Хоёр жил шахам Францын тэргүүн хатагтай гэгдэж явсан, тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын хамтран амьдрагч асан Валери Триервейлер шинэ номоороо сенсаац дэгдээж буй. Сэтгүүлч мэргэжилтэй экс тэргүүн хатагтай өнгөрсөн есдүгээр сар худалдаанд гарсан “Энэ мөчийн төлөө баярлалаа: Хууран мэхлэлт, хүч чадал, хайр сэтгэлийн түүх” номоо өөрөө бичсэн юм. Гэр бүлээ орхин байж, дэр нэгтгэсэн Франсуа Олланд эрх мэдлийн оройд гармагцаа хэрхэн нүүрээ буруулж, өөрөөс нь залуухан бүсгүйтэй нууц амрагийн харилцаа үүсгэсэн тухай, эцэс сүүлдээ үүнээс болж сэтгэлийн гүн хямралд орсон түүний араас эргээд ирээч хэмээн өдөр бүр хэрхэн чаргууцалдан гуйж буй тухай тэр энэ номдоо бичжээ. Францын Ерөнхийлөгчийн хувийн амьдралын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн эл номын хураангуй тэмдэглэл нь Английн “Daily Mail” сонинд хэвлэгджээ. Уг тэмдэглэлээс дор хүргэж байна.
2014 оны тавдугаар сар. Утас чичрэн дуугарч байна. Францын Ерөнхийлөгч, Франсуа Олландаас бас нэг хайрын мессэж иржээ. Өнөөдөр түүнээс ирсэн 12 дахь зурвас. Түүний өмнө нь илгээсэн бүх зурвасыг би хараагүй мэт хариулаагүй өнгөрүүлсэн. Харин энэ зурваст л хариу бичлээ. Тэр дор нь хариу ирж байна. Өнөөх л дасал болсон хайрын дуу, бүжиг шиг эцэс төгсгөлгүй мессэжээ илгээжээ. Гэнэт энэ бүхнээс залхах сэтгэл төрж, дахиад түүн рүү хариу бичихээ болив.
Хэдэн долоо хоногийн турш Франсуа надаас оройн хоол хамт идэхийг гуйж байгаа юм. Түүний мессэж нэг бол оройн хоолонд хамт орохыг хүссэн үгүй бол намайг ямар их санаж байгааг, өмнөх алдаагаа хэрхэн засах тухай, бид эргээд нийлэх нь түүнд ямар их хэрэгтэй байгаа тухай л байдаг.
Тэр над руу тасралтгүй мессэж бичээд зогсохгүй миний алхам бүрийг мэдэж байдаг. Бүр алс холын Нью-Йоркт буусан зочид буудлын өрөөнд түүний илгээсэн цэцэг, хайрын зурвас намайг хүлээж байдаг.
Түүний энэ бүх гуйлт, эелдэг занд итгэх зориг надад үлдсэн гэж үү. Үнэхээр түүний амьдралд хэрэгтэй цорын ганц эмэгтэй би мөн гэж үү? Тэр үнэхээр өөрчлөгдсөн болов уу?
Франсуа залуухан, жүжигчин бүсгүй Жули Гэйеттэй жил тойрон нууц харилцаатай байснаа хэлснээс хойш бараг дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ дөрвөн сарын турш би Элисейн ордон дахь өрөөндөө нойрны эм ууж унтаж байна. Үүнээс болоод эмнэлэг рүү түргэнээр очиход хүрсэн. Тэр үед тэр хүйтэн хөндий зангаа харуулж, салж байгаагаа хамтдаа олны өмнө зарлана гэв. Тэр зүрх сэтгэлийг минь шархлуулж байхдаа намайг бодоогүй атлаа одоо “хамтдаа” мэдэгдэл хийнэ гэх нь ямар утга учиртай гэж.
Өдрөөс өдөрт түүнийг гэсэн гал цогтой хайр минь унтарч байна. Би хараахан эдгээгүй л байна. Гадагш гарч хүмүүстэй уулзахад тэд намайг гайхалтай харагдаж байна хэмээн хэлдэг. Гэвч энэ бол зөвхөн тэдэнд харагдах өнгөц тал. Гэтэл би дөрвөн сарын турш өдөр бүр хоёр нойрны эм ууж орондоо орж байгаа шүү дээ. Надад зөвлөгөө өгч буй сэтгэлзүйч эмч “Ийм хүчтэй шоконд орсон хүнийг хараагүй” гэж хэлж билээ. Үнэхээр ч би шилдэг сэтгэлзүйчийн эмчилгээнд хамрагдаж байгаа ч үе үе сэтгэл гутралд автсан хэвээр байгаа. Тэр л үед Францын тэргүүн хатагтай байхын тулд ямар харгис хэрцгий сэтгэлийн тарчлал амссанаа санадаг юм. Ингэх тусам Франсуад уур хилэн минь улам их хүрнэ. Тэр яаж ийм муухай зүйл хийж чадав аа.
Одоо түүний нэр хүнд сонгогчдын хувьд хошин шог болжээ. Хэрэв тэр 2017 онд дахиад нэр дэвшвэл түүнд саналаа өгөх сонгогчид ердөө гурван хувьтай л байна. Тэр ингээд албан ёсоор Францын хамгийн муу Ерөнхийлөгч боллоо.
Тэр хамаг бүхнээ алдаж, хамгийн эцэст нь намайг ч бас алдлаа. Би түүний хувьд бүх амьдрал нь гэж тэр хэлдэг. Би л байхгүй бол тэр хэн ч биш болдог, тийм ч учраас намайг эргүүлэн авахыг хүсч байна гэдэг. Энэ нь яг л “Чи бол сонгууль” гэж байгаа мэт сонсогддог. Магадгүй тэр намайг эргүүлээд авчихвал Францын ард түмний зүрх сэтгэлийг ч эргүүлж чадна гэж бодож байж мэдэх юм.
Гэвч, хамгийн гунигтай нь, миний нэгэн цагт галзуу дурлаж байсан эр аль хэдийнэ “үхсэн”. Нууц амрагийн явдлыг нь байг гэхэд тэр Ерөнхийлөгч болсноосоо хойш ямар хурдан өөрчлөгдөж, танихгүй хүн шиг болж орхисныг нь би өнгөрсөн хугацаанд өдөр бүр өөрийн нүдээр харж байсан. Тэр эрх мэдэлд шунан согтох тусмаа хүн чанараа алдаж байгааг харсан билээ. Үнэн гэвэл эрх мэдэл гэдэг яг л хүчил шиг бидний хайрыг дотроос нь идэж, элээж байсан юм.
Үнэндээ үүний шинж тэмдэг бүр сонгуулийн өдөр буюу 2012 оны тавдугаар сарын 6-нд л ажиглагдаж эхэлсэн юм. Түүний ялалтын баярын мэдээг телевизээр дамжуулж, бөөн баяр хөөр болж байхад Николь Саркози утасдаж, баяр хүргэсэн. Ерөнхийлөгчтэй яриад дуусахад нь би тФрансуаг надтай хэдхэн хором цуг зогсоод, дурсгалын зураг авахуулаач гэсэн юм. Харин тэр цухалдангуйгээр татгалзаад, намайг арагш нь оруулж, хэн ч биш болгосон. Баяр хөөр, аз жаргалыг минь хоромхон зуур арчаад өнгөрсөн тэр явдлын дараа би ариун цэврийн өрөөнд ороод дотроосоо түгжээнд хэсэг сууж билээ. Тэр өдрийн орой Франсуа сонгуульд ялсан баяраа тэмдэглэж, ард түмэнд хандаж үг хэлэхдээ тайзан дээр надтай хамт гарсан юм. Гэвч тэр индрээс буухдаа тэнд байсан хуучин эхнэр, дөрвөн хүүхдийнхээ ээж Сеголен Рояалыг очиж үнссэнийг бүх хүн харсан байх. Яг тэр агшинд хэвлэлийнхний камер шууд л над дээр тусч, ямар нүүрний хувирал гаргах нь вэ гэж ажиглаж байлаа. Франсуаг тайзны голд эргээд ирэхэд нь би түүний чихэнд “Намайг үнс” гэж шивнэхдээ “Уруул дээр” гэж хэлэхээ ч мартаагүй юм. Тийм ээ, би хүмүүст Сеголен бид хоёрын ялгааг мэдрүүлэхийг хүссэн юм. Магадгүй тэр үед сэтгүүлчид миний юу хэлснийг уруулын хөдөлгөөнөөр ажиж мэдсэн байх. Тэгээд л “захирангуй эмэгтэй” гэсэн сэтгэгдэл төрүүлэх нийтлэл бичихдээ үүнийг нэг нотолгоо болгон ашигладаг биз ээ.
Тэр үеэс л улс төр бол надад зориулагдаагүй ертөнц гэдгийг би ойлгох ёстой байсан юм. Би бол жирийн л нэг ажилчин гэр бүлээс гаралтай, өөрийнхөө хүслээр бүхний хийдэг, илэн далангуй хүн. Гэвч улс төрийн элитүүд бол өөр хүмүүс. Тэд наашаа харж инээдэг ч цаашаа харахдаа өс санаж байдаг. Тийм ч учраас би тэргүүн хатагтай болж, Элисейн ордонд суухад бэлтгэгдээгүй хүн байсан юм. Ялангуяа миний хайртай эрэгтэйн хүрсэн амжилт түүнийг надаас улам бүр холдуулж байгааг мэдэх үед би үүнийг илүүтэй ойлгосон. Тэр олны нүдний өмнө намайг өөртөө нэг тохойгоос илүү ойртуулахаа больсон. Заримдаа би онцгой сайхан харагдаж байгаа үед түүний эелдэг зан сэргэж, сайхан үгс хэлдэг байсан ч энэ тийм ч удаан үргэлжилдэггүй байв.
Тэр намайг өөрөөс нь өндөр харагдахад дургүйцдэг учир хааяа өндөр өсгийт өмсөхөөр их уурлана. Нэг удаа төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын өмнө намайг их сайхан харагдаж байна гэж магтсан ч “Ингэж харагдах гэж их уддаг уу” хэмээн асуусан юм. Би “Багахан цаг л зарцуулсан” гэхэд “Үүнээс илүү анхаарах ёстой ажил чамд байх ёсгүй” гэсэн хачирхалтай үгс чулуудаж билээ.
Тэргүүн хатагтайн хувьд хүмүүнлэгийн янз бүрийн ажилд оролцож, бас “Paris Match” сэтгүүлд номын шүүмж бичдэг намайг ингэж хэлэхэд би түүнийг тоглоод байна уу даа гэж бодсон. Гэвч тэр над рүү хүйтэн харцаар ширтээд ингэж хэлсэн учраас үнэнээсээ хэлж байна гэж итгэхээс өөр аргагүй болсон юм даа. Түүний бодлоор бол би зөвхөн түүнийг сайхан харагдуулж, чимж байх л үүрэгтэй бололтой. Тэр энэ мэтчилэн миний хувцас шүүгээний асуудал их оролцдог нь намайг залхааж байсан. Нэг удаа хэтэрхий задгай хувцасласан байна гэж уурлаад “Явж хувцасла” хэмээн хашгирч байсан удаатай.
Тэр үед бидний хайр сэтгэл түүнд тийм утга учиртай байсан гэж үү. Нэг сэтгүүлийн нүүрэн дээр бидний зураг гарсныг санаж байна. Тэр зургийг харчихаад “Чи хамаг зайг нь эзэлчихэж” гээд уурлаж байсан гээч.
Үүн шиг явдал цөөнгүй тохиолдож байсан. Ерөнхийлөгч болсноос зургаан сарын дараа нь миний тухай “Le Monde” сонинд миний тухай нэг нийтлэл гарсан юм. Үүнийг хараад тэр бас л аймшигтай уурласан. “Le Monde”-д зөвхөн түүний тухай л бичих ёстой байж л дээ. Түүний энэ байдлыг хараад нулимс асгарахаас өөр би юу ч хийж чадахгүй байв. Тэр намайг зүгээр л үл үзэгдэгч шиг амьдрахыг хүсч байсан юм. Би хэвлэл мэдээллийнхэнд харагдахгүй, харин тэр өөрөө бүхний анхаарлын төвд байх ёстой байж. Тэр үед миний тухай хоёр ном гарсан юм. Нэг нь “Асуудал үүсгэгч” нөгөөх нь “Хааны нууц амраг” нэртэй. Энэ удаа тэр миний тухай энэ сөрөг сэтгэгдэл өөрт нь муугаар нөлөөлж, түүний нэр хүндэд ч халдварлах вий гэж санаа зовж байгаагаа хэлж билээ.
Нелсон Манделагийн бие муу байхад би Өмнөд Африк руу явж, сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцмоор байна гэдгээ Франсуад хэлэхэд “Чамайг тэнд байх ёстой шалтгааныг олж харахгүй байна” гэж хариулсан юм. “Тэгвэл би зардлаа өөрөө төлөөд, сэтгүүлчийн хувиар очих болно” гэж би ч зүтгэсэн. Энэ явдлаас хойш нэг их удалгүй Мандела таалал төгсч, Франсуа ч бодлоо өөрчилж намайг явж болно гэв. Гэвч тэр нь сайндаа ч биш, оршуулгад оролцохоор явсан бүх төрийн тэргүүн тэргүүн хатагтайгаа дагуулж явж байснаас болсон юм билээ. Энэ явдал надад бас нэг цохилт болов. Тэр нисэх буудал руу явахдаа намайг өөр машинд суулгаад Николь Саркозиг машиндаа суухыг урьсан юм. “Чи түүнийг Карлатай хамт машинд чинь сууна гэж бодоо юу” гэж би түүнд уурласан. Харин тэр надад юу ч хэлэлгүй, Саркозитой цуг яваад өгсөн дөө. Өмнөд Африкт очсон хойноо ч тэр намайг үл тоосоор, үл таних олны дунд ганцаардуулсаар байсан.
Ингээд биднийг Францад буцаж ирэх үед түүний рейтинг чөлөөт уналтын хурдаар доошилж байв. Рейтингийн шинэ мэдээ ирэх бүрт түүний надад хандах хандлага улам ширүүсч байсан. Түүний бүтэлгүйтэлд хэн нэг буруутан хэрэгтэй байсан бололтой. Нэр хүнд нь унаж байгаад намайг л буруутгах болов. Францад ажилгүйдэл нэмэгдэхэд, үйлдвэр хаагдахад, Засгийн газарт тохиолдсон муу мэдээ бүхэнд би л буруутай мэт тэр надад уурлаж бухимдаж, бүр өөрийнх нь сонгосон хоолны цэс хүртэл таалагдахаа болиод, шинэ талх авчирсангүй гэж надад уураа гаргадаг болсон. Тэр улс төрөөс өөр юу ч сонирхохоо больсон. Урлаг, утга зохиол, миний бичдэг номын шүүмж гээд юу ч түүнд сонин биш.
Түүний төлөө улс төрийн сэтгүүлчийн карьераа орхисон ч эцэстээ би түүний хувьд хэн ч биш болжээ.
2014 оны зургадугаар сар. Шархан дээр минь давс цацах мэт Франсуа над руу мессэж бичсээр байна. Тэр олон нийтийн өмнө надаас уучлал гуйхаар бэлтгэж байгаа гэж бичжээ. Гэвч би түүнд итгээгүй. Би түүний ямар ч үгэнд итгэхээ больсон. Өнөөдөр “Closer” сэтгүүлд түүнийг өнөө жүжигчин бүсгүйтэйгээ уулзсаар байгаа гэж бичжээ. Энэ үнэн болов уу. Гэвч тэр сэтгүүл гарсан даруйд мессэж бичээд энэ худлаа шүү гэж анхааруулав. Утсан дахь зурвасаа доош гүйлгэн харвал надтай хамт хаашаа ч хамаагүй явахыг хүсч байна, надтай амьдрахыг л туйлын их хүсч байна гэжээ.
Үүнд нь тэгээд би итгэх үү. Алинд нь үнэмшиж, алийг нь худал гэх болж байна.
Энэ хугацаанд Франсуа над руу зурвас илгээхээ огтхон ч зогсоогүй. Тэр Барак Обаматай уулзаад, Владимир Путинтэй дараагийн уулзалт хийх хоорондоо над руу мессэж бичих зав гаргадаг. Түүний жүжигчин бүсгүйтэйгээ уулзаж байгаа нь үнэн эсэх нь хамаа алга. Гэхдээ тэр огтхон ч өөрчлөгдөхгүй гэдгийг би эндээс олж харсан юм. Түүний надад гаргасан энэ бүх зан араншин түр зуурын явдал биш, түүний нэг хэсэг гэдгийг би олж харсан юм.
2014 оны зун. Олланд, Гэйет хоёр удахгүй харилцаагаа албан ёсны болгон зарлана гэсэн мэдээлэл гарчээ. Мэдээж энэ бас л худлаа шүү гэж Франсуа над руу мессэжээр мэдэгдсэн. Тэр бүсгүй миний хувьд хэн ч биш гэж тэр бичжээ. Өмнө нь хэдэн зуун удаа сонсч байсан иймэрхүү үгс одоо утгагүй санагддаг болжээ. Гурав дахь удаагаа тэр олон нийтийн өмнө надаас уучлал гуйна хэмээн хэллээ. Гэвч энэ амлалтдаа хүрээгүй л байна.
Өнөөдөр би түүний над руу илгээсэн мессэжийг тоолж үзлээ. 29. Зөвхөн өчигдөр тэр над руу 29 зурвас илгээжээ. Цаг минут бүрийг нь төлөвлөсөн байдаг Ерөнхийлөгч ингэж өдөржин мессэж бичиж суудаг. Гэвч би түүний зурваст ямар ч хариу өгөхгүй байхаар шийдсэн. Харин тэр намайг ямаршуухан байгааг найз нөхөд, хүүгээр минь дамжуулан асууж сурсаар байгаа гэсэн. Хамгийн хачирхалтай нь, тэр миний сэтгүүлд бичсэн номын шүүмжийг хүртэл уншсан гэсэн шүү. Гэхдээ намайг өөртөө эргүүлэн татах гэсэн түүний энэ оролдлого ямар ч амжилтад хүрээгүй. Хэдэн долоо хоногийн өмнө тэр бүр гэрлээч гэж гуйсан. Гэвч хэтэрхий оройтжээ.
Заримдаа би түүнийг, бидний хайр сэтгэлийг, юунд ч үл хоригдож байсан хүсэл тэмүүллээ санадаг. Гэвч өнгөрсөн бүхэн хэзээ ч эргэж ирдэггүй. Эсвэл эргэж ирлээ ч зүрх зүсч, нулимс урсгам гашуун байдаг.
Хэтэрхий олон худал амлалт, урвалт мэхлэлтийг ардаа орхисны эцэст яагаад тэр бүхнийг эргээд үзэж туулах ёстой гэж. Одоо урагшаа алхах цаг нь болсон.