Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Элэг эмтрүүлсэн хорт хавдар эдгээх эмээ хүлээж байна


Хүн болж төрөөд үр удмаа төрүүлж өсгөх нь энэ хорвоогийн утга учир, хамгийн том аз жаргал билээ. Тийм л жаргалыг бэлэглэсэн үр хүүхдийнхээ ард орно гэдэг энэ ертөнцийн хамгийн хүнд сэтгэлийн зовлон. Эцэг эхийнхээ гар дээр амьсгал хураахдаа ганц удаа ёолж зүрхлэхгүй байхыг харах үнэхээр өр өвтгөм. Тэртээ тавь гаруй жилийн өмнө тоонот гэрт толгой холбосон өвөө, эмээ хоёр маань есөн эрдэнэ шиг хоёр хүү, долоон охины аав ээж болжээ. Эхний гурав нь охин гарч, дөрөв дэх нь хүү төрсөн учраас өвөө, эмээ хоёр маань хүүгээ анх хараад уйлж байсан гэдэг. Гэтэл уйлуулж ирсэн хүү нь уйлуулаад л яваад өгсөн юм. Гэр бүлд маань тохиолдсон хагацал зовлон өөр айлд ч бүү тохиолдоосой гэсэндээ элэгний хорт хавдрын нас барсан тохиолдлын тоогоор Монголыг дэлхийд нэгдүгээрт бичигдэхэд хүргээд байгаа аюулт өвчний талаар өөрийн мэдэж, судалснаа хүргэе.


Өвчний түүх-болсон явдал

Хоёр жилийн өмнө нэгэн дуудлагыг хүлээж аваад гэрийнхэн маань үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хөдөлгөөнд орлоо. Тэртээ мянган км-ийн цаана суугаа нагац ах маань ухаан алдаад уначихаж. Зөвлөлтөд сургууль авчихаад шарласан гэсэн шалтгаанаар хасагдаж байснаас өөрөөр эцэг эхийнхээ санааг зовоож, өвчин ороож үзээгүй ах маань хэдийгээр ухаан алдаж унаад сэргэсэн ч аюул гадаа ирчихээд хаалга тогшиж буй мэт сэтгэлийн дарамттай явдаг болов. Ингээд өвөө эмээ хоёрын шахалтаар удалгүй Улаанбаатарт ирж шинжилгээ өглөө. Олон удаа­гийн шинжилгээний дараа ха­риугаа сонсох өдөр болоход эмээ аашилж загнасаар жаахан хүүхэд аятай нагац ахыг дагаж явлаа.

Эмчийн өрөөний хаалганы цаана хүлээж суусан эмээгийн хажуугаар нагац ах хар цагаан дуугүй гараад явчихаж. Эмээ ч гадарлаж, эмч рүү орж асуувал онош нь “Элэгний гол судсан дээр хавдар ургасан байна. Одоо хортой, хоргүй эсэхийг нь шинжилнэ” гэжээ. Дахиад л олон өдрийн шинжилгээ, хүлээлт үргэлжилж хариугаа сонсох өдөр ирлээ. Энэ удаа эмч “Хавдар хагалгаа хийхэд нэгэнт оройтож. Бас элэгний гол судсан дээр байрласан учраас хагалгаа хийх боломжгүй” гэжээ. Нэгэнт анагаахын шинжлэх ухаан “эцсийн” үгээ хэлсэн учир ардын уламжлалт эмнэлэгт хандлаа. Шинжилгээний хариуг харсан учир мэдэх хүн бүр л ямар ч арга алга гэнэ. Харин хорвоо дээр байх эцсийн өдрүүдийг сунгаж болох өөр өөрсдийн мэддэг арга чаргаа хэлнэ.

Ингээд ямартаа ч нэг сар хэрэглэх эм тан аваад ах маань нутаг буцсан. Биеийн байдал нь гайгүй, тогтуун байсан учраас тэр үү, аав ээждээ царайгаа харуулахаас ч жийрхсэн үү уламжлалт эмнэлэгээс эм тангаа захиж авхуулсаар нутагтаа зургаан сар, хотод нэг сарыг эмнэлэгт өнгөрүүлэв. Тэр хооронд ахын маань хамаг бие хавдаж, шарлалаа. Үүнийг хараад 80 шахаж яваа өвөө эмээ хоёр минь өвчтэй хүүгээсээ илүү зовж байх шиг, хэдхэн сарын дотор дэндүү хурдан өтөлж билээ.
Ингээд тун удалгүй ах маань сүүлчийн амьсгалаа хурааж, цаг хугацаа ямар хурдан өнгөрдөгийг, хүний амь цагаа тулахаар ямар хэврэг гэдгийг бидэндээ ойлгуулаад хорвоогоос буцсан даа. Ингэж манай гэр бүлд элэгний хорт хавдар гэгч том сүүдэр гүн хагацал үлдээн одсон юм.

Хавдар-Гамшиг

Тэртээ 20 жилийн өмнө миний аавын шанаан тушаа нэгэн жижиг зүйл гараад, маш хурдан томорч, нийслэлд ирээд үзүүлвэл хорт хавдар, мянган хүний нэгд л тохиолддог өвчин гэсэн юм. Хувь заяа яагаад мянган хүний дундаас ганцхан миний аавыг л сонгочихов доо гэж хааяа голдоо ортол гомддог байлаа. Тэр үед манай гэр бүлийнхнээр зогсохгүй нийслэлээс 1000 км-ийн алс орших сумынхан маань хүртэл хавдар гэдэг энэ өвчний талаар сонсоод гайхаж байсан юм. Түүнээс хойш азаар манайхнаас хэнийг нь ч 1000 хүний нэгд тохиодог золгүй хувь тавилан дайралгүй 20 жил өнгөрсөн. Ингээд бодохоор 20 жилийн өмнөхийг одоотой харьцуулахад хавдрын өвчлөл манай улсад гамшгийн хэмжээнд хүртлээ өндөр тохиолддог болж.

Нэгэнт энэ гамшигт нэрвэгдэж, хагацал гэдгийг үзсэн учраас гэрийнхэн маань эрүүл мэндээ эртнээс хамгаалж сэргийлж байх нь чухал гээд элэгний В, С вирусийн шинжилгээ өгч эхэлсэн юм. Өвөө, эмээгээс төрсөн есөн хүүхэд, тэдний хүүхдүүдээс бараг арав гаруй хүн элэгний шинжилгээ өгөхөд долоо нь элэгний В вирустэй болж таарлаа. Нэг хүн В, С вирусын халдвартай гарлаа. Вирус илэрсэн хүмүүс дандаа л 1985 оноос өмнө төрөгсөд байв. Үүнийг сонсоод эмээ маань дэмий л өөрийгөө буруутгаж суудаг болсон. Учир нь, манай нутаг Говь-Алтайд 1970-1980 оны хооронд шар өвчин гарсан юм билээ. Түүний хор уршиг нь хожмоо энэ вируст өвчнөөр илэрч байгаа нь энэ байж. Ингээд дахин хагацал зовлон үзэж, хэн нэгнийгээ цагаас нь өмнө явуулчихгүйн тулд яах ёстой арга чарга хайж эхэллээ.

1991 оноос хойш төрсөн бол баяр хүргэе

Хэрэв та 1991 оноос хойш төрсөн бол элэгний В, С вирусээр өвчлөхгүй байх магадлал тун өндөр. Энэ үгийг Анагаах ухааны доктор профессор Я.Дагвадоржоос сонсоод баярлав. Учир нь энэ үеэс эхлэн анх төрсөн хүүхдүүдэд В вирусийн вакциныг хийж эхэлсэн гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан бус мэдээгээр манай улсын хүн амын 16-24 хувь нь гепатитын В, С вирусийн халдварт өртсөн нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт. Эдгээр өвчтөний дийлэнх хувийг 60-аас дээш насны эрчүүд эзэлдэг нь элэгний өвчлөлөөр нас барах тохиолдлын тоо буурахгүй гэдгийг харуулж байгаа аж. Гепатит вирусээр үүсдэг элэгний үрэвслийг ерөнхийд нь вируст гепатит гэдэг. Манай оронд тойм тоогоор 400 гаруй мянган хүн архаг гепатитын халдвартай төдийгүй ихэнх нь  халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн баримт бий. Элгийг сонгомлоор гэмтээдэг есөн төрлийн  вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, B болон C вирус. Сүүлийн жилүүдэд Е, D вируст гепатит мөн тохиолдох болж.  А, Е гепатит нь архагшдаггүй.  B, C, D вирус  нь элэгний архаг үрэвсэл улмаар  элэгний хатуурал,  элэгний хавдар зэрэгт хүргэдэг гэнэ.

