Дунд сургуульд байхад хичээл дугуйландаа явах, гэрийн ажлаа хийх, дүү нараа харах гээд ажил мунддаггүйсэн. Хотын төвөөр зугаалаад байх зав чөлөө ч гардаггүй байлаа. Өнөөдөр ч хотын захын зарим дүүргийн хүүхдүүд хотын төвд орж ирвэл төөрчихөж болзошгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар Худалдаа үйлчилгээний хэлтэстэйгээ хамтран дүүргийнхээ сурагчдад танилцуулах явган аялал зохион байгууллаа. Уг аялалд 3,4,6,35,58 дугаар сургуулийн 50 гаруй шилдэг сурагч оролцсон юм. Аяллын зорилго нь хүүхэд багачуудад эх орноо хайрлах, амьдарч буй нийслэлийнхээ соёлын талаар мэдээлэлтэй болох, үүгээрээ бахархах төлөвшил олгоход оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Аяллын эхний хэсэгт сурагчдад Экологийн боловсролын төвийн байгаль экологийн музей үзүүлж “Нийслэлийн түүх, соёл-бидний бахархал” илтгэлийг түүх судлаач Улаанбаатар хотын музейн тайлбарлагч Н.Очбаяр хүргэсэн. Үүний дараа дүүргийн төр захиргааны байгууллагын байртай танилцсан юм. Дүүргийнхээ иргэдэд нэг цэгийн үйлчилгээ хүргэх үүднээс 10 давхар шинэ байрыг энэ онд ашиглалталтад оруулсан. Тус байрны нэгдүгээр давхарт иргэний бичиг баримт, татвар, санхүүгийн талаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хоёроос ес хүртэлх давхарт дүүргийн хэлтэс, албад байрлаж аравдугаар давхарт хоолны газартай. Зохион байгуулагчдын зүгээс ч шинэ байранд нь хүүхдийн дуу цангинаж жаврыг нь үргээлээ хэмээн ихэд баярлаж байлаа. Тус аяллыг зохион байгуулж байгаа Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст хүүхдүүд зочилж, хэлтсийн албан хаагчдын ажил албатай танилцлаа. Сурагчдын аялал Чингисийн талбайд очих, Төрийн түүхийн музей үзэх, нийслэлийн шав тавьсан газар буюу “Мэлхийт” хөшөөн дээр очих зэргээр үргэлжилсэн юм.
Аяллын үеэр зарим сурагчтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.