Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашиглах боломжгүй болсон сургууль, цэцэрлэгтээ хоргодохын учир


Нийслэлд шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн тоо жилээс жилд арифметик прогрессоор нэмэгдэх хооронд барилгагүй болж байгаагийнх тоо геометрийн прогрессоор өсч байна.

Нийслэлийн хэмжээнд огт сургуульгүй 31 хороо байдаг. Энэ жилийн хувьд цэцэрлэг, сургуулийн 16 цогцолбор барихаар төлөвлөсөн ч эхний ээлжинд БЗД-ийн 21, СБД-ийн 17, ХУД-ийн 10, ЧД-ийн 16, БЗД-ийн 22, БГД-ийн 22 гэсэн огт сургуульгүй  зургаан хороонд тус бүр 300 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барихаар болсон. Гэтэл хичээлийн жил эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын ажил сураггүй. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад “Өнгөрсөн сарын 30 гэхэд тендерийн материалуудаа хүлээж авч дууссан. Одоо үнэлгээ хийж байна. Тендер шалгаруулалт дуусаад, тэнд оролцсон  компаниас санал гомдол гарахгүй бол гэрээ байгуулдаг. Энэ үйл явцаас мөн хамаарна. Дээрх зургаан сургуулиас таван сургуулийн барилгыг барихаар компаниуд саналаа ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны сургуульд санал ирээгүй” гэв.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1100 барилга байгууламж дутагдалтай. Үүнийг барихад 11.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүн дээр нэмээд 2013-2016 онд барилгын нас, ашиглалтаас шалтгаалж 83760 хүүхдэд шинэ сургууль шаардагдах тооцоо гарсан бол жил бүр 5000 сурагч нийслэлд шилжин ирэх урьдчилсан тооцоо гарчээ. Сургуулиас гадна Улаанбаатар хотод 45 хороо огт цэцэрлэг байхгүй. Эдгээр хороонд 336880 хүн амьдардаг. Ингээд бодохоор маш богино хугацаанд сургууль, цэцэрлэгийн барилгын тоог нэмэх нь зайлшгүй. Гэтэл одоогийн төсөвт суусан мөнгөөр урд хормойгоо нөхөх үү, ард нь наах уу гэж салбарынхан халагласаар байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ онд 45 сургууль, цэцэрлэгийн барилгыг даруй нураах дүгнэлт гаргасан. Үүн дээр нэмээд 52 цэцэрлэг, 28 сургуулийн барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гаргаад буй. Өөрөөр хэлбэл нийслэлд сургууль цэцэрлэггүй хүүхдээс гадна 100 гаруй мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд суралцаж байна.

Доорхи жагсаалтыг сайн хараад аваарай, таны хүүхэд тэнд байгаа юм биш биз

Хэдийгээр ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг нь аль хэдийнэ тогтоосон ч ихэнх сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үүнээс өөр арга ч байхгүй.
 Гэхдээ таны хүүхэд хэзээ ч нурж магадгүй өндөр эрсдэлтэй сургууль, цэцэрлэгт сурч байгаа юм биш биз. Доорхи жагсаалтыг та анзаарч  хар даа...
Баянгол дүүрэгт: Ашиглах хугацаа нь дууссан 10 объект байгаа ч тавыг нь буулгаж шинээр барьж байгаа, нэгийнх нь үйл ажиллагааг зогсоосон. Харин 11, 13, 30, 34 дүгээр цэцэрлэгийн барилгад 2010 онд акт гаргаж, газар хөдлөлтөд тэсвэргүй гэдгийг нь тогтоогоод байгаа ч өдий хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.

Баянзүрх дүүрэгт: 21 дүгээр сургуулийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон ч ашиглах боломжгүй гэсэн барилгад 59, 52, 21, 50 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Налайх дүүрэгт: “Сод-Ирээдүй” цэцэрлэгийн нэг, хоёрдугаар байр, “Голомт” цогцолбор сургуулийн спорт заал ашиглалтын хугацаа дууссан ч хүүхдүүд тэнд хичээллэсээр л байгаа.

Сонгинохайрхан дүүрэгт: 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нурааж, шинээр барьж буй нь сайшаалтай ч 55, 84 дүгээр цэцэрлэгийн барилгыг зайлшгүй нураах акт тогтоосон. Харин 26 дугаар цэцэрлэг болон Сувиллын 41 дүгээр яслийн барилгын шинээр баригдах барилгын зураг төсөл хийгдэж байна.

Сүхбаатар дүүрэгт: 17, 24, 25, 75, 135 дугаар цэцэрлэгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн актыг аль 2009, 2010 онд тавьж байсан ч өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Тус дүүргийн нутагт байрлах Гуравдугаар сургуулийн барилгыг актлаад, үйл ажиллагааг нь зогсоож хичээлийн гурван шинэ жил өнгөрчихөөд байхад энэ зунаас л барилгын ажил эхэлсэн.  

Чингэлтэй дүүрэгт: 112 дугаар сургууль, 43 дугаар цэцэрлэгийн барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нураах акт тогтоосон ч үйл ажиллагаа нь үргэлжилсээр л байна. Харин дөрөв, 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг нь зогсоож, шинээр барих барилгынх нь зураг төслийг хийгээд байгаа юм. Харин тав болон 31 дүгээр цэцэрлэгийн барилгын насжилт дууссан учраас буулгаж, дараагийн барилгыг нь шинээр барьсан юм.

Хан-Уул дүүрэгт: Долдугаар сургууль болон аравдугаар сургуулийн А корпус, 110 дугаар сургууль, 60 дугаар сургуулийн спорт заал 28, 35, 46 дугаар цэцэрлэгийн барилга мөн л нураах шаардлагатай жагсаалтад багтсан ч одоо хүртэл үйл ажиллагаа явуулсаар л байна. Харин  32 дугаар сургуулийн хуучин барилгын ашиглалтыг зогсоож, 640 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилга барихаар зураг төслийг нь хийжээ.

27 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын зураг төсөл гарсан ч хуучин барилгадаа цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулсаар байна. Дөрөвдүгээр яслийн барилга анхнаасаа л газар хөдлөлтийн эрсдлийг тооцоогүй баригдсан аж. 47 жил ашиглаад буй энэ барилга он цагийн эрхээр нурах аюулд хүрсэн ч бэхэлгээ хийж түр ашиглахаар шийдвэрлэсэн  байна. 2015 онд хуучин барилгыг нураах гэнэ. ТЭЦ-4-ийн ажилчдын хүүхдүүдийн суралцдаг 137 дугаар цэцэрлэгийн барилга зориулалтын бус, мөн ашиглах хугацаа нь дууссан учраас нураасан.
Эдгээр нэн түрүүнд буулгах шаардлагатай гэсэн барилгын дунд хамгийн олон жилийн настай нь л гэхэд одоогоор Налайх дүүргийн “Сод идээдүй” цэцэрлэгийн 320 хүүхдийн хүчин чадалтай хоёр байр байна. 1940 онд барьсан модон хучилттай, зориулалтын бус, хоёр давхар барилга өдгөө суурь нь суулт өгч, хана таазандаа гадна, дотногүй хагарал үүсч, хана нь ялзарч, газар хөдлөлтийн эрсдэл даахааргүй болсноос гадна шугамын ус алдалтаас болж модон хучилт нь ялзарч мууджээ.

Хамгийн өндөр настай сургуулийн барилга бол Хан-Уул дүүрэгт 1950 онд халдвартын эмнэлгийн зориулалтаар анх барьсан өдгөө 100 хүүхдийн хүчин чадал бүхий 110 дугаар сургуулийн барилга аж. Тус барилгын насжилт дууссан  газар хөдлөлтийн шаардлага хангахгүй, модон хучилт нь ялзарч, таазны шавардлага хотойж хэзээ ч нурж унахад бэлэн болсон, мөн эргэн тойрны бетон хаяавч алга болсноор борооны болон гадаргууны ус буурь хөрсөнд шингэж, суурь суултад орж, хана сууринд хагарал үүссэн зэрэг нь цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргахад хангалттай болж. Гэвч ийм л барилгад үйл ажиллагаа явуулсаар байна.

Үүн дээр нэмээд газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн акт тогтоосон ч ашиглах боломжгүй гэсэн жагсаалтад багтаагүй сургууль цэцэрлэгүүд буй. Гэтэл энэ урт жагсаалтад орсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль өнгөрсөн хичээлийн жилд нэгдүгээр давхрын тааз нь нурж, байрыг ашиглахаа зогсоосон. Хүүхдүүд нь ойролцоох сургуулиуддаа хуваагдан хичээллэж байгаа ч барилгыг нураах, шинэ барилгын зураг төсөл гаргах зэрэг ажил нь одоо ч эхлээгүй байна.
Мэргэжлийн хяналтын газраас тогтоодог газар хөдлөлтийн норм стандартад нийцэхгүй барилгад ажиллаж буй цэцэрлэг 52, сургууль 28 байна.

Урд хормойд уу, ард хормойд уу

Ингээд Боловсролын салбарт ойрын үед хийсэн болон одоо хийж буй бүтээн байгуулалтын талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас тодруулсан юм. “2013-2014 онд боловсролын салбарт шинээр 130-аад барилга ашиглалтад орсон. Үүнээс сургууль 33, цэцэрлэг 32, биеийн тамирын 15 заал, дотуур байр 15, үлдсэн нь шинжлэх ухааны барилга. 2013 оны сүүлчээр боловсролын салбарын 126 барилгыг Засгийн газар болон УИХ-ын тогтоолоор Үндэсний аудитын газраас шалгаж, царцаасан. Эдгээрээс 97 барилгын хөрөнгийг өнгөрсөн оны тавдугаар сард буцаан олгож, барилгыг нь үргэлжлүүлэх тухай аудитын тайлан гарсан юм. Харин үлдсэн 29 барилгыг үргэлжлүүлэх боломжгүй, дахин шалгах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Эдгээр барилгыг ирэх жил үргэлжлүүлэн барихаар 2015 оны төсвийн төсөлд тусган, УИХ-аар хэлэлцэж байгаа” гэв.

Дахин шалгах шаардлагатай гэсэн 29 барилгын төсвийг нэмүүлэх шаардлага нь үндэслэл багатай байсан учраас зогсоосон гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар боловсролын салбарт царцчихсан, үйл ажиллагааг нь зогсоосон барилга байхгүй. Өнгөрсөн онд царцсан 126 барилгаас 20 цэцэрлэг, найман сургууль ашиглалтад энэ онд орох гэнэ. Гэхдээ 126 барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд 113 тэрбум төгрөг шаардлагатай ч төсөвт мөнгийг нь хангалттай тусгаж өгч чадаагүй. Барилгынхаа хугацаат ажлыг үргэлжлүүлэх хэмжээний мөнгийг л шийдсэн гэнэ.
Боловсролын салбарт түүхэндээ анх удаа Шинэчлэлийн Засгийн газрын үед хамгийн их барилга барьсан, эхлүүлсэн. Өмнө нь дуулдаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас ярих зүйлтэй суугаа ч өмнө нь хэрэв бүтээн байгуулалтыг бага ч гэсэн хийсээр байсан бол ашиглах хугацаа нь аль хэдийнэ дууссан сургууль, цэцэрлэгтээ хоргодон суухгүй л байсан даа.

0 Сэтгэгдэл
БЗД-ийн 14-р сургуулийн тухай дулдаагүй байх юм. Энэ сургууль маш хэцүү байдалд үйл ажилаа ядуулж байна. Хүүхдүүд нь 4 сургуульд хуваагдан өдөр хоногоо өнгөрүүрж явна.
Хамгийн их уншсан