Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хайрла, гэхдээ хариуцлагатайгаар

Айх хэрэггүй, айдсын эсрэг тэмц

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 2004 онд ард түмэндээ хандан “State of Union” хэмээх уламжлалт үгээ хэлэхдээ өсвөр үеийнхэн дунд бэлгийн замын халдварт өвчин  /БЗХӨ/ аюулын харанга дэлдэж буйг онцолсон юм. Өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчний тухай сэдвийг ингэж Ерөнхийлөгч нь үндэсний хэмжээний асуудал болгосон тохиолдол өөр хаа ч байхгүй. Үнэндээ тэр үед Америкт өсвөр насны дөрвөн охин тутмын нэг нь бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн судалгааны дүн гарч, эцэг эхчүүдийг ихээхэн цочирдуулаад байлаа. Хэрэв үүнтэй адил ултай суурьтай судалгаа манайд хийвэл үүнээс дутахгүй “аймаар” тоо гарч мэднэ. Энэ бол хоосон сүржигнэл биш. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 15 мянга шахам тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүний дийлэнхийг нь эзлэх тэмбүүгийн 6200 гаруй тохиолдлын 80 хувь нь өсвөр, залуу үеийнхэн байж. БЗХӨ эмчлэгддэг юм гэхэд үхлийн аюултай ДОХ/ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдийн тав хүртэлх хувийг нь өсвөр насны хүүхдүүд эзэлж байх юм. Тийм ээ, энэ үнэхээр “аймаар” тоо.
Гэхдээ айх хэрэггүй, эцэг эхчүүд ээ. Зүгээр л үйлдэл хийцгээе. Дэмий санаагаа зовоох, хүүхдүүдээ хэт хянаж цагдах, загнаж зандрах, хий сүржигнэх гээд өмнөх алдааг давтах хэрэггүй. Түүний оронд хүүхдүүдтэйгээ ярилц. Тэднийг сонс. Зөвлөгөө өг. Дотоод сэтгэлийн нууцаа зөвхөн танд л дэлгэдэг, итгэж найддаг ээж аав нь бай.
Гадаадын нэгэн судалгаанаас иш татъя. Америкийн өсвөр үеийнхэн бэлгийн амьдралынх нь талаарх шийдвэрт эцэг эхийнх нь хэлсэн үг, үлгэр дуурайл хамгийн их нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд эцэг эхийнхээ зөвлөмжийн дараа найз охин/хөвгүүнтэйгээ дотно харилцаанд орохоо хойшлуулсан, энэ талаар илүү нухацтайгаар бодож үзэхэд хүрсэн хэмээн судалгаанд оролцохдоо хариулжээ. 

Таны хүүхдийг танаас илүү хэн хайрлана гэж...

Өсвөр насны нэг охин өөрөөсөө ах залуутай хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа ХДХВ-ийн халдвар авч байгаа тухай богино хэмжээний киног сурагчдад үзүүлээд ямар бодол төрж байгааг нь асуухад ихэнх нь ганцхан удаа секс хийснээр ийм үхлийн аюултай өвчин тусч байгааг гайхаж хүлээж авчээ.

Хүүхдүүд гэдэг ийм л гэнэн томоогүй улс. Хэдий орчин үеийн хүүхдүүд телевиз, интернэт, сошиал медиа гээд асар их мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ч хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Нөгөө талаар мэдээлэл гэдэг мэдлэг биш. Тэр тусмаа дадлага туршлага бүр биш. Тэд бэлгийн замын халдварт өвчний аюулыг мэддэг байж болох ч, үүнээс сэргийлэх, өөрийгөө хамгаалах амьдралын дадал хэвшилтэй болж амжаагүй байгаа гэдгийг сана.
Өсвөр, залуу үеийнхний бэлгийн боловсролыг сургууль нь олгох ёстой хэмээн эцэг эхчүүд багш нарт найдаад, өөрсдөөсөө хариуцлагыг бултуулчихдаг. Харин хүүхдүүдэд өнөө боловсролыг нь олгох ёстой эрүүл мэндийн хичээл нь саяхнаас сургалтын хөтөлбөрөөс хасагдаад одоо боловсролын байгууллага бүр “санаа амар” болж авлаа. Гэхдээ өмнө нь ч эрүүл мэндийн хичээлээр дамжуулан бэлгийн боловсрол олгох нь хичээлийн цаг цөөн, бэлтгэгдсэн багш мэргэжилтний дутмаг байдал зэргээс шалтгаалан хангалттай муу байсан билээ. Гэвч оргүйгээс охинтой нь гэж бэлгийн боловсролын тухай ядаж л хүүхдүүдэд хааяа нэг сануулдаг байв. Ингээд эцэст нь боловсролын бодлого боловсруулагчид өөрсдийн үүргээ эрүүл мэндийн салбар, өсвөр үеийнхэнд чиглэсэн цөөн тооны эмнэлэг, эмч мэргэжилтнүүдэд найдаад орхив бололтой. Гэтэл ганц “олимпийн найдвар” болсон эмнэлгүүд нь ачааллаа даахгүй, зорилтот бус өвчтөнүүдэд үйлчилж байх жишээтэй. Баянгол дүүрэгт ердөө сар гаруйн өмнө байгуулагдсан “Өсвөр үе-залууст ээлтэй клиник”-ийн эмч өнөөдөр өсвөр үеийнхэнд зориулах ёстой цагаасаа бага насны хүүхдүүдийн ханиад томуунаас эхлээд үзлэг хийхэд зориулж байна. Ханиад томууны дэгдэлт өндөр байгаа энэ үед тус клиникийн эмчийг хүртэл хүүхдүүдийн үзлэг оношилгоонд дайчилжээ. Гэтэл тэр эмч өөрийг нь зориод хэрэндээ хүн амьтнаас ичиж зовон байж нуугдан ирсэн өсвөр насныхныг хэзээ ч хамаагүй хүлээн аваад уулзаж ярилцан зөвлөгөө өгөх ёстой байдаг. Хэдий ийм өндөр ачаалалтай байдаг ч өсвөр үеийнхэнд хэмээн ажил үүргийг нь хуваарилсан дүүргийн энэ хэдэн эмч нар, өсвөр үеийнхэнд зориулсан төрийн бус байгууллага, элдэв сайн дурын төвүүд л өнөөдөр Монголын өсвөр насныханд санаа тавьж байна. Гэтэл хүүхдүүдтэй өдөр бүр нүүр тулдаг, тэдэнтэй хамгийн их цагаа өнгөрүүлдэг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хаачив аа.
Уг нь, таны хүүхдийг танаас илүү хайрлах хүн  үгүй шүү дээ. Гэтэл та өөрийнхөө үүргийг өнөөдөр хэнд үүрүүлж орхисноо эргээд нэг хар даа.

Хүссэн хүсээгүй тэд хамгийн эрсдэлтэй нь


Дэлхий
даяар жилдээ 333 сая БЗХӨ-ний тохиолдол бүртгэгддэгээс 20-24, 15-19 насныхан хамгийн ихээр өвчилдөг.
Хөгжингүй орнуудад жишээлбэл АНУ-д бэлгийн идэвхтэй амьдралтай хүн амын дөрөвний нэгийг 15-24 насныхан эзэлдэг атлаа тус улсад жил бүр бүртгэгдэж буй 20 сая БЗХӨ-ний тохиолдлын бараг хагас нь энэ насныхан байна.  Дашрамд, тус улсад ахлах сургуулиа төгсөх үедээ сурагчдын гуравны хоёр нь бэлгийн харилцаанд орсон байдаг.
 Харин Монголд өнгөрсөн онд бүртгэгдсэн БЗХӨ-ний 15 мянга шахам тохиолдлын 15 орчим хувийг хүүхэд залуус эзэлж байгаа тухай ХӨСҮТ-ийн мэдээ байна.
Эдгээр баримт танд юу хэлэв. Тийм ээ, хүссэн хүсээгүй өсвөр үеийнхэн, цаашилбал залуучууд БЗХӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй насныхан. Ганц Монголд биш, Америкт биш, ер нь дэлхий даяараа. Үүнийг дараах баримтаар баталж болно. Өнөөдөр Америкийн өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь БЗХӨ-тэй байгаа бол тэдний эцэг эхчүүдийн хувьд 47 хүн тутмын нэгд ийм өвчлөл тохиолддог аж.  5:1 ба 47:1. Яагаад ийм харьцангуй гэж. Яагаад гэвэл хүүхдүүд “хариуцлагатайгаар хайрлаж” сураагүй байдаг. Тэд эцэг эх шигээ зөвхөн нэг хүнд үнэнч байхын чухлыг, ердөө ганцхан удаагийн бэлгийн хавьтал санаанд багтамгүй том асуудал үүсгэдгийг,  өнөөдөр өөрт нь мэдэгдэхгүй ч биед нь чимээгүй нуугдаж байгаа өвчний халдвар ирээдүйд үр хүүхэдтэй болж чадахгүйд ч хүргэх эрсдэлтэй гэдгийг мэддэггүй учраас яг өөрсдийнх нь насанд л илэрдэг “хэн ч намайг мэдээгүй юм чинь” гэдэг гэнэхэн сэтгэлгээгээр “том хүний тоглоомоор” нууцхан тоглочихдог.

“Одоогийн хүүхдүүд үү...” буюу одоогийн хүүхдүүдээс шалтгаалахгүй үнэн

Одоо ийм мэдээлэл авсан эцэг эх юу хийх вэ. “Гадуур ийм байгаа гэнэ, барагтайхан байгаарай, битгий гадуур дотуур сэлгүүцээд бай” гэх үү.  Эсвэл найз охин, найз хөвгүүнтэй болохыг нь хориглож, үдэшлэг, зугаалгад явахыг нь хориглох уу. Гэхдээ ийм арга битгий хэрэглээрэй гэж зөвлөх байна. Учир нь...
Өсвөр үеийнхний бэлгийн харилцаанд орох нас жил ирэх тусам залуужиж байгааг Өсвөр үе-залууст ээлтэй клиникийн эмч Б.Оюунбаяр хэлж байна. Одоогоос 10-аад жилийн өмнө хийсэн судалгаагаар 17-18 насныхны 35 орчим хувь нь бэлгийн хавьталд орсон гэдэг дүн гарч байв. 1990-ээд оны үед энэ хувь 4-5 жил тутамд 10 орчим хувиар нэмэгдэж бай. Тэгэхээр одоо ямар болсон нь ойлгомжтой биз ээ.  Магадгүй та “одоогийн хүүхдүүд үү” хэмээн толгой сэгсрэх л байх. Гэхдээ энэ ганцхан хүүхдээс болоод байгаа юм биш ээ. Тэднийг хүрээлэн буй орчин нөхцөл нь ийм байдал руу түлхэж байгааг санах хэрэгтэй.
Өнөөдрийн нийгэм хэт задгай, илэн далангуй байна, хүүхдүүдтэй сексийн тухай хэтэрхий их ярьж байна гэх хуучинсаг үзэлтнүүд байдаг. Үнэн хэрэгтээ сексийн тухай ярьснаар хүүхдүүд задгай болоод байгаа юм биш. Өнөөдөр өндөр илчлэг тэжээлтэй хоол хүнс хэрэглэдэг болсноор хүүхдүүд биологийн хувьд өмнөх үеийнхнээс хамаагүй эрт бэлгийн бойжилт нь явагддаг болсон. Өсвөр насны хүүхдүүд сэтгэлзүйн хувьд өөрсдийгөө ямар нэг болчимгүй алхам хийлээ гэхэд хэн ч мэдэхгүй юм чинь гэж өөрсдийгөө хуурдаг, өөрийгөө бие даасан, том хүн болсон гэж боддог нийтлэг шинжтэй байдаг. Мөн өнөө үед эмнэлгийн үзлэг шинжилгээ илүү хөгжсөн учраас нэг талаар өсвөр насныхан БЗХӨ-өөр илүүтэй өвчлөөд байгаа мэт харагддаг талтай. Орчин үеийн хүүхдүүд дунд хуучных шиг захидал бичиж, үерхэх уламжлалаас илүүтэй “чихдэх”, “найрах” гэх мэтийн тохиолдлын учрал газар авсан, үүнийг ч телевизийн кино, сурталчилгаа, интернэтээр их сурталчилдаг нь хүүхдүүдийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Тал талаас ийм орчин, нөхцөлд автаж байгаа хүүхэд таны үеэс өөр байх нь аргагүй шүү дээ. Магадгүй та хүүхдээ нялх балчираар нь сэтгэж, бэлгийн боловсролын тухай ярихаасаа цааргалж, хойшлуулсаар байж мэдэх юм. Гэвч үнэнийг хэлэхэд таныг хүүхдүүдээ энэ тухай сонирхож байгаа болов уу хэмээн тээнэгэлзэж байх хооронд тэд аль хэдийнэ туршаад үзчихсэн ч байж мэднэ.

Тэвчих үү,  хамгаалах уу

Юуны өмнө хүүхдийг тэвчих байх гэж хүлээх нь тэнэг хэрэг гэдгийг дээрх тоо баримтууд танд харуулсан гэж итгэж байна. “Хүүхдүүд секс хийж байгаа. Энэ бол амьдралын бодит үнэн. Хамгийн гол нь тэднийг аюулгүй, эрсдэлгүй байхад туслах нь чухал” хэмээн АНУ-ын “Өсвөр насныхны жирэмслэлтээс сэргийлэх төв”-ийн тэргүүн Сара Браун хэлжээ. Тус төвд хандсан нэгэн охин “Хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгохгүй байх нь тэдэнд жолооны анхан шатны дүрэм заагаагүй атлаа жолоочийн суудалд суулгаснаас ялгаагүй” хэмээн сэтгэгдлээ бичсэнийг тэрээр энэ үгээ батлах жишээ болгожээ.
Нийтлэлийн эхэнд дурдсан АНУ-ын дөрвөн охин тутмын нэг нь БЗХӨ-тэй гэдэг аймшигтай дүн бол чухамдаа тэвчих, хамгаалах хоёрын аль нь чухал гэж хүүхдүүдэд заах вэ хэмээн бодлого боловсруулагчид мунгинаж байх хооронд цаг алдсанаас гарсан үр дагавар юм. Бушийн засаг захиргаа өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох, тэр дундаа “гэрлэх хүртлээ тэвчих” зан төлөвшил суулгах хөтөлбөрт 1,5 тэрбум ам.доллар зарцуулж байв. Энэ үед АНУ-ын ихэнх мужид хүүхдүүдийн эрүүл мэндийн хичээлд аюулгүй бэлгийн харилцаа, хамгаалах хэрэгслийн тухай мэдээлэл өгөхийг хориглосон юм. Гэвч эрх баригчдын энэ шийдвэр бүр эсрэг үр дагаварт хүргэж, 48 мужид өсвөр насныхны жирэмслэлт нэмэгдэж, БЗХӨ-ний тохиолдол газар авчээ. Үүнээс сургамж авсан барууны өсвөр үеийнхний бэлгийн боловсролын мэргэжилтнүүд одоо эрүүл мэндийн хичээлээр хүүхдүүдийг төөрөлдүүлэх мессэж огтхон ч өгч болохгүй, харин “эрсдэлгүй харилцаа”, “хариуцлагатайгаар хайрлах” аргыг өөрөөр хэлбэл хамгаалалтын тухай л ухуулан таниулах нь зөв гэж үздэг болжээ. Тэгэхээр эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ нас биед хүрэхээр бэлтгэгдэж байгаа гэдэг үүднээс нь авч үзээд хорьж цагдахаа урьтал болгохын оронд “хариуцлагатай”, “эрсдэлгүй харилцаа” үүсгэх дадал хэвшил олгох талаас нь ярилцдаг, зөвлөдөг болох хэрэгтэй байна. Нэгэнт ийм боловсрол олгочихсон, аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалах дадал хэвшил суулгачихсан, хариуцлагатайгаар хайрлахыг ойлгуулчихсан нөхцөлд бол хүүхдүүдийг байнга цагдах шаардлагагүй болно.

Амьдралын боловсрол

Америк хүүхдүүдийн 40 орчим хувь нь л эцэг эхтэйгээ бэлгийн халдварт өвчний эрсдлийн талаар ярилцаж үзсэн хэмээн хариулсан байна. Сонирхолтой нь, 15 жилийн өмнө энэ тоо 65 хувьтай байжээ./Манайд хэрэв ийм судалгаа хийвэл ямар дүн гарах бол?/ Тэгэхээр энэ тооноос орчин үеийн завгүй амьдрал эцэг эх, үр хүүхдийн харилцаа холбоог өөрсдөд нь ч мэдэгдэхгүйгээр хөндийрүүлж, тэдний халуун дотно яриа өрнүүлдэг цаг хугацааг зурагт үзэх, тус тусдаа гар утас, компьютерээр тоглох гэх мэтэд зориулдаг болжээ хэмээн өөрийн эрхгүй бодоход хүргэж байна.
Гэтэл “Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох гол хүмүүс нь эцэг эх өөрөө.  Үүний тулд “Хүн хайраас бий болдог”, “Хүн хорвоод хосоороо амьдрах жамтай” гэдгийг бүр бага наснаас нь уншдаг үлгэрээр нь, үздэг киногоор нь, эсвэл ээж аав болсон өөрсдөөрөө жишээ аван ярьж, бага багаар сууриа тавих хэрэгтэй” хэмээн гэр бүл судлаач н.Дэлгэрмаа ярьж байна. Ингээд багаас нь суурийг нь тавьчихсан хүүхдийг өсвөр насанд хүрээд ирэхэд нь бэлгийн боловсролын тухай, үерхэл нөхөрлөлийн тухай, эрэгтэй эмэгтэй хүний дотно харилцааны тухай, түүнээс гарч болох эрсдлийн тухай, хэрэв тийм зүйлтэй учирлаа гэхэд өөрийгөө яаж хамгаалах, айж мэгдэхийн оронд хамгийн түрүүнд хэнд  хандах вэ гэдгийг ярилцахад хүүхэд чинь цочирдож, айж ичиж хүлээж авахааргүй байна.
Эцэст нь, тоо нэг талаар юуг ч илэрхийлэхгүй. Хүн төрөлхтөн гэж байгаа цагт хүмүүс хүүхэд насыг дайрч л таарна. Ихэнх хүний хэлдгээр “гэнэн томоогүй” гэдэг энэ насны хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлэх нь,  тэднийг ирээдүйдээ эрүүл саруул, сайн сайхан яваасай гэж хүсэх нь эцэг эхийн мөнхийн хүслэн байсаар л байх нь үнэн учраас өсч, буурах тооноос үл хамааран хүүхэддээ жинхэнэ амьдралын боловсрол олгох нь эцэг эхчүүд таны мөнхийн үүрэг юм шүү.

Б.Сэвжидмаа

1 Сэтгэгдэл
Энэ нийтлэлийг уншихад сайн судалгаатай, ойлгомжтой, өгүүлбэр бүрт үгний сонголт тун дажгүй, нухацтай бодолд хүргэсэн дүгнэлттэй нийтлэл байна баярлалаа одоо л охиддоо амьдралын боловролыг бага багаар ойлгуулж байх үе эхэлж байна одоо үе бол их хариуцлагын үе юм байна маш их хариуцлага их л айж байна
Хамгийн их уншсан