Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Гуравдугаар амаржих газрын шинэ барилгын санхүүжилтийг “дусал”-аар шийдэж байна


2015 оны төсөв батлагдах гээд дуншиж байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмжийн зардлыг ямар ч байсан 30 хувь танахаар болж байх шиг. Гэтэл аль 2011 онд эхлүүлсэн зарим эмнэлгийн барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадаагүй л байна. Бид өмнө нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын явцын талаар “Өлгийдөө өтөлж буй өргөтгөл” нэртэй нийтлэлээр хөндсөн. Тэгвэл энэ удаад нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа гуравдугаар амаржих газрын шинэ барилга хэзээ ашиглалтанд орж, үйлчлүүлэгчдээ хүлээж авах тухайд мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хүйтний эрч чангарах тусам эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж иргэдийн бухимдал ч дээд цэгтээ хүрч байгаа бололтой. Дүүргийн эмнэлгүүд аргагүй эрхэнд коридортоо гудас дэвсээд ч атугай нялхсаа хүлээж авч байгаа бол амаржих газрууд  ор хүрэлцээгүй гэх шалтгаанаар тулгар биетэй эхчүүдээ төрөхөөс бусад үед буцаасаар. Төрсөн ээжүүдээ нярайтай нь нэг хонуулаад л эмнэлгээс гаргаж байна. Хагалгаа хийлгэж, хүүхдээ төрүүлсэн эхийг наад зах нь гурав хоног биеийн байдлыг нь харж, эмчийн хяналтад байлгах ёстой гэдэг ч байгаа хэдхэн ор нь дүүрч, төрөх дөхсөн эхчүүд нь дугаарлаж байхад эмнэлгийнхэн яалтай. Энэ бол манай амаржих газруудад тулгарч буй нийтлэг бэрхшээл. Нялхсын эндэгдэл буурахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой.

Гуравдугаар амаржих газрын тухайд хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчилдэг. Шилжин ирэгсэд, гэр хороолол, амьдралын баталгаажих төвшин доогуур өрх олон. Гэвч төрөлт нэмэгдсээр байдаг.  Гуравдугаар амаржих газар нь  45 ортой ч, өдөрт 100 гаруй  эх хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр олон жилийг үдэж байна. Уг нь эмнэлгийн сайхан өргөтгөл барьж ашиглалтад оруулна хэмээн сайд дарга нь дөрвөн жилийн өмнө амлаж, суурь ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл амаржихын барилга ашиглалтад ороогүй л байна. Төлөвлөгөөнд тусгасан ёсоор 2014  оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ёстой байв.

13:00  цагийн үед Баянзүрх дүүргийн тамгын газрын зүүн талд баригдаж байгаа III Амаржих газрын шинэ барилга дээр очлоо. Амаржихын барилгын эргэн тойронд битүү орон сууц барьжээ. Өнгөрсөн жилийн өдийд энэхүү барилгын ажлын явцыг сурвалжлахад эргэн тойронд нь цөөхөн хэдэн барилгын ажил явагдаж байсан санагдана. Гэтэл жилийн дараа олон өндөр барилга сүндэрлэж, айлуудаа хүлээгээд авчихаж. Харин өнөө төрөхийн барилга үүдээ нээгээгүй л байна. “Энд барилгын ажил явагдаж байна” гэсэн хаяг үүдэндээ зүүсэн ч ажил хийж байгаа хүн алга. Уг нь гаднаас нь харвал боломжийн барилга босчихсон, цонх шилийг нь хийчихэж. Хэрэв төрөхийн барилга биш бол өдийд аль хэдийнэ ашиглалтад орчихсон л доо гэж бодсоор  хуучин гуравдугаар төрөх эмнэлэгт ирлээ. Эмч нар нь “Бид нүүж ор гэсэн шийдвэр гарахыг л хүлээгээд бүх зүйлээ бэлтгээд байна. Хуучин барилга маань муудаж, халаалалт ч сайнгүй байгаа. Бид эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг хүргэ­хийн хажуугаар орон байр­ны асуудалд анхаарал хандуу­лахаас өөр аргагүй байдалтай байгаа. Хэрэв амаржихын барилга ашиглалтад орчих юм бол нэг ч гэсэн асуудалд санаагаа зовоохгүй ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ шүү дээ” хэмээн угтлаа. Ингэж удтал хүлээлгэсэн барилга ашиглалтад орсны дараа чанар нь ямар байх бол гэдэг нь эмнэлгийн удирдлагуудын санааг хамгийн ихээр чилээж байгаа гэсэн.
Ингээд тус төрөхөөр үйлчлүүлж байгаа зарим эмэгтэйтэй уулзлаа. Өөрийгөө Л.Туяа хэмээн танилцуулсан бүсгүй “Би төрөх дөхчихсөн, өвдөж ирээд гурван ч удаа буцсан. Төрөх болчихоод байхад ор хүрэлцэхгүй хүлээж бай гээд л буцаадаг. Сүүлдээ аргаа бараад таньдаг хүнээрээ яриулж байж ирж хэвтээд төрсөн. Гэр нь хол хүмүүс бол олон дахин явах гэж хэцүү. Манай дүүрэг чинь гэр хороололд нь шилжин ирэгсэд, төв рүүгээ болохоор орон сууцны оршин суугч олшроод ачаалал ихтэй л юм билээ.  Тэгээд ч эмнэлгийн үйл ажиллагаа нь байр орон савтай холбоотой байх аа. Ачаалал ийм их, дээр нь төрөхийн хоёрхон өрөөтэй байхад арга ч үгүй биз” хэмээн ярьсан юм.

С.Анужаргал хэмээх бүсгүй “Би хагалгаа хийлгэж төрөөд хоёр хоноод л эмнэлгээс гарч байна. Оёо гайгүй болохоор гар гэсэн. Тэгээд өрхийн эмчийнхээ хяналтад ороорой гэсэн. Гэтэл надтай яг адилхан төрсөн эмэгтэйг хоёр хоног харна гээд гаргасангүй. Эгч нь сувилагч хийдэг юм гэсэн. Ер нь, танил талтай бол эмчилгээ сайн хийлгэж хэд хонодог. Танилгүй мань мэт шиг хүн нэг хонов уу, үгүй юу эмнэлгээс хөөгдөх шахуу л гарч байна. Гуравдугаар төрөхийг эмнэлгийн тусламж үйлчилгээ тааруухан үзүүлдэг гэдэг. Үнэндээ энэ олон мянган хүнд үйлчилж байхад арга ч үгүй гэж бодох юм. Гэхдээ шинэ байранд орохоор өөрчлөгдөх байлгүй дээ” хэмээв. Ийн эхчүүдтэй ярилцах зуур төрөхийн хүлээн авах дээр олон хүн ирэх ч ихэнх нь буцаж байгаа харагдсан. Эм­нэл­гийн зүгээс өдөрт 100 хүн үйлчлүүлдгээс 52 хувийг нь буцаадаг. Мөн хагалгаа хийл­гэж байгаа хүмүүсийнхээ шар­хыг аль болох хурдан эдгээх, эмчилгээг түргэсгэх арга хэмжээ авдаг. Ингэж байж дараагийн үйлчлүүлэгчээ хүлээн авдаг гэж байлаа.

Гуравдугаар амаржих  газрын шинэ барилгын нийт төсөв 9,05 тэрбум төгрөг гэсэн. Харин Эрүүл мэндийн яамнаас тус төрөхийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл авах гэсэн боловч төрөх эмнэлэг нийслэлийн харьяанд байдаг. Нийслэлээс асуу гэж илт бултав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Төлөвлөлт санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Баярмаагаас энэ тухай тодруулахад “ Гуравдугаар амаржих газрын шинэ барилгын ажил гэрээ ёсоор энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орох ёстой. Гэвч санхүүжилт удааширч байгаагаас хугацаан­даа ашиглалтад орохгүй. Бид боломжийнхоо хэрээр мөнгө шилжүүлж байна. Долоо хоногт 200, 300 сая төгрөг шилжүүлдэг. Уг нь 2013 онд 5,2 тэрбум төгрөг батлагдсан. Одоогоор барилгын дотор засал чимэглэл хийгдэж байгаа. Гадна пасад өнгөлгөө бүрэн хийгдсэн. Мөн халаалтаа ч  тавьсан гэсэн. Гүйцэтгэгч бай­гууллага болох “Цамхаг өр­гөө” констракшны зүгээс барилгын ажил 75 хувьтай байна гэсэн мэдээ ирүүлсэн. Барил­гын чанарын хувьд манайх нийслэлийн Хөрөнгө оруу­лалтын газартай хамтран хяналт тавьж ажилладаг. Дээр нь ашиглагч байгууллага болох гуравдугаар амаржихын удирдлагууд давхар хянаж байна” хэмээн ярьсан юм.
Тус төрөхөд одоогоор 150 гаруй эмч эмнэлгийн албан хааг­чид ажилладаг бөгөөд шинэ өргөтгөл ашиглалтад орох цагт 450 гаруй эмч эмнэлгийн ажил­­тан хэрэгтэй болох юм билээ.

Ёстой л дуслыг хураавал далай гэгчээр бага багаар хөрөнгө оруулж, дусал дуслаар ажил хийж байгаа учраас бидний очиход хэн ч үгүй хоосон байшин угтсан болж таарах нь. Холбогдох сайд дарга нь тууз хайчлах болохоор хамгийн түрүүнд ирэх атлаа ажил хэрэг болгох тал дээр анхаарч байгаа нь энэ бололтой. УИХ-ын гишүүн Ж.Батзандан дүүргийнхээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын засвар өргөтгөлийн ажилтай танилц­сан. Энэ үеэр Гуравдугаар амаржих газрын шинэ барилга ес, аравдугаар сард ашиглалтад орно хэмээн мэдээлэл өгч байсан. Тэгвэл өнөөдөр арваннэгдүгээр сар дундаа орж байгаа ч төрөх газрын барилга нь дусал дуслаар орж ирэх хөрөнгөө харж хөндий хоосон оргисоор л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан