АНУ-ын “Fox” телевиз ирэх долоо хоногт онц сонирхолтой нэгэн ярилцлагыг онцгой эрхтэйгээр цацах гэж байна. “Осама Бин Ладеныг буудсан эр” нэртэй энэ ярилцлагын зочин нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай “SEAL” албанд үүрэг гүйцэтгэж байсан, зартай алан хядагч Осама Бин Ладеныг устгах ажиллагаанд оролцож, түүний духанд сум зоосон Роб О’Нил аж.
Роб О’Нилл бол АНУ-ын армид 16 жил зүтгэхдээ Ирак, Афганистан, Пакистан гээд дайн тулаантай бүс нутагт олон зуун удаагийн тусгай ажиллагаанд оролцож, 52 удаа цол, зэргээр шагнагдан, армийн гурав дахь том одон болох Мөнгөн одыг хүртэж байсан цэргийн алба хаагч. Уг нь, тэрээр хуулиар хүлээсэн үүргээрээ энэ намтар түүхээ өөртөө л хадгалж явах ёстой нэгэн байв. Гэвч хугацаанаасаа өмнө армийг орхисон түүний ирээдүйд төрөөс авах эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмж зэрэг нь Роб О’Нилийн санаанд нийцэхгүй байгаа учир олны өмнө гарч, дуу хоолойгоо илэрхийлэхийг хүссэн аж. Ингээд тэрээр маш нууц ажиллагаанд оролцсон өөрийнхөө нэрийн олон нийтэд зарлаад зогсохгүй, удахгүй америкчуудын чихийг дэлдийлгэх шуугиантай ярилцлага өгөхөөр бэлтгэж суугаа нь энэ.
Тэрээр ярилцлагадаа өөрийн оролцож байсан цэргийн тусгай ажиллагаанууд тэр дундаа 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистанд нууцаар орогнож байсан Аль-Кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг хэрхэн устгасан тухайгаа өгүүлэх юм. Осама Бин Ладеныг хэрхэн хөнөөсөн нь одоо хүртэл тодорхойгүй байдаг ч Абботабад хотод хэнд ч үл анзаарагдан амьдарч байхад нь SEAL-ийн тусгай албаныхан Пакистаны талд ч мэдэгдэлгүйгээр нэг шөнийн дотор нисдэг тэргээр буугаад байшинг нь эзлэн, Бин Ладеныг газар дээр нь буудсан гэдэг. Роб түүн рүү буудсан хүмүүсийн нэг бөгөөд тэрээр гурван сум зоосон уу, эсвэл нэг л удаа буудсан уу гэдэг нь маргаантайгаар яригддаг. Бин Ладеныг тусгайгийнхан устгасны дараа цогцсыг шатаагаад далайд чандрыг нь хаясан гэдэг.
Лалын хэт даврагсдын толгойлогч Осама Бин Ладеныг устгасан хэмээн өөрийн нэрийг ил тод зарласнаар Роб О’Нил нэг талаар цэргийн нууцыг үхэн үхтлээ хамгаалах тангаргаа мөн хууль ёсыг зөрчиж байгаагаас гадна нөгөө талаар хэт даврагсдад өөрийгөө “барьж өгснөөс” ялгаагүй өндөр эрсдэлтэй тулгарч байгаа юм.
Роб О’Нилийн оролцсон гурван ч тусгай ажиллагаа Холливудын кино болжээ. Тухайлбал, түүний оролцсон Сомалийн дээрэмчдийн барьцаалсан онгоцыг аврах ажиллагаа “Ахмад Филлипс” хэмээх кино болсон бол Талибаны толгойлогчийг барих гэж бүтэлгүйтсэн SEAL-ийн багийнхныг аврах ажиллагаа нь “Lone Survivor” гэдэг кино болжээ. Сүүлчийнх нь мэдээж Осама Бин Ладеныг хэрхэн устгасан тухай “Zero Dark Thirty”. Маш өндөр нууцлалтайгаар, пакистанчууд ч өөрсдөө мэдээгүй байхад нь нэг шөнийн дотор гүйцэтгэсэн энэ ажиллагааны талаарх бүх нууцыг Роб О’Нилл хадгалах ёстой бөгөөд түүнийг телевизэд ярилцлага өгөхийн өмнө “SEAL”-ийн удирдлага энэ тухай анхааруулсан захидал илгээсэн боловч тэрээр аль хэдийнэ хэвлэлд энэ тухай яриад эхэлчихсэн байгаа юм.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард өөрийнхөө нэрийг илчлэхгүйгээр зөвхөн “буудагч” гэсэн хочоор дээрх нууц ажиллагааны тухай ярилцлагыг “Esquire” сэтгүүлд өгч байсан юм. Магадгүй тэрээр эдгээр ярилцлагын төлөө цэргийн тангаргаа зөрчсөн хэргээр хуулийн хариуцлага ч хүлээж мэдэх гэнэ.