Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казинод хэн хэдийг алдсан бэ


Казино ашигтай, шинэ ажлын байр бий болгоно, зүгээр байж баяжина гээд байдаг. Гэвч ардчилсан Монголд казинотой холбоотой таагүй дурсамж л хамгийн их. Нэлээд хэдэн жилийн өмнө олны танил болсон олон хүн Монголд казино байгуулахын төлөө хахууль авсан гэх нэлээд маргаантай хэргээр хэцүү нэртэд сууж байв. Энэ хэргийн дараа казино байгуулахыг хуульчлан хориглосон.

Үүний дараанаас тоглоомын автоматуудыг казино биш гэж энд тэндгүй байгуулах болсон. Дам сургаар тэдгээрийн ард Солонгосын гэмт бүлэглүүд байж, хууль бусаар олсон мөнгөө угаахтай зэрэгцэн олсон мөнгөө арвижуулж байсан гэдэг. Үр дүнд нь олон зуун хүн донтон автомат тоглоомонд алдсан мөнгөө эргүүлэн авах гэж улайран орон гэр, бизнесээ зараад үгүйрч ар гэр, төрөл садан нь хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхлэхэд хаасан.

Гэвч үүнээс төд удалгүй интернэт казино гэгч зүйл орлон гарч ирээд хаа сайгүй байгуулагдаж эхэлсэн.Интернэт байна уу бодит байна уу хамаагүй казинод орон байраа, хамаг юмаа алдах хүртэл донтсон хүний тоо хэрээс хэтрэхэд бас л бөөн хэрүүл болж байж бүгдийг нь хаасан.

Казино зохион байгуулагчид нь аль болох алдагдалгүй ажиллахын тулд бүгдийг зохион байгуулсан байдаг. Архи, согтууруулах ундаа, тамхи гэх мэт зүйлс үнэгүй, дотроо цаг байрлуулдаггүй, нарны гэрэл нэвтрүүлдэггүй гээд хүн согтож, цаг хугацааны баримжаа алдан улайрч тоглоод аль болох их мөнгө үрдэг болгох бүх зүйлийг хийсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн казинод мөрийтэй тоглоод их хожил авсан хүмүүсийг байнга сурталчлан бусдын шуналыг нь өдөөж, донтогсдын эгнээн тэлж байдаг. Казинод тоглодог мөрийтэй тоглоомоор хожих хожигдохыг магадлалыг шинжлэх үндэстэйгээр тооцоод гаргачихсан байдаг тул хожих нь хожигдохоосоо хамаагүй цөөн байдаг. Үгүй байсан бол хэн ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байх байсан биз.

Ингээд уншигч танд казинод хамгийн их мөнгө алдсан тохиолдлуудыг сонирхуулъя.

Казиногийн түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүн бол Америкийн бизнесмен Терри Ватанабе гэдгийг судлаачид, тоглогчид дуу нэгтэй мэдэгддэг.

Энэ бизнесмен зөвхөн 2007 онд "Rio", "Ceasar"s Palace" гэсэн хоёр казинод ээлжлэн тоглоод 204 сая ам.доллар алдсан байх юм. 204 сая ам.доллар гээд төсөөлөөд үзээрэй. 2007 оны ханшаар шүү. Түүнийг казинод орж ирээд олон зуун саяар бооцоо тавин тоглож эхлэхэд бусад нь тоглоомоо орхин түүний ширээг тойрч шүлсээ залгин толгой сэгсрэн цугладаг байсан гэдэг. Ингэхээс өөр аргагүй.

Нэг тоглохдоо хэдийг алддаг байсныг төсөөлөхөд ч бэрх. Ингээд өрөө төлөх болоход Ватанабе нь энэ хоёр казиног хоёулаг нь эзэмшдэг "Harrah"s Entertainment" компанид 112 саяыг өгөөд үлдэснийг өгөхгүй гэж тас гүрийжээ. Хариуд "Harrah"s Entertainment" Ватанабег шүүхэд өгсөн нь мэдээж. Энэ бүхэнд хэргийн эзэн тайлбар өгөхдөө казиногийн хүмүүс түүнд санаатайгаар их хэмжээний архи өгч согтоодог байсан, мөнгө хожоод ширээний араас босох гэхээр худал өгээр хөөрөгдөн бараг л албадан суулгаж байгаад их хэмжээний мөнгө алдахад хүргэдэг байсан гэж мэдэгдсэн юм. Ямартай ч эцсийн дүнд өмгөөлөгч нь "Harrah"s Entertainment"компанитай тохиролцоонд хүрч өрийн хэмжээг 30 хувиар багасгасан тухай яригдаж байгаад чимээгүй болсон.

Австралийн тэрбумтан Керри Паркер 1999 онд Их Британид ирж гурван долоо хоногийн турш казино тоглоод 28 сая доллар алдсан байна. Гэвч алдсан мөнгө нь бага санагдсан бололтой Макао, Сингапурын казиногоор хэсч рулет тоглон ахин 25 сая доллар алдсан байдаг.

Гэхдээ юуны төлөө тэрбумтан билээ мань эр их мөнгө алдлаа гэж хэзээ ч харамсаж байгаагүй тухайгаа нэг бус удаа мэдэгдэж байв. Дээр нь азаа үзнэ гэж юу байдгийг үзүүлдэг хүн гэдгээ харуулан алдах нь их байдаг ч заримдаа асар ихийг хождог байв. Зарим казино түүнийг орж тоглоно гэхэд л ихэд болгоомжилдог байсан гэдэг. Учир нь, мань тэрбумтан ганцхан шөнийн дотор казиног эсвэл улам баяжуулж үгүй бол юу ч үгүй болтол нь хоосруулж чаддаг.

Сири гаралтай саятан Фуад аль Заят нь казинод алдсан мөнгөрөө толгой цохидог хүмүүсийн нэг. Тэрээр Лондон хотын "Aspinall"s" казинод рулет тоглоод хэдхэн минутын дотор асар их мөнгө алдсан байдаг. аль Заят нь рулет тоглохын тулд 800 мянган долларын хасаа аваад 15 минутын дотор бүгдийг нь алдаж. Гэвч гандан буурсангүй ахин яг адил хэмжээний хасаа аваад бас л 15 минутын дотор алдсан байна. Энэ мэтээр ганц шөнийн дотор 3,6 сая доллар алджээ. Өөр хүн бол больмоор гэвч аль Заят тоглох донтой этгээд байсан тул "Aspinall"s" казиногийн байнгын үйллчлүүлэгч болж олон жилийн турш тоглон олон арван саяыг алджээ. дараа нь Лондоны "Ritz" казиногийн байнгын үйлчлүүлэгч болж гурван жилийн дотор 150 удаа орж тоглоод 16 сая доллар алдсан. "Aspinall"s" казинод ээлжит удаагаа тоглохдоо 6,5 сая ам.долларыг рулет тоглон алдаж, төлбөрөө хийж чадахгүй болоход казино шүүхэд хандаж, шүүх түүний банкны бүх дансыг битүүмжилж, хувийн Боинг-747 онгоцыг нь түр саатуулсны дараа ч асар өндөр бооцоо тавьж тоглоосоор байдаг гэдэг.

Японы саятан Акио Кашиваги мөрийтэй тоглоомонд донтой гэдгээрээ дэлхийн бүх том казинонуудад зартай. Тэрээр баккара тоглох дуртай бөгөөд нэг тоглохдоо 100-200 мянган долларын бооцоо тавьдаг. Атлантик Сити дахь Дональд Трампын казинод 1990 онд баккара тоглохдоо 12 сая долларын бооцоо тавьж дээд амжилт тогтоож байв. Өндөр бооцоо тавьж тоглосон ч тэр оройдоо казинод 10 саяыг алдаад хоёр саяыг нь халааслаад гарч байжээ.

Халаасандаа ердөө 50 доллартай хаа байсан Грекээс Лас Вегаст ирж тоглон баяжаад дараа үгүйрч байсан Арчи Карас гэгчийг нэг талаас дампуурсан гэх хэцүү, нөгөөө талаас хожсон гэхэд хэцүү. 1992 онд халаасан дахь 50 доллараараа бооцоо тавин тоглож эхэлснээр хагас жилийн дотор 17 сая болгож, 1995 онд өсгөн 40 саяд хүргэсэн байна. Тэрээр баккара, покер, биллиард, шоо хаяж тоглодог байж. Гэтэл 1995 оны дундуур гуравхан долоо хоногийн дотор өнөө олсон мөнгөнийхээ тэн хагасыг буюу 20 саяг алджээ. Үүний дараа шоо хаях тоглоомоор дагнахаар шийдээд ахин 17 саяыг алдаж. Үлдсэн мөнгөтэйгээ төрөлх нутаг Гректээ ирээд хэсэг хэсэг байснаа тэссэнгүй Лас Вегаст ахин ирж шоо хаяж тоглоод сарын дотор бүгдийг нь алдаад ганцхан саятай үлджээ. Гэхдээ бас л бууж өгсөнгүй "Bicycle Club" тоглон үлдсэн саяа хоёр сая болгосон ч өндөр бооцоотойгоор баккара тоглосоор хэдхэн өдрийн дотор энэ хоёр саяа ч алдсан байдаг.

"Fry"s Electronics" компанийн захирлын албыг хашиж жилдээ 225 мянган долларын цалин авдаг байсан Омар Сиддик казино тоглон ганцхан өдрийн дотор найман саяыг алдаж байв. Гэхдээ энэ бол юу ч биш гэнэ. Тэрээр 10-н жилийн дотор нийт 167 сая ам.доллар алджээ. Асар их төлбөр хийх өрийн бичигтэй болоод байхдаа ч АНУ-ын казинонууд түүнд олон сая ам.долларыг зээл өгсөөр байсан байдаг.

Асар их хожигдлоо нөхөхийг тулд Омар Сиддик өөрийнхөө компанийн электрон барааг хууль бусаар борлуулах нууц компани байгуулж. Энэ компаниараа дамжуулан татвараас зугатах, үнийн зөрүүг авах гэх мэтээр богино хугацаанд 65,6 сая доллартай болсон ч бүгдээр нь ахин казино тоглоод алдсан.  

Омар Сиддик ямар ч казинод тоглосон хэдэн тэрбум биш юм гэхэд олон зуун саяын хөрөнгөтэй хүн шиг хэдэн зуун мянга, саяар нь бооцоо тавин тоглож алддаг байсан тул казинонууд түүнийг төлөө өрсөлддөг байжээ. Тэдэнд Сиддик хаанаас ямар замаар мөнгө олж байгаа нь хамаагүй. Өөрийнх нь казинод тоглоод аль болох ихийг алдах нь л чухал байсан нь ойлгомжтой. Яаж өрсөлддөг байсан бэ гэхээр өөрийн казинод оруулахын тулд Лас Вегасаас өөрсдийн хувийн онгоцоор үнэгүй зөөдөг, дээд зэрэглэлийн тансаг өрөөндөө үнэгүй байлгадаг, тоглоод алдвал хэдэн саяар нь зээл өгдөг байсан аж. Ингэснээр мань эрд ухрах газар байхгүй урагшаа гэсэн ганцхан замтай үлдэж. Өрөө төлөхийн тулд луйвар, хулгай хийж мөнгө олоод ахин тоглох гэсэн ганцхан зам. Ийм байдал удаан үргэлжлэх боломжгүй байсан нь ойлгомжтой. Эцсийн дүнд Омар нь татвараас зайлсхийсэн, хуурамч компани байгуулсан, хулгай хийсэн гээд олон хэрэгт буруутгагдан баривчлагдаж 140 жил хоригдох ял авсан. Энэ бүхний дээр мань хүн казинонуудад тавьсан олон саяын өрөөө төлөх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
гишүүн байсан Загджав саяхан со д 450 мянган ам доллар алдсан сурагтай байсан
Manaid bol togluulj baisan gazryg ni shuud haah yom uu? shataaj orhih heregtei tegej temtsej chadval ted naryn zurhend tsus huruulj chadna shuu?
MANAIHAN HEDIIG ALDSAN BOL
Хамгийн их уншсан