Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Гангаа ахтай хамт аялсан 10 хоног


Өглөө ирэхэд л санаанд оромгүй муу мэдээ угтлаа. Гар утас, мессенжэрт байдаг олон хаягны минь нэгийн эзэн  Ж.Гангаа гэдэг хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бурхны оронд заларчээ. Хэдхэн хоногийн л өмнөхөн Гангаа ах руугаа утасдаж өөрөө нийтлэлээ бичих, өрөөл бусдын материал унших гээд их ажлынх нь цаг заваас хумсалж байсан атал өнөөдөр өглөө гэхэд энэ хаяг эзэнгүй болчих юм гэж хэн саналаа.
Бүр нэг ясны сэтгүүлч, тэгэх тэгэхдээ ургаажийн “газетчик” энэ ахтай хэзээ танилцаж нөхөрлөсөн билээ дээ.
“Өдрийн сонин”-ы Ж.Гангаа гэж хэзээний л дуулсан, мэддэг байсан ч долоон жилийн өмнөх нэгэн аялал бид хоёрыг хуурай ах дүү болгосон юм.
1997 оны намар даа, яг л өдийд юмсан. Оюутолгойн орд газарт том үйлдвэр барих гээд л бас ч гэж байгаль орчинд хортой хоргүй хэмээн ид ярьж байсан цаг.
Хөрөнгө оруулагчид нь хэвлэл мэдээллийн баахан сурвалжлагч, сэтгүүлчдийг авч явж Австралид ийм ордыг хэрхэн байгаль орчинд хал балгүйгээр ашиглаж байгааг үзүүлэв ээ. Телевизийн хэдэн сэтгүүлч, сониноос Ж.Гангаа ах бид хоёр л байлаа.

Сайн танихгүй хүн анх уулзвал жаахан адайр зантай, өөрийнхөөрөө зүтгэдэг хүн үү дээ гэмээр, тэгсэн атлаа ажил мэргэжилдээ их үнэнч, зав чөлөө л гарвал сониноо ярина, сэтгүүлч хүн байнга бодож, юмыг ажиглаж, мөн их бичиж байх ёстой гээд л....тэр хэрээрээ оюун ухаанаа дайчилж бичдэг хөдөлмөрч сэтгүүлчид хайртай нь тэр хэдэн хоногт анзаарагдаж билээ.
Нэг удаа бидэнд жаахан зав гаргаад,  авч явсан хүмүүс маань тэрүүхэнд тусдаа зөвлөлдөөд байна аа. Гэтэл Гангаа ах “Тэд ер нь юу ярьж байна. Хаагуур явуулж, юу үзүүлэх юм бол” гээд тийш нь явчихдаг юм байна. Төд удалгүй эргэж ирэхдээ “маршрутаа л ярьж байгаа юм байна. Байгаль орчин сүйтгэсэн, нөхөн сэргээгээгүй газраараа оруулахгүй л юм ярьж байх шиг байна. Эд ч тэгнэ л дээ” гэсээр жаахан бухимдуу ирсэн.
Нээрээ ч тэр арав хоногт бид австралид уул уурхай хэрхэн сайхан хөгжсөн, байгаль орчныг хэрхэн нөхөн сэргээж сайхан болгож байгаа, уул уурхай улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой тухай үзэж сонссоор яваад эргэж ирсэн дээ. Нэг уурхайд очоод л үзэхэд түрүүчийнхээс ялгаагүй санагдах, түүнээ цухуйлгавал Гангаа ах “Сэтгүүлч хүн чинь гярхай байх ёстой. Бидний улиг болсон зүйл гэдэг юмнаас ч шинэ сонин зүйл олж харж болно шүү дээ” гэх.

Насаар ах хүний хувьд хамт яваа нөхөддөө анхаарал халамж тавина, бага дүү гэлгүй сэтгэлээсээ ярилцаж санал бодлоо хуваалцана. Тэр дотроо хоёулхнаа сониноос, тэгэх тэгэхдээ өдөр тутмын сониноос явсан болохоор надад ойр, өөриймсөг.
Телевиз, радио, интернет, цахим мэдээлэл  гээд байгаа ч хэвлэмэл мэдээлэл, цаасан хэвлэ¬л байсаар л байх болно. Магадгүй цаасан хэвлэлийг дээдсүүд, ухаантнууд илүү их унших байх. Харин цаасан хэвлэл уншигчдын тоо буурч магадгүй юм” гэх.  
Ингэж хаа холын австрали орноор 10 хоног хамт явсан минь саяхан л шиг санагдана, гэтэл долоон жил өнгөрчихөж.
Ирээд нээрээ л Гангаа ах Оюутолгойн тухай, уул уурхайн тухай  ганц ч өгүүлбэр тэрлээгүй атлаа “Араараа нартай Австрали” гэсэн сайхан тэмдэглэл бичсэн дээ. Үнэхээр л хамт  яваад, хамт л үзээд байсан бидний олж хараагүйг харж, тэр л байгаль, ан амьтан, хүмүүсийн нь тухай ёстой л нүдэнд харагдтал бичсэн байсан сан.
Дараа нь Оюутолгойн албаныхан бидэнтэй уулзаад яагаад тэр уурхайн тухай, нөхөн сэргээдэг талаар бичээгүй юм гэхэд тэр шууд л “Та нар чинь өөрсдөө үзье гэсэн газраар  оруулаагүй юм чинь” хэмээн түс тас хэлж байсан юмдаг.
Гангаа ах гэж ийм л шударга, хэлье гэсэн юмаа шууд хэлчихдэг нэгэн байсан.
Тэр л нэг намраас хойш, сонины амьдралд дөнгөж орж байсны хувьд байсхийгээд л асуух, ярих хэрэг гарч утасдахад хэзээ ч төвөгшөөхгүй, утасаа ч хаана энэ тэр гэж байхгүй, цаг зав гаргаад хэлж яриад өгдөгсөн. Утас нь хааяа холбогдохгүй байвал хөдөө л явсан байх. Дараа нь “Аа тиймээ, идшиндээ явсан байсан  л даа. Яая гэсэн юм” гээд л ярих.
Ямар нэгэн юм сонинд нь тавих, юм бичүүлэх гэхэд татгалзахгүй. Тэгээд нэг за гэвэл ёстой ёогүй. Гэхдээ бас халтуурдаж ам таглаад өнгөрүүлнэ гэж байхгүй, сэтгэлээсээ тусална.

Өөрийн гэсэн бодолтой, өөрийнхөөрөө байдаг энэ нь ч хүмүүст зөрүүд, адайр юм шиг сэтгэл төрүүлдэг ч байж болох. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хамаг хүн шинэ оны эхний нар харна гээд зүүн тийш цувж байхад та 22-ын товчоо л явж байдаг.. гэсэн сэтгүүлчийн асуултад  тэрээр “Өнөөдөр сэтгүүлчид хүн бүрийн бичиж буй сэдвийг нэг бол хамгийн сайн бичих,  эс бөгөөс өөр өнцөг олох гэсэн ийм л хоёр сонголт байдаг. Гэхдээ үйл явдал гэдэг утгаараа хоёуланг нь л хийх ёстой. Тухайн хүн тэндээс өөрийн гэсэн өнцгөө л олох нь чухал” хэмээн хариулсан байдаг.
Түүний олон газраар явж, бичиж нийтлүүлсэн олон тэмдэглэл, нийтлэлээс нь үнэхээр Гангаа гэдэг сэтгүүлч хэн хүний мэддэг, сэтгүүлч бүрийн бичдэг сэдвийг өөр өнцгөөс нь харж хамгийн  сайн бичдэг хүн байсан нь харагддаг.

Жамбалын Гангаа гэдэг ийм л нэг, жинхэнэ сэтгүүлч хүн байлаа. Тэр зөрүүд ч биш, адайр ч биш, харин өөрийн гэсэн зарчим, үзэл бодолтой, хэнийг ч даган дуурайгаагүй шигээ хэн бүхний мэдэх улиг болсон зүйлээс ч, хэний ч олж хараагүйг олж хараад, өөрийн гэсэн өнцгөөс яруу тод илэрхийлэн бичдэг жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч байлаа, Гангаа ах минь.
Утасаа авч лавлахаа шүүрдэх бүрийд “Gangaa ah” гэсэн танил нэр, дугаар гарч ирсээр л .....тэр бүрийд л таны намуухан дуу чихэнд сонсогдож, бичсэн нийтлэл, тэмдэглэл чинь санаанд буусаар байх нь дээ.
           
                                                                       Сэтгүүлч Ц.Цолмон

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан