Тэр бол бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлдэг эмэгтэй. Женнифер Лопезоос эхлээд Челси Клинтон гээд алдартнуудын хуримын даашинзыг урлаж байсан. Холливудын одод, баян чинээлэг хүмүүсийн тансаг хуримын даашинзыг гардан урладаг тэрээр жирийн эмэгтэйчүүдэд ч амьдралынхаа дахин давтагдашгүй хуримын өдөр мөрөөдлийн даашинзаа өмсөх боломж олгодог учраас түүний нэр өнөө үеийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн дунд бичигддэг болжээ. Тиймээ тэр бол Вера Ванг. Өдгөө 65-тай ч наснаасаа хэд дахин залуу харагддаг, өргөж авсан хоёр охинтойгоо нас чацуу мэт хувцасладаг тэрээр загварын ертөнцийн нэгэн содон дүр төрх билээ.
Шанхайгаас АНУ-д цагаачлан ирсэн баян чинээлэг Хятад гэр бүлд мэндэлсэн Вера Ванг хүүхэд ахуйдаа мэргэжлийн уран гулгагч болохоор хичээллэж байсан ч 1968 оны олимпод оролцох мөрөөдөл нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүйгээс нуржээ. Ийнхүү олимпын алтан медаль авах мөрөөдөл нь бүтэлгүйтсний дараа тэрээр тэшүүрээ Парис нисэх онгоцны тасалбараар сольсон юм. Сорбоннд хоёр жил урлагийн түүх суралцах хугацаандаа тэрээр багынх нь сонирхол болох хувцас загварт нэг мөсөн зүрхээ өгчихөөд Нью-Йоркт ирсэн гэдэг. Америкт эргэн ирснийнхээ дараа “Yves Saint Laurent”-ий дэлгүүрт худалдагчаар ажилд оржээ. Түүний эцэг шаггүй амжилтад хүрсэн эмийн компанитай, ээж нь НҮБ-ын орчуулагч байсан бөгөөд чинээлэг амьдрал нь хүссэн үедээ “Yves Saint Laurent” шиг үнэтэй брэндийн дэлгүүрээр хэсэх боломж олгодог байж. Тийм ч учраас дэлхийд нэртэй энэ брэндийн салбар дэлгүүрт хэсэгхэн хугацаанд ажиллахдаа загварын мэдрэмжээрээ “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн хараанд өртжээ. Дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүлд ажиллах урилга хүлээн авснаасаа хойш тэрээр төд удалгүй тус сэтгүүлийн хамгийн залуу /23 настай/ загварын эрхлэгч болсон юм. “Vogue” сэтгүүлд 16 жил ажиллаад ерөнхий эрхлэгч нь болж чадаагүй учраас тэрээр сэтгүүлээ орхижээ. Гэвч удалгүй алдарт загвар зохион бүтээгч Ральф Лорены загварын ордонд ажиллах болсон бөгөөд энэ хугацаанд Калвин Клейнээс эхлээд загварын ертөнцийн хамгийн мундаг дизайнер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байж. Ингээд загварын ертөнцийн хамгийн дээд түвшинд 20 гаруй жил бэлтгэгдсэний эцэст тэрээр 1990 онд өөрийн хувийн бизнесээ эхлэх хангалттай туршлагатай болсон бөгөөд энэ нь өдгөө түүнийг нэр алдарт хүргэсэн хуримын даашинзны дэлгүүр байв. Вера Ванг Мэдисоны өргөн чөлөөнд нээсэн дэлгүүртээ эхлээд Европын дизайнеруудын хуримын даашинзыг худалддаг байснаа аажмаар өөрийнхөө загварын даашинзуудыг ч хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ. Ингээд түүнээс хойшхи 20 жилийн хугацаанд Вера Ванг хуримын даашинзны хамгийн алдартай дизайнер болсон билээ. Үүнд 2000 оноос “David’s Bridal”-тай хамтран ямар ч түвшний худалдан авагчид авах боломжтой загвар гаргаж эхэлсэн нь түүний орлого ашгийг үлэмж нэмэгдүүлж чаджээ. Ингээд хуримын даашинзны ганцхан дэлгүүрээс эхэлсэн түүний бизнес өдгөө жилдээ нэг тэрбум ам.доллар эргэлдүүлдэг болжээ. Түүний “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Уран гулгалтын спортоор хичээллэж байсан хүүхэд насаа дурсахгүй юу?
-Хүүхэд байхдаа өглөө дөрвөн цагт босоод мөсөн талбай руу явахаас өөрийг огт боддоггүй байлаа. Өрсөлдөгч хүүхдүүдээс 10 минутын өмнө очих гэж л тэгж өдөр бүр яардаг байв. Ингэж дуртай зүйлдээ цаг заваа зориулахын тулд орой бүр эрт унтаж, даалгавраа хойшлуулахгүй цагт нь хийх гээд багаасаа хариуцлагатай байж сурсан. 15 насандаа би уран гулгалтаар өвчилчихөөд, миний амьдралд түүнээс чухал, үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй юм шиг санадаг байлаа.
