МХЕГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхантай ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхлээд хагас жил болох нь. Хуулийн хэрэгжилт хэр байна гэж дүгнэж байна вэ?
-Шинэчилсэн хуульд зарчмын хувьд хоёр гурван зүйл шинээр тусгагдсан. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Тодруулбал, зөрчилд ногдуулах хамгийн бага торгууль нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин үржүүлсэнтэй тэнцүү болсон. Манай мэргэжлийн хяналтын улсын байцаагчид олгогдсон торгуулийн эрхийн дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин өсгөсөнтэй тэнцүү байгаа юм. Том өөрчлөлт шүү.
Өнөөдөр Монгол Улсад 1384 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл компаниуд эзэмшиж байна. Гэтэл 1300 ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг цаг хугацаанд нь ирүүлж ажилласан аж ахуйн нэгж цөөн. Аж ахуйн нэгжийн удирдлагууд Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэсэн үг.
-Жишээлбэл хэдэн аж ахуйн нэгж үүргээ биелүүлж байна гэсэн тоо гарав?
-Сүүлийн гурван жилийн дунджаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тавны нэг нь буюу 300 орчим нь уулын ажлын тайлан мэдээ ирүүлж байсан. Энэ жил гэхэд 1384 зөвшөөрөл эзэмшигчээс 260 аж ахуйн нэгж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн. Хайгуулын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тухайд жил бүр хуульд заасан хэмжээний зардлыг гаргаж үйл ажиллагаа явуулахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалдаг хуулийн заалттай учраас үүргээ сайн биелүүлээд байгаа юм. Гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд иймэрхүү хуулийн хөшүүрэг байдаггүй нь хуулийн нэг цоорхой боллоо. Тэд хөрөнгө оруулалт олдсонгүй, уулын ажил хийгээгүй, борлуулалт явуулаагүй гэдэг тайлбар өгөх, тайлангаа гаргаж өгөлгүй тусгай зөвшөөрлийг гар дээрээ удаан байлгах, эргэлтэнд оруулахгүй, эдийн засгийн ач холбогдлыг тодорхой байлгахгүй нөхцөл байдал үүсчихээд байна.
-Тодруулахгүй юу. Одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн 6.1-д уулын ажлын ирэх жилийн төлөвлөгөөг тухайн оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газарт ирүүлэхээр хуульчилж өгсөн. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүддээ хандаж хэлэхэд хуулийн хугацаа дуусахад арав гаруйхан хоног үлдээд байна. Арванхоёрдугаар сарын 1-ээс өмнө 2015 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж өгнө үү. Тэгэхгүй бол хуулийн дагуу торгууль ногдуулж захиргааны арга хэмжээ авна. Мэдээж эдийн засаг хүнд байхад аж ахуйн нэгжүүдийг 2-10 сая төгрөгөөр торгоно гэдэг хэцүү. Гэхдээ үүргээ биелүүлэхгүй бол торгохоос өөр аргагүй.
-Улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулдаг уурхайн удирдлагуудад арга хэмжээ авч байна уу?
-Тийм ээ. Ашигт малтмалын тухай хуульд орсон бас нэг өөрчлөлт нь улсын комисст хүлээлгэж өгөөгүй бол уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт. Аж ахуйн нэгжүүд уурхайгаа улсын комисст хүлээлгэж өгье гээд Ашигт малтмалын газарт хүсэлтээ хүргүүлдэг. Харин төр захиргааны байгууллага цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаагүйгээс асуудал үүсээд байгаа юм. Уул уурхайн салбар бол эрсдэл өндөртэй. Эцэст нь, хөдөлмөр хамгаалал алдагдаад хүн эндэх эсвэл байгаль орчинд хортой химийн хорт бодис алдагдлаа гэхэд хариуцлага тооцоход түвэгтэй байдал үүсдэг. Комисс хүлээж аваагүй уурхайтай холбоотой хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тийм учраас 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын комисст хүлээлгэж өгөөгүй уурхайг мэргэжлийн хяналтын байгууллага ажиллуулахгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Эдийн засаг хүнд байхад мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаалаа гээд мушгиж ярих л байх. Тийм зүйл битгий болоосой гэсэндээ урьдчилж анхааруулаад байгаа нь энэ.
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг саяхнаас олгож эхэлсэн. Гэтэл ахиад түдгэлзүүлэх тухай яригдаж эхэллээ?
-2009 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон. Энэ оны долдугаар сарын 1-ээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг хүчингүй болгож, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 13 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон ердийн журмаар олгож эхэлсэн. Гэхдээ бидний зүгээс энэ үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11.3-т зааснаар хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт тавьж ажилладаг. Хайгуулын зөвшөөрлийн зураглал дээр дүн шинжилгээ хийж үзэхэд л хуульд нийцсэн хэлбэр харагдахгүй байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл тэгш өнцөгт хэлбэрээр олгогдох ёстой. Түүнчлэн Монгол орны геологийн тогтоц, эрдэс баялгийг ирээдүйд судлах ямар ч чиглэл алга. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг өнгөрсөн хавар баталж гаргасан боловч ямар ч чиг баримжаа геологийн судалгааны төлөв байхгүй. Тиймээс хайгуулын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх хэрэгтэй. Наад зах нь иргэд хуулийн этгээдэд мэдээллийг тэгш олгох үүргээ Ашигт малтмалын газар хангаж ажиллахгүй байна. Жирийн иргэд аль талбай дээр хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгч болох вэ гэдэг мэдээллийг авч чадахгүй. Тийм мэдээлэл нь үндсэндээ хаалттай. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр байсан этгээдүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авдаг өнгөрсөн 20-иод жилийн алдаагаа дахиад давтах нь.
-Холбогдох байгууллагад нь энэ тухайгаа мэдэгдсэн үү?
-Энэ бүх асуудлаар Ашигт малтмалын газарт албан шаардлага хүргүүлсэн. Хэрэв арванхоёрдугаар сарын 1-ний дотор засч мэдээллийг ил тод ойлгомжтой гаргаж тавихгүй бол улсын байцаагчийн актаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. АМГ, УУЯ хамтраад мэдээллийг ил тод ойлгомжтой болгож, ирээдүйд Монголд геологийн судалгааг аль чиглэлд аль бүс нутагт хийх вэ гэдгийг бодож төлөвлөсөн байдлаар гаргахгүй, нийт нутаг дэвсгэрийн 13 хувьд нь гэх тоо тавьчихаад замбараагүй талбай ялгаад сууж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа.