Гараа бас хумсаа та зөв арчилдаг уу
Байгаль цаг уурын эрс тэс нөлөө, бидний биед амин дэм дутагдсан зэргээс шалтгаалж гарны арьс өнгөгүй, хуурай, хумс хугарамтгай болдог. Үүний эсрэг тэмцэхийн тулд өндөр зэрэглэлийн гоо сайхны салоноор үйлчлүүлж болно. Эсвэл гэрийн нөхцөлд өөрөө арчил. Дээрх хоёр сонголтын сүүлчийнхийг нь танд бид зөвлөж байна. Юуны түрүүнд дадсан зуршлаасаа бид салах хэрэгтэй: нэгдүгээрт, гараа угаагаад нойтон чигээр нь орхидгоо болих – угаангуутаа алчуураар арчиж хатаагаад тос түрхэх. Хоёрдугаарт, гараа бүлээн усаар, хүүхдийн зөөлөн савангаар савандаж угаах. Гуравдугаарт, долоо хоногт 1-2 удаа тэжээлийн тосоор гартаа иллэг хийх ёстой. Унтахын өмнө иллэг хийвэл илүү зохимжтой байдаг. Цаг агаарын дулаарал, идэвхитэй хөдөлгөөн, мөн жирэмслэлтээс шалтгаалан хумс маш хурдан ургадаг бөгөөд солгой хүний зүүн гарын, харин зөв гартай хүний баруун гарын дунд хурууны хумс илүү хурдан ургадаг байна. Хэт халуун нар, мөн хэт хүйтэн жаварт хумс хугарамтгай болж, савангаар байнга угаавал хумс зөөлөрдөг ажээ.
Одоо бидний хумсыг улам сайхан болгодог маникюрын тухай ярья. Тэр бол хувцастай нэгэн адил моод дагаж өнгө, хэлбэр загвар нь өөрчлөгдөж байдаг юм. Урьд нь урт хумсыг бараан тод өнгөөр, богино хумсыг цайвар бүдэг өнгөөр буддаг жишигтэй байсан бол энэ жилийн хувьд спорт стилийн хувцас сонирхдог бүсгүйчүүд жирийн хэлбэр бүхий богино хумстай байх ёстой гэнэ. Харин гоёмсог тансаг хувцсанд дуртай бүсгүйчүүд шовх үзүүртэй хумсаа алтлаг шаргал өнгөөр будах хэрэгтэй боллоо.
Хумсны толио бол уураг, тос, чийг болон кератины зузаан давхаргын нэгдэл юм. Хумс чийгээ алдсанаар амархан хугарч гэмтдэг. Сав суулга, хувцас хунар, шал угаахад хэрэглэдэг бүх төрлийн угаалгын бодисууд хумс хуурайшуулж гэмтээх химийн найрлагатай байна. Иймээс гэрээ цэвэрлэхдээ бээлий өмсөхөө битгий мартаарай. Одоо маникюрын тухай. Эхлээд хуурайдаж янзалсан хумсаа бүлээсгэсэн ургамлын тосонд, эсвэл савантай бүлээн усанд 5-10 минут дүрнэ. Хумсаа хуурайдахдаа гадна талаас үзүүр лүү нэг тийш нь чиглүүлж хуурайдах хэрэгтэй. Ширүүн дориун, хоёр тийш нь үрэх биш нэг тийшээ аажуухан хуурайд. Энэ нь тийм ч их цаг авахгүй.
Хумс будах нь нэг төрлийн урлаг
Хумсаа будахдаа юуны өмнө хуурай байлгах хэрэгтэй. Будгаа аль болох удаан тогтоохын тулд эхлээд өнгөгүй лакаар 1 удаа, дараа нь хүссэн өнгөөрөө 2 удаа давхарлаж будаад ахин өнгөгүй будгаар будна.
Хумсаа тод өнгөөр будахдаа доор нь сүүн цагаан өнгөтэй будгаар суурь тавибал илүү гүн, хурц өнгө гардаг. Хэрэв уруулын будаг, даашинзныхаа өнгөнд ямар өнгийн лак тохируулж сонгохоо мэдэхгүй байгаа бол биений өнгөтэй будгаар будаарай. Учир нь бүх төрлийн гоёл, бүх өнгөтэй зохицдог энэ шаргал өнгө бол уруулын будагтай зохицох албагүй цорын ганц өвөрмөц өнгө юм.
Энэ бүх дүрэм журмыг тоолгүй өөрийнхөөрөө этгээд чамин байхыг хүсвэл уран сэтгэмжээ ашигла. Хумсан дээрээ зураг зуруулж, гоёмсог наалт, гялгар од хэрэглэвэл та тун ч чамин харагдана. Мөн эрхий хуруунаас чигчий хуруу хүртэл хумсаа тодоос бүдэг өнгө рүү уусгаж будаж болно. Өөрөөр хэлвэл 5 хурууны хумс ууссан өөр өнгөтэй байна гэсэн үг. Ингэхийн тулд эрхий хурууны хумсыг будсан өнгөн дээр бага зэрэг цагаан өнгө нэмж долоовор хурууны хумсыг будна. Цаашид цагаан өнгөө бага багаар нэмнэ. Хоёр будгийг жигд холихын тулд цагаан цаасан дээр дусаан хутгаж болдог.
Хумсны элдэв гоёл таныг этгээд харагдахад тусална. Олон удаа хэрэглэдэг наалтууд, хумсны бөгж хүртэл бий. Харин бөгж зүүхдээ гоо сайхны салонд очиж, хумсаа болгоомжтой цоолуулах хэрэгтэй. Зүүн гарын чигчий хуруу ажил хийхэд хамгийн бага оролцдог тул энэ хумсандаа бөгж зүүвэл тохиромжтой.
Хумсаа хурдан ургуулах арга
Орчин цагийн хүний гарын хумс 70 жилийн өмнөхтэй харьцуулвал 25 хувиар хурдан ургах болсныг эрдэмтэд тогтоожээ. Хумсны ургалтыг улам түргэсгэх арга бас бий. Орчин үед хүний хумс нэг сарын дотор 3,47 мм ургаж байгаа бол 30-аад онд энэ үзүүлэлт хоёр мм байсан гэнэ. Гарын хумс хөлийнхөөс хоёр дахин хурдан ургадаг гэнэ.
Зуны цагт хумс хурдан ургадаг. Ер нь хумсны ургалтад юу нөлөөлдөг вэ? Хүний хэрэглэж байгаа хүнс тэжээл хумсанд нөлөөлдгийг бид мэднэ. Хумсаа түргэн ургуулъя гэвэл Д амин дэм, кальци, омега-3, цинкээр баялаг хоол идэх хэрэгтэй. Харин зарим хүчин зүйлс хумсны ургалтыг удаашруулдаг бөгөөд энэ нь юуны түрүүнд тамхи, бохир экологи юм.
Манчестерийн судлаачид нилээд хэдэн сарын туршид судалгаа явуулсны үр дүнд хүний хумсны эрүүл мэнд, ургалтад гадаад орчин, цаг агаар хамгаас илүү нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Чийглэг орчинд хүний хумс эрүүл байж хурдан ургадаг бөгөөд Ихбританчуудын сайхан хумсны нууц нь чухам энэ ажээ. Гэвч хэт чийгтэй нөхцөлд хумсны хэлбэр эвдэрдэг бол хуурай уур амьсгалтай бүсэд хүний хумс хугарамтгай, хэврэг байдаг. Агаарын чийгшил таван хувьтай байвал хамгийн сайхан хумстай байх нөхцөл бүрдэх юм байна.
Хиймэл хумс үзэсгэлэнтэй, гэвч аюултай !
Хиймэл хумсыг байнга арчилж тордох шаардлагагүй, компьютер дээр чөлөөтэй ажиллаж, юм угааж, хоол хийхэд саад болохгүй бөгөөд төрөлх хумснаас 50 дахин илүү бөх байдаг. Гэвч хиймэл хумс эрүүл мэндэд хортой юу? Төрөлх хумсыг гэмтээдэг үү?
Хиймэл хумс хийлгэх бол гурван төрлийн хумсны аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Акрил, гелен, торгон хумс нь өөрийн гэсэн сайн, муу талтай.
Акрил хумсыг хийлгэхэд шүдний эмчилгээний бодис хэрэглэдэг тул нилээд эвгүй үнэртэй байдаг. Харин гелен хумс тунгалаг, ягаан өнгөтэй, хүний хумс шиг харагддаг ч өндөр үнэтэй. Хамгийн хямд, эвтэйхэн нь торгон хумс. Нугардаг, нимгэн энэ хумс яг л төрөлх хумс шиг өнгөтэй, будах ч шаардлагагүй. Мөн торгон хумс хийлгэхэд хүний хумсны толиог үрж гэмтээхгүй. Энэ бол маш сайн тал юм. Учир нь торгон хумсаа хуулж авсны дараа өөрийн хумс гялгар хэвээр үлддэг. Гэвч энэ нь эрүүл байна гэсэн үг бас биш.
Хиймэл хумснууд хүний төрөлх хумсыг гэмтээж, аажмаар үхүүлж байдаг ажээ. Гадаргууг нь хуурайдаж үрсэн хумсыг типс, гелиэр битүү бүрж хиймэл хумс хийдэг. Хумсанд ямар ч агаар нэвтрэхгүй. Ийм битүүмжилсэн үхмэл байдалд хүний хумс сар гаруй хугацаагаар дарагдах болно.
Хиймэл хумс дунджаар 1,5-2 сарын настай. Харин гэнэт хуулраад унавал айж сандрах хэрэггүй гэнэ. Гэрийн нөхцөлд ахуйн цавуугаар буцааж нааж хэрхэвч болохгүй. Үгүй бол таны төрөлх хумс бүр мөсөн гэмтэнэ. Гоо сайханч дээр очиж тусгай цавуугаар наалгаарай. Хиймэл хумсаа унагахгүйн тулд гараа элдэв зүйлд цохихгүй, хумсаараа ширээ тогшихгүй байх хэрэгтэй. 3-4 хоногт нэг удаа будаж байхад тохирно. Ойр ойрхон будах гэсний хэрэггүй. Мөн ацетонгүй арилгагчаар будгаа арчиж авна.
Харин хиймэл хумсаа авсны дараа өөрийн хумсаа эмчлэх шаардлагатай. Энэ бол маш чухал. Гэмтсэн хумсны толионд тусгай эмчилгээний гель нааж бэхжүүлнэ. Мөн эрдэстэй тос түрхэж ус үл нэвтрэх давхарга үүсгэн хумсаа хамгаалаарай. Дараачийн хиймэл хумсаа наахын тулд төрөлх хумсаа эмчилж бэлдэх хэрэгтэй.
Түүнчлэн хиймэл хумс хийхэд ашигладаг метакрилат нь хумс хийлгэж байгаа хүнд төдийгүй хийж үйлчилж байгаа гоо сайханчид ч хүнд хэлбэрийн харшил өгдөг байна. Уг химийн бодисыг АНУ-д ашиглахыг хориглодог. Medicus сэтгүүлийн мэдээлснээр хумсны эргэн тойрны арьсны идээт үрэвсэл, хумс хуулрах өвчин зэрэг өвчлөлүүд метакрилат бодисоос үүдэлтэй нь тогтоогдсон байна. Мэдээж эдгээр өвчлөл, хүндрэлүүд нь хэт олон удаа хиймэл хумс хийлгэх, завсарлаж эмчлэхгүйгээр шууд үргэлжлүүлэн хийх тохиолдолд гардаг гэнэ.