-Энэ спортоор хичээллэж байсан нь хожим загварын ертөнцөд амжилт олоход нөлөөлсөн үү?
-Хэдийгээр аливаа тэмцээн уралдаанд уран гулгагчид хоорондоо өрсөлддөг ч амжилтад хүрсэн хүмүүсийг харахад эцсийн эцэст өөрийгөө ялсан хүмүүс байдаг. Уран гулгалтаас надад нэг сайн чанар үлдсэн нь дараагийн удаа илүү хурдан, илүү сайн хийнэ гэх тэмүүлэл, өдөр бүр шинээр сурч мэдэх гэсэн эрмэлзэл юм. Энэ эрмэлзэл намайг насан туршид хөтөлж явна.
-Та яаж тийм тэмүүллийг өөртөө бий болгож чадсан юм бэ?
-Гол нь хийж буй ажилдаа дурлах нь хамгийн чухал. Хэрэв чи ажилдаа зүрх сэтгэлээсээ хайртай бол оюун санаа чинь хүссэн хүсээгүй түүнд татагдах болно. Энэ нь ажилдаа сайжрах, ахиж дэвших төдийгүй, өөрийн эрхгүй шаргуу ажиллах хүч өгдөг.
-Тэгж дурласан уран гулгалтаа орхиод загварын ертөнцөд хөл тавьсан нь та загвар дизайнд ч туйлын их дуртай байсных уу?
-Уран гулгалтыг орхисныхоо дараа би өөрөөсөө асуусан. Яг уран гулгалт шиг намайг өөртөө дурлуулах, сэтгэл хангалуун байлгаж чадах зүйл юу вэ гэж. Тэр нь мэдээж загвар байсан. Би хувцас загварт дэндүү дуртай.
-Анх энэ ертөнцөд орж ирэхдээ өөрийгөө ийм өндөр амжилтад хүрнэ гэж төсөөлж байсан уу?
-Үгүй ээ, хэзээ ч амжилтад хүрэх тухай бодож байгаагүй. Харин ч миний гаргасан загвар, хийж бүтээсэн зүйл хүмүүсийн анхааралд төдий л өртөхгүй байгаа юм шиг санагддаг байсан. Гэхдээ би сэтгэл гутралыг хойш нь тавиад ажиллаад л байдаг байлаа. Тэр бүхний эцсийн үр дүнд амжилт над дээр ирсэн. Тийм ч дардан зам байгаагүй ээ. Минийхээс богино хугацаанд надаас өндөр амжилтад хүрсэн хүмүүсийнхтэй харьцуулбал урт аялал байсан. Барилгын ханыг босгохдоо нэг нэгээр нь тоосгоо өрдөг шиг би нэг үйлчлүүлэгчээс нөгөө үйлчлүүлэгч, нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр гэж явсаар өнөөдрийн амжилтад хүрсэн дээ.
-Загвар зохион бүтээгч болохыг хүсч буй хүүхэд залууст та юу гэж зөвлөх вэ?
-Юуны түрүүнд хэн нэгэнд ажилла. Тэгээд цалин авангаа суралц. Магадгүй өөрийн гэсэн нэрийн брэндтэй болж, загвараа гаргах гэж яарах л байх. Гэхдээ чиний сурч мэдээгүй зүйл маш их бий гэдгийг байнга бодож байх хэрэгтэй. Би л гэхэд “Vogue” сэтгүүлд ажилд орсон эхний жилээ зөвхөн зураг, материал хуулж, “Xerox”-дох ажил л хийдэг байсан. Хэдий миний ажил ердөө нэг туслах төдий байсан ч Барон Николай де Гунцбургийн дэргэд ажиллана гээд бодоод үз дээ. “Vogue” миний хувьд диваажин байсан юм.
Тэр үед аав маань “Эндээ ажиллаад л бай. Чи эргэн тойрноосоо энэ бизнесийн талаар суралцах болно” гэж хэлдэг байлаа. Миний хувьд түүнээс илүү боловсрол гэж байхгүй. Аав маань үргэлж л “Ямар нэгэн юм хий. Тэгээд хийсэн ажил чинь юунд хүрэхийг харж л бай” гэдэг байсансан. Үнэхээр чи юу ч хийхгүй юм бол, эцэст нь өөрийгөө буруутгахаас өөр юу ч чамд үлдэхгүй.
-“Vogue” таны хувьд диваажин байж. Харин Ральф Лоренд ажиллах ямар байсан бэ?
-Тэнд загварын захиралаар ажиллаж байсан үе үнэхээр гайхамшигтай. Төсөв, ажилтнууд гээд бүх зүйл төгс. Чамд ямар л санаа орж ирнэ, түүнийг гүйцэтгээд гаргаад ирэх чадвартай баг тэнд байдаг. Тийм загварын компани цөөн л дөө.
-Тань шиг чадварлаг мэргэжилтний хувьд загварын олон төрлөөс сонголт хийх боломж өргөн байсан. Гэхдээ яагаад заавал хуримын даашинз гэж?
-Би бараг 40 хүрч байхдаа хуримаа хийсэн. Хэн ч намайг хүнтэй гэрлэж, хурим хийнэ гэж төсөөлдөггүй байсан байх. Би зүгээр л хувцсаар амьдардаг, хувцсаар амьсгалдаг загварын гэлэнмаа болохоор байсан. Тийм ч учраас Калвин Клейн надад “Загварын гэлэнмаа л битгий болоорой. Бас загварын бэлэвсэн эхнэр болж болохгүй” гээд цаасан дээр бичээд өгч байсан удаатай. Ральф Лорен ч надад “Нөхөр, гэр бүлтэй бол” гэж зөвлөдөг байсан. Тэгээд л нөхөрт гарчихсан.
40 настайдаа нөхөрт гарч, гэр бүлийн амьдрал зохион, хүүхэдтэй болох гэж хичээж байх үед аав маань ирээд “Чи ийм л зүйлд хүрэх гэж дизайны сургуульд мөнгө төлөө юу” гэж асуусан. Мэдээж үгүй. “Тэгээд та надад хувийн бизнесээ эхлэхэд туслах уу” гэхэд тэр бас л үгүй гэсэн. Яг энэ үед Ральф намайг өөрийн гэсэн бизнесээ эхлэх цаг нь болсон гэж ятгасан л даа. “Чи тоглоод байна уу. Би тусдаа гармаагүй байна” гэхэд “Одоо л яг зөв цаг нь. Яагаад гэвэл чи бизнес хийх гэж адгаж яарахгүй байна. Энэ нь ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй гэсэн үг” гэж зөвлөсөн. Тэгээд намайг хуримын даашинзны чиглэлээр дагнавал зүгээр гэж хэлсэн. Харин би тэр үед “Юу? Хуримын даашинз чинь ердөө л бараа. Загвар биш” гэж хэлж байж билээ.
-Таныг өөрийнхөө хуримандаа зориулан долоон даашинз хийлгэсэн гэж ярьдаг. Үнэн үү?
-Тийм ээ, ямар даашинз өмсөхөө шийдэж чадахгүй долоон янзаар хийлгэж байсан.
-Нэртэй брэндийн загвар зохион бүтээгчээс хуримын даашинзны загвар гаргадаг нэгэн болоход өөрийгөө хэр их өөрчилсөн бэ?
-Би өөрийгөө хуримын даашинзны дизайнер болно гэж төсөөлж ч байгаагүй. Хуримын даашинзны дизайнерууд дан цагаан өнгөтэй ажилладаг бол би цагаан шаргал, биений өнгөнд дурладаг дизайнер байлаа. Гэхдээ яг энэ өөр сэтгэлгээ шинэлэг загвар гаргахад тусласан юм.
-Тань шиг загварын компанийнхаа бизнес болоод уран бүтээл талыг хоёуланг нь хариуцаад явдаг хүн цөөн. Яаж загвар зохион бүтээх ажлын хажуугаар бизнесээ удирддаг вэ?
-Аавын маань бизнес эрхлэх ухаан, байгаа хөрөнгөө өсгөж үржүүлэх чадвар тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Хэдийгээр загварт анх хөл тавихад аав маань тийм ч дуртай байгаагүй ч хожим бизнесээ эхлээд, өргөжүүлэхэд тэр миний цорын ганц хөрөнгө оруулагч, зөвлөгч байсан. Тэр надад амьдралаас олдсон боломж бүрийг алдалгүй барьж авахыг сургасан хүн.
-Ингэхэд таны загварын мэдрэмж хаанаас эхтэй вэ?
-Ээж минь НҮБ-ын орчуулагч учраас Европоор их явдаг байсан. Тэр байнга л Парисын загварын ордны дэлгүүрүүдээр зочилж, гарт багтахгүй тор дүүрэн хувцас авдаг хүн байв. Энэ нь би хүүхэд байхаасаа л хамгийн шилдэг загвар дизайныг харж өссөн гэсэн үг. Нөгөө талаар Хятад-Америк гарал маань загварын тал дээр өвөрмөц, нууцлаг хэв маягийг бий болгодог гэж би боддог.