
Ололт амжилт байгаа боловч бэрхшээл дутагдал их байна.
Юуны өмнө бодлогын түвшинд шинжлэх ухаан технологийн болон аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын уялдаа сул байна. Үүнээс үүдээд инновацийн үйл ажиллагаанд үйлдвэрлэл бизнесийн оролцоо хангалтгүй байгаа юм.
НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн зүгээс төр шинжлэх ухаан, аж үйлдвэр, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог оновчтой болгох үндэсний инновацийн тогтолцоон дахь төрийн дэмжлэг, бодлогын хөтөч чадварыг дээшлүүлэх, зах зээлийн мэдрэмж, бизнесийн оролцоог эрчимжүүлэх, олон нийтийн өргөн оролцоог хангах чиг хандлагыг тодорхойлсон билээ.
Эдгээр чиг хандлагыг өөрийн оронд хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг Монголынхоо бодит хөрсөн дээр буулгаж, шүүн ярилцаж хамтын оюунаар тунгаах нь энэхүү чуулга уулзалтын гол зорилго гэж ойлгож байна.
ШУА-ийн тухайд 2013 онд эрдэм шинжилгээний зардалд улсын төсвөөс 1 тэрбум 400 сая төгрөгийн санхүүжилт авч судалгаа шинжилгээний ажилд орон нутаг, бизнесийн байгууллага, гадаад хамтран ажиллагч түншүүдийн оролцоог хангах замаар 3 тэрбум 300 сая төгрөгний менежментийн орлогыг бүрдүүлсэн юм. Хэдийгээр инновацийн зорилтот төсөл олноор авч чадахгүй байгаа боловч ШУА-ийн хэмжээнд хийгдэж буй судалгааны ажлын 90 орчим хувийг улс, нийгмийн шаардлага ба хэрэгцээнд нийцсэн судалгаанууд эзэлж, 10 орчим хувьнь танин мэдэхүй болон шинжлэх ухааны хөгжилд нэмэр болж буй судалгаа байгаа юм.
Монгол бахархлын өдрөөр төрийн дээд шагнал Чингис одонгоор шагнуулсан академич Х.Намсрайн бүтээлүүд онолын физикийг хөгжүүлээд зогсохгүй, хэрэглээний ач холбогдолтой юм. Түүний олж нээсэн физик математикийн нийлмэл томъёог өнөөдөр олон орны эрдэмтэн, судлаачид, оюутан сурагчид Пифагорын теорем адил ашиглаж байна.
ШУА 2014 онд оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт дэвшүүлсэн юм. Олон жилийн судалгааны үр дүнд боловсруулагдсан 102 патент, бидэнд байгаа, түүнийг эргэлтэд оруулах шинжлэх ухаан, үйлдвэр, бизнесийн баг байгуулж ажиллаж байна.
Технологийн инкубаторт гадаадын EM технологийг нутагшуулж, кальцжуулсан давс, уургийн бэлдмэл, чацаргана, гүүний саам хуурайшуулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.
Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах технологийг хувийн сектор авч Бор-Өндөрт үйлдвэрт нэвтрүүлсэн бол утаагүй түлшний үйлдвэрийг Чойрт хувийн сектортой хамтран байгуулав. Талимоны тосон түрхлэгийг үйлдвэрлэх цех байгуулав. Төв аймгийн Заамар суманд хувийн сектортой хамтарч сульфит натрийн үйлдвэр байгууллаа.
Жилд 10,0 мянган каракуль үүлдрийн хурганы арьс үйлдвэрлэх зориулалт бүхий “Сүмбэр” омгийг өсгөн үржүүлж ферм байгуулав.
ДЦС-ын хаягдал үнсэнд суурилсан барилгын материал үйлдвэрлэх технологи, байгалийн гаралтай уурагт витамины нэмэлт тэжээл үйлдвэрлэх технологи, хаягдал шилийг дахин ашиглаж шил шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, гудамж, замын гэрэлтүүлгийн автоматжуулсан систем, кавитацийн онол, технологи дээр үндэслэсэн халаах төхөөрөмж гэхчилэн үйлдвэр бизнесийнхэнд санал болгох патент цөөнгүй бий.
Оюуны бүтээлийг эдийн засгийнэр гэлтэнд оруулах нэг гол хэлбэр бол судалгааны үр дүнг шийдвэр гаргах, бодлого боловсруулах үйл ажиллагаанд үр ашигтай, тогтвортой нэвтрүүлж байх явдал бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдээс сүүлийн дөрвөн жилд байгалийн ухаан, техник технологи, нийгмийн ухааны чиглэлээр нийт 199 нэгж судалгаа явуулж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд чиглэгдсэн 180 гаруй үр дүнг холбогдох газруудад зөвлөмжийн болон бусад хэлбэрээр хүргүүлсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын НББШУБ-ын Хорооноос шинжлэх ухааны салбарыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан билээ. Энэ тогтоолд:
Шинжлэх ухаанд зарцуулах зардлын хэмжээг хөгжиж буй орнуудын жишигт хүргэж тогтоох, хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 5 хувьд хүргэх, ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, орлогын олон эх үүсвэртэй болгох зэрэг заалтууд орсон.
Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй ШУТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд ч зарим чухал санаа байгаа.
Оролцоог хангах нь шинжлэх ухааны өгөөж дээшлэж, санхүүжилтийн олон эх үүсвэртэй болж, инновацийн дэд бүтэц оновчтой бүрдэхэд онцгой ач холбогдолтой билээ. Тийм учраас ирэх хоёр өдөрт хэлэлцэх асуудал цаг үеийн шаардлагад бүрнээ нийцнэ гэж бодож байна.