Монгол Улсын хүн амын 51,7 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг. Хүн амын 50,4 хувь нь эмэгтэйчүүд. Тэгэхээр эмэгтэйчүүд нийгэмд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг шигээ ачааны дийлэнхийг үүрдэг гэсэн үг. Харамсалтай нь, ачааны хүндийг үүрдэг шигээ нийт өвчлөлийн ялангуяа эдгэрэхгүй шатанд хүрсэн өвчний дийлэнх нь мөн л эмэгтэйчүүдэд ногддог. Өнөөдөр жилд 300 гаруй эмэгтэй савны хорт хавдраар өвчилдөг гэсэн тоо гарч. Хамгийн эмгэнэлтэй нь эмэгтэйчүүд маань өвчнөө мэдэлгүй явсаар хүндэрсэн үед нь эмнэлэг барааддаг.
Нөгөөтэйгүүр хавдрын шинж тэмдэг илэрч байсан ч ухаан алдаж унаад хэвтэрт орчихоогүйл бол гэсээр хоногийн хоолны төлөө өдөр шөнөгүй ажилласаар эцэст нь хавдрын эцсийн шатанд эмнэлэгт ханддаг. Жил ирэх бүр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж буй юм. Үүгээр ч зогсохгүй, өвчин тусч байгаа насныхан залуужих хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Уг нь өрхийн эмнэлгүүд дээр савны хавдрын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа ч үүнд хамрагдаад өөрийгөө үзүүлэх хүн даанч цөөхөн. Дургүйд хүчгүй гэгчээр өрхийн эмч нар ч санаа тавихгүй сайн дурын шинжилгээ хэмээн зөнд нь хаячихдаг. Гэтэл бүх нийтээр хамрагдах шинжилгээ, ажлын үр дүнг нь үүгээр хянана хэмээсэн бол өдийд энэ ажил нэлээд ахицтай байхсан. Түүнчлэн эмэгтэйчүүд маань үр хүүхэд, хань ижлээ нэгдүгээрт тавих нь зөв ч ганц цаг өөртөө зарцуулаад өрхийн эмнэлэг дээрээ очоод шинжилгээ өгчихвөл гэр бүлдээ дэм болж байгаа юм гэдгээ ухаарах цаг нэгэнт болж. Савны хорт хавдар ямар үр дагавартай, үүнийг дагаад ямар бэрхшээл гарч буй талаар эмэгтэйчүүддээ урьдчилан сэргийлүүлэх үүднээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг хөл хөдөлгөөн ихтэй. Дараалсан олон хагалгаатай хэмээн эмч нар цай уух ч завгүй. Мэс засалд орох хүний анкет бүртгэлттэй танилцах, ар гэрийнхэнтэй нь уулзах гээд түмэн завгүй. Үүний хажуугаар нүдэнд гуниг, харуусал, цөхрөл хургасан хань ижил, үр хүүхэд хамаатан садан нь холхино. Үхэл хагацлын заагт хэвтэх эмэгтэйчүүд л Хавдрын дөрөвдүгээр шатндаа хүрчихэж, ХСҮТ-ийнхөн болон эмч нарт өдөр бүр л хэн нэгэнд ийм цочирдом мэдээ хүргэх хэрэгтэй болж. Та өөрийнхөө эргэн тойронд байгаа садан төрөл, танилуудынхаа талаар цухас дурсаад үзээрэй. Хавдартай ямар нэгэн байдлаар хэн нэгэн нь холбогдож, танд энэ талаар ярьж байсан биз. Ээж, эхнэр минь хавдартай гэнэ ээ. Хань ижил, үр хүүхдүүдийнх нь хувьд амьдралд нь тохиолдож буй хамгийн том зовлон шаналал энэ. 40 дөнгөж гарч яваа С.Цэнд хэмээх бүсгүй энд хагалгаанд орох өдрөө хүлээн суугаа аж. Тэрээр савны хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд түүнд амьдрах цөөхөн хоног үлдсэн гэдгийг эмч нар дуулгаж. Хагалгаа хийлгээд амжилттай болбол амьдрах хоног нь нэмэгдэнэ гэсэн байлаа. Тэрээр “Би хоёр охинтой. Охид маань 22-24 насных. Бага охиноо 25-тайдаа гаргасан. Түүнээс хойш хүүхэд гаргаагүй. Тийм болохоор эмэгтэйчүүдийн эмнэлгээр нэг их яваад байдаггүй. Ер нь, эмнэлгээр яваад шинжилгээ өгөөд байдаг эмэгтэй манай орны нөхцөлд хуруу дарам цөөхөн. Жирэмсэн байхад л бүх шинжилгээ оношилгоог хийлгээд авдаг. Иймээс ч жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дунд савны хорт хавдраар өвчлөх нь бага байдаг гэсэн. Хэрэв би бага охиныхоо дараа ахин жирэмсэлсэн бол үзлэг оношилгоонд нь хамрагдаад өдийд өвчингүй эрүүл саруул байх байсан болов уу гэж хааяа харамсах юм. Эмэгтэйчүүд маань үзлэг оношилгоонд жилдээ ядаж нэг удаа хамрагдаж байгаарай. Над шиг хожим нь бүү харамсаасай гэж хэлье. Хавдрыг бага дээр нь илрүүлэх юм бол эмчилгээ хийгээд мэс заслын аргаар аваад эрүүл амьдрах боломж бий гэдгийг л ухаараасай” хэмээн ярьсан юм.
Харин өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан нэгэн бүсгүй “Би савны хорт хавдартай хэмээн оношлогдоод зургаан сар болж байна. Энэ хугацаанд миний амьдрал орвонгоороо эргэсэн. Нөхөр маань намайг хорвоо дээр хамгийн хайртай хүн минь л гэдэг байсан. Гэтэл савны хорт хавдар бэлгийн замаар халддаг гэж сонссон гээд намайг үзэхээ байсан. Хорт хавдартай гэдгийг анх сонсоод намайг асарч хамт бүхнийг даваад гарна гэж байсан хүн савны хорт хавдар бэлгийн замаар халддаг гэх шалтгаан хэлээд элдвээр авирлах болсон. Энэ үг хавдраас минь илүү намайг үгүй хийж байна. Цаашдаа энэ өвчнөөр олон эмэгтэй над шиг битгий шаналаасай” хэмээн / нулимс асгаруулан/ ярьсан юм. Судалгаанаас харахад ихэнх эмэгтэйчүүдэд вирусийн замаар энэ өвчин халдварласан байдаг аж. Харамсалтай нь, энэ вирус тээгч нь эрэгтэйчүүд байдаг аж. Иймээс эр нөхөр, эрчүүд та олон хавьтагчтай байх нь эхнэрийгээ болон өөр бусад бүсгүйг үхэл рүү түлхэж байгаатай адил гэдгийг мэдрээсэй. Энэ мэтээр өвдөж шаналсан эмэгтэйчүүд маань өөр өөрийн зовлонтой байлаа. Иймээс өвчин туссан гэж хэн нэгнийг буруутгах, гомдох бус эртнээс энэ өвчнөөс сэргийлж байгаасай.
Ер нь, хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг аж. Үүнд хамгийн эрсдэл өндөртэй нь хүний папиллом вирусээр үүсэх. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн замын өвчин тусах, мөн олон хавтагчтай байх зэргээс шалтгаалдаг. Түүнчлэн олон удаа үр хөндүүлсэн болоод ямар нэгэн үрэвсэлт өвчин, ерөндөг удаан тавиулах зэрэг нь умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг өндөрсгөдөг гэнэ. Түүнээс гадна танаас хамгийн их шалтгаалдаг нь гормоны өөрчлөлт болон тамхи татах. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань тамхи татах нь ихэсч, зарим нь турах эсвэл гоё харагдах гэх мэтээр тамхи татдаг хэмээн ярьдаг. Тэгвэл тамхины найрлагад хавдар үүсгэх бодис орсон байдаг. Тухайлбал, өдөрт арван ширхэгээс доошгүй тамхи татах эсвэл удаан хугацаанд тамхи татдаг байх нь хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг байна. Тамхи татаж байгаа бүсгүй танд өнөөдөр хавдрын шинж тэмдэг илрэхгүй. Гэхдээ магадгүй таны биед хуримтлагдсаар байж болзошгүй. Иймээс та эрт үед нь шинжилгээнд хамрагдаад үзээрэй. Ээж, эмэгтэйчүүд маань эрүүл энх байх болтугай.