Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ц.Шижиртэй ярилцлаа.
-Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчдийг нэгтгэн төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай дүүргийн хэмжээнд хөнгөн үйлдвэрлэл голлодог. Нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 29 хувь нь хөнгөн үйлдвэр буюу оёдол, сүлжмэл байдаг. Оёдол хийдэг хүмүүс нэг нэг өрөө түрээслээд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдэж нийлж чаддаггүй. Тэгэхээр тэднийг яаж санхүүгийн хувьд хөл дээр нь босгох вэ гэхээр инноваци нэвтрүүлэх шаардлагатай юм. Манайд хамгийн анх сурагчдын дүрэмт хувцас дээр инноваци гарч ирсэн. Өөрөөр хэлбэл улс нэг дүрэмт хувцас үйлдвэрлэхээр боллоо гэхэд оёдлын үйлдвэрийн холбоо эрх аваад жижиг үйлдвэрлэгчдэд тарааж өгөөд нэг хувцсан дээр 2000-3000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Гэхдээ энэ ажил нэг л урагшлахгүй байгаа. Манай дүүргийн хувьд инновацийг нэвтрүүлэхэд давуу тал бий. Бидний эцсийн зорилго нь санхүүгийн хувьд энэ хүмүүсийг хөл дээр нь босгох.
-Эхний ээлжинд хэдэн үйлдвэрлэгчийг нэгтгэж төсөлдөө хамруулахаар төлөвлөөд байгаа вэ. Дэмжиж байгаа үйлдвэрлэгч олон байна уу?
-Манай төв өөрийн байрандаа үйлдвэрлэгчдэд зориулсан 30 өрөөтэй. Энэ өрөөнүүдээ хямд үнээр тэдэнд түрээслэдэг. Ингэхдээ сарын түрээс нь ам.метр нь 7000 төгрөгөөс эхлэн буураад 2500 төгрөгөөр түрээсэлдэг. 20 ам.метр өрөө түрээсэлж байгаа хүн сард 50 мянган төгрөг төлдөг. Энэ бол үйлдвэрлэгчийг нарыг төрөөс бодлогоор дэмжиж байгаа хэлбэр юм. 12 өрөөнд бэлэн оёдолчин байна. Энэ хүмүүс өөрсдийн тоног төхөөрөмж ажлын дадлага туршлагатай. Иймээс ШУТИС-ийн харьяа Хувцас судлалын төвийнхөнтэй гэрээ хийнэ. Тэд шинжлэх ухаан талын бүх зүйлийг хийж байгаа. Тиймээс бид нэгдэж нийлэх юм бол ашигтай ажиллаж чадна.
-Төслийн санхүүжилтийг хэрхэн босгох вэ. Нийт хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм бэ?
-Цагаан сар монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг баяр. Иймээс Цагаан сарыг угтаж загвараа гаргасан. Ойролцоогоор 100-гаад сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт босгоход хүндрэлтэй байгаа. Учир нь манай төв Сүхбаатар дүүргийн Тамгын газрын харьяа төсөвт байгууллага. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газраас гарч байгаа зээл болон бусад зээлүүд нь заавал нэг хариуцагч байх хэрэгтэй. Өөрийнхөө байрыг барьцаанд тавьдаг эсвэл үл хөдлөх хөрөнгө шаарддаг. Харин бид төсөл хэлбэрээр хийж болох юм байна гэдгийг олж харсан.
-Төсөл хэрэгжсэний үр дүнд хэдэн хүн ажлын байраар хангагдах вэ. Ер нь нэг төсөл хэрэгжлээ гээд л багагүй мөнгө төсөвлөж зарцуулдаг. Гэтэл төслийн үр шимийг хүртэж байгаа хүн цөөн байдаг нь нийтлэг ажиглаж байгаа зүйл?
-Манай түрээсийн байранд 12 үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байгаа гэхээр тэнд 40 гаруй хүн ажилладаг. Ажлын байр нэмж бий болгох ч боломжтой. Хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрийн төвд ажиллаж байгаа үйлдвэрлэгчид хэрэв бид нэгдэж нийлэх юм бол ийм ашигтай юм байна. Өнөөгийн нийгэмд Доржийн ч юм уу, Батын ганц дээлийг оёод явбал санхүүүгийн хувьд хөл дээрээ тогтохгүй юм байна гэдгийг ойлгоно. Ингэснээр цаашид нэгдэж нийлээд үйлдвэрлэл явуулах болно. Мөн жижиг компани байгуулах үндэс суурийг нь тавьж өгч байна гэсэн үг.
-Үйлдвэрлэгч нар энэ төслийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Манай төв дээр 860 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бүртгэлтэй байдаг. Харин дүүргийн хэмжээнд 10 мянга орчим хүн бий. Манай төвийнхөн гол анхаарлаа үйлдвэрлэл эрхлэгч нарт хандуулдаг. Үйлчилгээ бус үйлдвэрлэл. Оёдлын үйлдвэрлэл эрхлэгч Сүхбаатар дүүрэгт хангалттай. Учир нь манай дүүрэг төвийн дүүрэг болохоор газар тариалан эрхлэгч болон хүнд үйлдвэрийнхэн багатай. Төслөө үйлдвэрлэгч нартаа танилцуулсан. 90 гаруй хувь нь дэмжсэн. Манай төвд урсгал зардал хөрөнгө оруулалтын багахан хэмжээний санхүүжилт ирдэг болохоор одоо төсөл хэрэгжихэд санхүүгийн асуудал л хэцүүхэн байна.
-Та бүхний нэрлэдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч буюу өрхийн үйлдвэрлэгчид борлуулалт гэдэг нь толгойн өвчин болдог. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Аливаа бизнесийн байгууллага судалгаан дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг Судалгаа сайтай юм оновчтой байдаг. Хүүхдийн хувцас хийх гэж байгаа бол манай улсад ямар насны хүүхэд хэд байна, тэдний хэд нь сургуулийн өмнөх насных юм бол бүх судалгааг гаргасан. Эмэгтэй, эрэгтэй гээд хэдэн хүн оёсон дээлийг худалдан авах боломжтой гэх зэрэг судалгааг хийсэн. Манай байгууллага дан ганцаараа энэ бүх судалгааг хийж чадахгүй. Хувцас судлалын төвийнхөн бүх судалгааг сайн гаргаж өгсөн. Энэ судалгааны дагуу бид ажиллана. Янз бүрийн маркетинг хэрэглэнэ. Тухайлбал, манайх сэтгүүл гаргадаг мөн бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан борлуулалтаа хийнэ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв удахгүй 13 дугаар хороололд байрладаг “Шөнийн зах”-ыг “Монголд үйлдвэрлэв” зах болгон нээх юм билээ. Түүнчлэн Цагаан сарын өмнө маш олон үзэсгэлэн худалдаа болдог. Тэр газруудаар дамжуулан борлуулалтаа хийх төлөвлөгөөтэй байгаа.