Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Хар Хорум музейд хадгалагдаж байгаа нэн ховор олдворуудыг анх удаа дотоод гадаадын сэтгүүлчдэд биет байдлаар үзүүлж, тодорхой мэдээллийг өгч танилцууллаа.
Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл дурсгалт сүмийн довжоо суурин доороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншгийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон гэдгийг албан ёсоор олон нийтэд зарлалаа. Энэхүү сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс болон алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3ш, шүр, сувд, оюу гэх мэт) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж хийсэн байжээ. Эндээс олдсон алтан зоос нь Чингис хааны үеийнх, мөнгөн зоос нь Мөнх хааны үед хийсэн гэдгийг нотолжээ. Есөн эрдэнээс бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй байсныг өнөө үеийнхэн мэдэх учиртай юм.
Хар Хорум хотод монгол, германы археологчдын малтан судалсан энэхүү байгууламж нь XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотоллоо. Дашрамд сонирхуулахад, 1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил анх гүйцэтгэсэн С.Киселев ахлагчтай Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны ангийн судлаачид энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон нь олон жилийн турш монгол судлалын хүрээнд нийтээр хөдөлбөргүй дагаж мөрдөх цорын ганц үзэл баримтлал болж ирсэн билээ. Харин энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235-1236 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд эзэн хааны зарлигаар “Юань улсыг мандуулах асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлаж дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сумийн үлдэгдэл болох нь Монгол-Германы хамтарсан архелогийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотолжээ.
2014 онд тохиож байгаа ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгох бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж байна. Уг ил музей нь ирэх зун ашиглалтад орж гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татах юм. Энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Герда-Хенкель сан, Германы Архелогийн Хүрээлэнгээс санхүүжүүлсэн бөгөөд ССАЖЯ-наас зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж хоёр орны мэргэжлийн археологич, архитекторуудын удирдлагаар Монголын “Ордгео” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
Эзэн хааны ордон болон мөн түүнтэй нэгэн зэрэг барьсан зарим сүм дуган, тэдгээрийн дотор 1346 оноос “Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэгдэх болсон бурханы шашны асар том сүм суваргыг “Юань улсын судар” болон 1346 оны Хархорумын бичээст тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн тэмдэглэсэн нь ийнхүү археологийн олдвороор батлагдлаа.
Энэхүү хэвлэлийн бага хуралд Монгол-Германы Орхон Экспедицийн Монгол талын төслийн удирдагч МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн профессор, доктор У.Эрдэнэбат, Монгол-Германы Орхон Экспедицийн Герман талын төслийн удирдагч ХБНГУ-ын , Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Кристина Франкен, Монгол улсын ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Дундад зууны археологийн судалгааны секторын эрхлэгч, доктор А.Энхтөр, Монгол-Германы Орхон Экспедицийн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Т.Батбаяр, ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын атташе болон герман архитекторч Аксель нарын албаны хүмүүс оролцлоо.