Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Төв аймгийн хувьд угтах хаалганаасаа эхлээд л бүтээн байгуулалт өрнүүлж өнгө засчээ. Тус аймаг нь хоттой хаяа залгаа оршдог ч хөгжил муутай, иргэдийнх нь амьжиргаа дорой тийм л гундуухан төрхтэйгээр өмнө нь биднийг угтдаг байсан. Харин энэ удаад өөр орчин угтлаа. Төв аймаг нь өнгөрсөн онд шилдэг аймгаар шалгарсан.
Иймдээ ч жишиг аймаг болж бусад аймаг болон олон улсын төсөл хөтөлбөрийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлж байгаа талаар холбогдох албаныханд танилцуулсан юм. Бидний сурвалжлах баг эхлээд тус аймагт хэрэгжиж буй “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилгын ажилтай танилцсан юм. 96 айлын орон сууц, гурван давхар үйлчилгээний барилга бүхий цогцолборыг “Бүтэ” ХХК хариуцаж ажиллаж байна. Тус компани орон сууцныхаа ам.метрийг 1,3 сая төгрөгөөр борлуулж байгаа гэсэн. Өнгө үзэмж чанарын хувьд нийслэлд баригдаж байгаа өндөр үнэтэй орон сууцны барилгаас ялгагдах зүйлгүй сайхан барилга сүндэрлэжээ. Хотын хөгжлийг хөдөөд хүргэж буй тус бүтээн байгуулалтын ажилд нь аймгийн туршлагаас хуваалцахаар Өвөрхангай, Хэнтий, Орхон, Дундговь аймгийн Засаг дарга нар болон Азийн хөгжлийн банк, КОЙКА-гийн төлөөлөгч нар баяр хүргэж амжилт хүссэн. Үүний дараа 13 га газрыг чөлөөлж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулсан “Баянхошуу ахуйн үйлчилгээний төв”-ийг зорьсон юм. Тус төвийг байгуулснаар 40-өөс дээш насны 12 хүнийг байнгын ажлын байраар хангажээ. Үйлчин бүсгүйчүүд хөнжил, гудас, дэрний уут зэргийг оёж байнгын ажилтай орлоготой болж. Түүнчлэн 100 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Орон нутагт бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг байгуулахад халаалт, цэвэр бохир ус хүнд асуудал болдог. Тэгвэл тус ахуйн үйлчилгээний газар халаалтаа цахилгаанаар шийдэж, цэвэр усны худаг ухаж халуун усаа халаадаг байна. Үүгээр ч зогсохгүй иргэд өөртөө үйлчлэх угаалгын газар байгуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Д.Баярбат хэлж байлаа. Мөн авто засварын газар ч баригдах аж.
Монголд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд ийнхүү монголын ард иргэдэд үр шимээ өгч, амьдралд нь дэм болж байгаад БНСУ-ын иргэд талархалтай байгаа гэдгийг КОЙКА-гийн төлөөлөгч хэлж байсан. Төв аймгийнхан бусдын гарыг харж зөвхөн гадаадын зээл тусламж хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх гэсэнгүй. Учир нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн мөнгөөр болон ССАЖЯ-наас 350 сая төгрөг авч соёл спортын “Солонго” цогцолборыг байгуулжээ. Тус цогцолборт хүүхдийн тоглоомын өрөө, худалдаа үйлчилгээний төв, жижиг хэмжээний хөл бөмбөгийн талбай гээд хүүхэд багачууд, залуучууд чөлөөт цагаа хэрхэн тав тухтай өнгөрөөж болохоор бүхий л орчинг бүрдүүлж өгчээ. Ийнхүү бусад аймгууд санаа авч болохоор олон зүйл харагдсан. Жишээ нь, аймгийн төвийнхөө гудамж бүрийг хамтран ажилладаг түнш хотын нэрээр нэрлэж, хотынхонтойгоо хамтран ажилладаг байна. Гадаадын зээл тусламж төсөл хөтөлбөрүүд хумигдаж байгаа энэ үед ийнхүү хийсэн ажил бүтээсэн хөдөлмөрөө холбогдох албаны хүмүүст бодитоор үзүүлсэн нь нүдээ олсон хэрэг байлаа.
Гадаадын зээл тусламжуудын хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар өмнө нь орон нутгийнхан цаасан дээр л бичсэн тоо судалгаа харуулдаг байсан бол энэ удаад бодитоор үзүүлсэн нь нэлээд өндөр үнэлгээ авч байгаа харагдсан.

-Орон сууцны барилгын ажлын явц хэр байгаа вэ. Эхний ээлж хэзээ ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бэ?
-Аймгаас газрыг нь шийдэж өгөөд бид өөрсдийн хөрөнгөөр уг барилгыг барьж байна. “1000 айлын орон сууц” төсөлд хамрагдсан. 96 айлын орон сууц, гурван давхар үйлчилгээний төвтэй хамт барьж байна. Хоёрдугаар ээлжийн барилгын зоорийн давхрын ажил дууссан. Хүйтэрснээс болоод ажил зогсоод байна. Харин гуравдугаар ээлжийн барилгын ажлын зураг бэлэн болсон. Ирэх жил гуравдугаар сард ашиглалтад орно.
-Орон нутагт халаалт, дулааны асуудал хүнд байдаг. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай урд талд дулааны узель баригдаж байгаа. Дулааны узель ашиглалтад орвол сарын дотор бид ашиглалтад хүлээлгэж өгнө. Барилгын ажлын явц 95 хувьтай байгаа. Цаашдаа Хөшигтийн хөндийн дулааны станц баригдахаар тэндээс дулаанаа хангахаар төлөвлөсөн.
-Аймгаас авч байгаа барилгын материал юу байна. Хотоос бүгдийг нь зөөж байна уу?
-Бетон болон хуванцар эдлэлийн үйлдвэр аймагт баригдаж байгаа. Үйлдвэр ашиглалтад орвол барилгын бүх хуванцрыг эндээсээ хангана гэсэн үг. Ингээд ирэхээр гадагшаа гарах хөрөнгө эндээ үлдэнэ. Харин зарим материалыг яалт ч үгүй гаднаас авч байгаа.