Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхэн дэх хамгийн өндөр эрчүүд


Хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархины ямар нэг гажигаас үүдэлтэй байдаг гэнэ.
Онлайн цахим тольд өгүүлснээр 2.28 м - 2.72 м хүртэлх өндөртэй 70 орчим эрчүүд байсан ба эдгээрээс хамгийн өндөрт тооцогдоод байгаа зарим хүмүүсийн тухай толилуулж байна.



Роберт Уодлоу - 2.72 м / АНУ


“Аалтон / Иллинойсын аварга эр” гэдгээрээ нийтэд танигдсан Роберт Уодлоу (1918 - 1940) нь дэлхий дээрх хамгийн өндөр эрэгтэй юм. Ердөө 22 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр Иллинойсын Аалтон хотод өссөн бөгөөд 2.72 м өндөр, 199 кг жинтэй байжээ. Эгэл хүүхдийн адил хэвийн жинтэй төрсөн тэрээр 10 настайдаа 1.98 м байсан гэдэг.






Жон Роган - 2.67 м / АНУ

Анагаах ухааны түүхэнд 2.44 метрээс “өндөр хүн” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 17 хүний нэг тэрээр дэлхийн №2 дахь өндөр хүн юм. Африк гаралтай Жон Уильям Роган 1868 онд төрсөн бөгөөд 13 настайгаасаа гэнэтхэн өсч эхэлсэн байна.

Гэнэтийн энэхүү өсөлт нь түүнийг үе мөчний эмгэгт өртөхөд хүргэж улмаар 1905 онд хорвоог орхисон ажээ. Жон ердөө 79 кг жинтэй, 2.67 м өндөр байсан бөгөөд түүнийг эмч, судлаачдын нүднээс далд буюу шарилыг нь дахин ухаж, шинжлэхээс сэргийлж давхар бетонон доор оршуулсан гэнэ.


Леонид Стадник - 2.57 м / Украйн

14 настайгаасаа гэнэтхэн хэт өсөх болсон Леонид нь 1971 онд төрсөн бөгөөд зөвхөн Украйнд л хэвлэгдэн гардаг “Украйны дээд амжилтууд” номд бүртгэлтэй удаах хамгийн өндөр хүн юм. Тухайн үед өнчин тархины хагалгаанд ороод удаагүй байсан тэрээр өдгөө 2.57 м өндөр бөгөөд настай ээжийнхээ хамт амьдардаг юм байна.




Вяйно Мюллюринне - 2.51 м / Финлянд

Эх орныхоо энхийн манаанд хүчин зүтгэж явсан энэ хүн бол Финляндын цэрэг Вяйно Мюллюринне юм. Тэрээр 1909 - 1963 онд амьдарч байсан бөгөөд 21 насандаа 197 кг жинтэй, 222 см байсан гэдэг. Түүний биеийн огцом өсөлт гучин наснаас үргэлжилж 2.51 м хүрчээ.


Эдуард Бопре - 2.51 м / Канад

Түүнийг түүхэн дэх хамгийн хүчтэй бөх, мөн илбийн гайхамшгаараа алдартай циркийн уран бүтээлч төдийгүй дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн нэг байсан хэмээжээ. Бопре нь сүрьеэ өвчнөөр нас барсан гэж үздэг ба хожим цогцсонд нь хийсэн задлангаар өнчин тархины хавдартай байсныг тогтоожээ. Түүнчлэн 17 настайдаа 2.16 м өндөртэй байсан Эдуард (1881 - 1904) нас барсан хойноо ч “өссөөр” байсан гэнэ.




Султан Кёсен - 2.51 м / Турк

Эргэх дэлхий дээр энх тунх “амьдарч” байгаа хамгийн өндөр хүмүүсийн нэг Султан 1982 онд Туркийн Мардин хотноо мэндэлсэн юм. 2009 онд “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн түүний биеийн хэт өсөлтийн шалтгаан нь өнчин тархины хавдраас улбаатай ажээ. Тэрээр 2012 онд хавдраа амжилттай авахуулж дахин хэт өсөхөөргүй болжээ.



Дон Кёлер - 2.49 м / АНУ

1969 - 1981 он хүртэл дэлхийн хамгийн өндөр хүний нэгээр нэрлэгдэж байсан Дон 1925 - 1981 онд амьдарч байсан бөгөөд түүний ихэр эгч дүүс нь 1.75 м байжээ. Тэрээр 10 настайгаа өсч эхэлсэн ба 55 насалжээ.


Брахим Такиулла - 2.46 м / Морокко

Өдгөө Парис хотноо өнчин тархины хавдрын эмчилгээ хийлгэж байгаа Брахим нь дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн нэг төдийгүй хамгийн том хөлтэй хүн гэнэ. Түүний зүүн хөл нь 38.1 см, харин баруун нь 37.5 см урт ба Европ гутлын размераар “58”-ыг өмсдөг гэнэ. Бүх л хувцасаа захиалгаар хийлгэж өмсдөг түүний гутал л гэхэд багаар бодоход €700 евро байх ажээ.



Бао Сишунь - 2.36 м / БНХАУ

Өвөрмонголын иргэн Бао Сишунь нь 1951 онд төрсөн бөгөөд түүний гарын урт 1.06 м юм. Гар урттай байснаараа тэрээр өвчтэй дельфинд хагалгаа хийхэд тусалсан гайхалтай явдал тохиож байжээ. “Хамгийн өндөр” гэгдэх хүмүүсийн нэг тэрээр 2007 онд гэр бүлтэй болж, 2008 онд үрийн зулай үнэрлэжээ.



Мэттью МакГрори - 2.29 м / АНУ

Эцэст нь та бидний дэлгэцийн сайн танил дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн нэг, хамгийн өндөр жүжигчин Мэттьюгийн тухай хүргэхгүй байх аргагүй юм. Тэрээр 1973 - 2005 онд амьдарч байсан ба тайз дэлгэцийн олон нэвтрүүлэг, шоунд дүрээ мөнхөлсөн чадварлаг нэгэн байсан билээ. Тэрээр цэцэрлэгт байхдаа 1.5 м өндөр биетэй байсан гэдэг.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан