Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр” энэ сарын сарын 23-ны ням гаригт тохиож буй. Уг өдрөөр Чингис хааны одон гардан авах хүндтэй эрхмийн нэрийг зарлалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ жил уг шагналд төр, нийгэм, соёл, урлаг, шинжлэх ухааны салбараас олон хүний нэр дэвшүүлснийг судалсан. Ингээд Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг шагнахаар боллоо” гэсэн юм.
Академич Хавтгайн Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөнөөс хойш математикийн салбарт тасралтгүй 46 жил ажиллаж байгаа эрдэмтэн хүн. Физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон. Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлжээ. Х.Намсрайн шинэхэн туурвисан ном өнгөрсөн аравдугаар сард АНУ-д хэвлэгдсэн нь өчигдөр шуудангаар ирсэн байна.
Тэрээр 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна. Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Чингис хааны одонгоор шагнахаар болсныг Тамгын газрын дарга П.Цагаан дуулгалаа.