Хэрэв вирусийн халдвар авснаа мэдэхгүй хүндрүүлбэл В, С вирусийн эмчилгээг бүтэн жилийн хугацаанд хийлгэх ёстой болно. Энэ эмчилгээ нь жилийн 10 сая орчим төгрөг болох учраас элэгний өвчлөл эрүүл мэндээс гадна өрх гэрийн санхүүд ч хүндээр тусдаг. Энэ талаар УНТЭ-ийн ХБЭСК-ийн эрхлэгч, зөвлөх эмч Н.Туул “Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн хүнээс гадна элэгний С вирустэй болсон хүн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байж вирусээ бүрэн устгуулах боломжтой. Тэр эмчилгээ 10 гаруй сая төгрөг болдог. Ядаж тэр эмчилгээний төлбөрийн 50 хувийг даатгалаас гаргавал хүндэрсэн хүний тоо 50 хувиар буурна гэж хар ухаанаар тооцоод байгаа юм” хэмээн ярив.
Манай улсад эрүүл мэндийн даатгал төлөөд цөөн тооны хөнгөлөлт эдэлдэг нь тэр бүр иргэдэд хүрдэггүй. Тийм учраас дэлхийд дээгүүрт жагсах “боломж” олгосон элэгний эмгэгт энэ хөнгөлөлтийг олгодог дүрэм журамтай болохыг хаа хаанаа мөрөөдсөөр л байна.

Хоёр толгойтой могой шиг ЭМЯ-ны ажил

Саяхан телевиз харж суулаа. Н.Удвал сайд байнгын хорооны хуралдаан дээр “Манай дэд сайд 900 ам.доллараар оруулж ирэх эмийг 1800 ам.доллараар зарах гээд байна” хэмээн жишүү харахгүй хэлчихлээ шүү. Гэтэл түүний дараахан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нь сайдыгаа нэр хүндэд хандаж, гүтгэсэн хэмээн шүүхэд өгчихөж гэнэ.

Ийнхүү нэг яамны хоёр сайдыг хагаралдахад хүргэсэн шалтгаан нь С вирусын эсрэг "Sofosbuvir" хэмээх эм юм. Одоогоор С вирусийн эсрэг гарсан эмнүүдээс хамгийн өндөр үр дүнтэй гэгдэж буй энэ эмийн гурван сар уух курсын үнэ нь 900 ам.доллар юм. Өвчтөн тус эмийг наад зах нь зургаан сар уух шаардлагатай тул 1800 ам.доллар төлөх гэнэ. Түүнийг нь хоёр сайд сайн ойлголцоогүйгээс олон нийтийн өмнө ийн шившгээ дэлгэжээ. Гэхдээ асуудлын гол нь хоёр сайдын хагаралдсанд ч биш, харин тэр эмийг авч уухаар хүлээж буй мянга, мянган өвчтөний эрүүл мэндэд учирч бус эрсдэлд байгаа юм. Софосбувир буюу Совалди хэмээн нэрлээд буй энэ эмийн талаар сүүлийн үед манай нийгэмд янз бүрийн мэдээлэл тарж, С вирусийн эсрэг эмчилгээ хүлээж ядаж байгаа өвчтөнүүдийг бүр будилуулж гүйцээд байгаа билээ. АНУ-ын “Gilead Sciences” хэмээх компанийн үйлдвэрлэж буй энэ эм хэрэглээнд нэвтрээд удаагүй. АНУ-ын Хүнс, эмийн газар гэхэд 2013 оны арванхоёрдугаар сард энэ эмийг хэрэглээнд нийлүүлэхийг зөвшөөрсөн. АНУ, Европ зэрэг барууны өндөр хөгжилтэй орны хэрэглэгчид дөнгөж ач тусыг нь мэдэрч эхэлж байгаа эм юм. Өндөр технологи, нөр их судалгааны дүнд гаргаж авсан тул энэ эмийн өөрийн өртөг зардал маш өндөр. АНУ-д гэхэд нэг курс нь 84 мянган ам.доллараар худалдаалагдаж буй. Их Британид гэхэд 59 мянган ам.доллараар зарагдаж байгаа аж. Харин манайд бол 900 ам.доллараар нийлүүлэхээр тус компанийн төлөөлөгчид Монголын талтай ярилцсан гэсэн мэдээлэл бий. Эндээс энэ эм яагаад улс орон бүрт харилцан адилгүй үнээр зарагдаж байна хэмээн хүмүүс эргэлзэх нь лавтай. “Gilead Sciences” эмээ худалдаалахдаа тухайн орны ДНБ, хүмүүсийн худалдан авах чадварт үндэслэн үнээ тогтоодог учир ийн харилцан адилгүй үнэтэй байгаа аж. Манайх шиг хөгжиж буй орнуудад тухайлбал Энэтхэгт 900 ам.доллараар зарагдаж байгаа гэнэ. Хэдийгээр Совалди хэмээх энэ эмийн үнэ тэнгэрт хадсан үнэтэй мэт сонсогдож байгаа ч С вирусийн одоогийн бусад эмчилгээтэй харьцуулбал богино хугацаанд, өндөр үр дүнтэй тухайлбал 90 орчим хувийн эдгэрэлттэйгээр үйлчилдэг учир үнэдээ дүйцэхүйц чанартай гэж хэлж болно. Гэтэл одоо С вирустэй өвчтнүүдийн хийлгэдэг интерфероны эмчилгээг гэхэд 44 долоо хоног хийлгэх ёстой бол Совалдиг 12 долоо хоног уухад туршилтад орсон өвчтөнүүдийн 89 хувь нь эмчлэгдсэн байна. Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа болон бөөрний архаг өвчтэй, диализэд ордог хүн уухгүй гэсэн хатуу заалттайгаас бус жирийн хүнд толгой өвдөх, ядрах гэх мэтийн л нөлөө үзүүлдэг Совалди эмийг дагаад гадаадын өндөр хөгжилтэй орны эмийн үйлдвэр шинэ эмээ турших гэж мэдлэг мэдээлэл муутай манай оронд хямд үнээр нийлүүлэх гэж байна гэсэн хардлага ч явж байгаа. Гэвч энэ бол үндэслэлгүй мэдээлэл юм. Учир нь, маш нухацтай судалгаа шинжилгээ хийж, зарим тохиолдолд хэдэн жилээр судалж байж эмийн зөвшөөрөл олгодог АНУ-ын Хүнс эмийн газар энэ эмийг элэгний  С вирусийн эсрэг гарсан сүүлийн үеийн эм, эмчилгээнээс хамгийн сайн нь гэж үнэлэн, худалдаанд гаргахыг зөвшөөрсөн төдийгүй, Европын анагаах ухааны агентлаг ч улс орнууддаа хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн юм. Гагцхүү эдгээр орнуудад Совалди эмийн үнэ асуудал үүсгэж, “Gilead Sciences”-ыг хэтэрхий өндөр үнэ тогтоолоо хэмээн шүүмжилж байгаа аж. Эрүүл мэндийн даатгал өндөр хөгжсөн эдгээр орон иймэрхүү үнэтэй эм, эмчилгээний тодорхой хувийг даадаг учир Совалди шиг өндөр өртөгтэй эмийг нийт өвчтөнүүдэд өгөхдөө хойрго байгаа аж. Яг энэ байдлаас үүдэн АНУ, Их Британи, Австрали зэрэг улсад энэ эм шүүмжлэл маргаан дагуулсан ч эмч мэргэжилтнүүдийн зүгээс Совалди эмийг хэрэглэх боломж бололцоог нь төрөөс хангах ёстой хэмээн эрх баригчдаасаа шаардсаар байгаа юм. Одоогийн байдлаар Совалди эмийг АНУ, Европт 80 мянга гаруй өвчтөн хэрэглээд эхэлсэн байна.

Ингэж анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын эмч мэргэжилтнүүд үр дүнтэй хэмээн баталж байгаа энэ эмийг хямдралтай үнээр нь Монголд нийлүүлэх гэж байхад албан тушаалтнуудын үл ойлголцол, ажлын уялдаа холбоогүй, хайнга назгай байдлаас болж шинэ эм, эмчилгээ нэвтрүүлэх ажлыг хойш татаж боломгүйсэн. Ганц Совалди гэлтгүй С вирус хэмээх эцэстээ элэгний хатуурал, хавдарт хүргэдэг аюулт өвчний эсрэг гарах шинэ эм, эмчилгээг хоног тоолон хүлээж суугаа өвчтөнүүдээ эн тэргүүнд бодож үзээсэй, эрүүл мэндийн салбарын удирдлагууд.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан