Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зурагт хамгийн их үздэг 10 орон


10. Бразиль. 216 минут

Бразилийн дундаж иргэн хоногт 216 минут зурагт үздэг.  Өөрөөр хэлбэл 3,6 цаг тасралтгүй зурагт үздэг. Унтахдаа хоногт дунджаар найман цаг, ажилд найман цаг гээд тооцоод байвал цаана нь ердөө найман цаг үлдэнэ. Энэ найман цаг дотор хоол идэх, нийтийн тээврээр явах, усанд орох, утсаар ярих, гэр орноо цэвэрлэх, ойр дотны хүмүүстэйгээр уулзах ярилцах гээд маш олон үйлдэл багтаж байгаа. Ийм байхад 3,6 цаг тасралтгүй зурагт үзнэ гэдэг их үү бага уу гэдгийг та өөрөө шийдээрэй. Бразильд өнгөрсөн зууны 50-иад оноос үндэсний телевиз нь хүчтэй хөгжих болсон. Үр дүнд нь 190 сая хүн амтай Бразиль дэлхийд хоёрдугаарт ордог арилжааны телевиз “Rede Globo”-г байгуулж чадсан. Манайхан ч сүүлийн үеэс дэлхийд алдартай Бразиль цувралуудыг үзэх болсон.

9. Герман. 222 минут

Тогтмол эфир цацдаг телевизийн нэвтрүүлэгтэй болсон анхны улсуудын нэг нь Герман. Германд бүр 1935 онд зурагтын нэвтрүүлэг цацаж эхэлсэн бөгөөд анхны өнгөт телевизийг нэвтрүүлсэн түүхтэй. Гэхдээ энэ хөгжил нь Гитлерийн үед таарсан байдаг. Германд олон нийтийн шууд цацалтын телевиз давамгайлах үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ кабелийн тв ноёрхож байдаг өрнөдийн зарим улсаас ялгаатай. Энэ улсын хамгийн том суваг болох “Das Erste” нь томоороо хоёрдугаарт ордог олон нийтийн цацалтын сүлжээ “ARD” компанийн мэ­дэлд байдаг. Дашрамд сонир­хуулахад, дэлхийн түүхэнд анх удаа олимпын тоглолтын нээлт ба тоглолтын явцыг зурагтаар шууд дамжуулсан улс нь Герман юм.

8. Франц. 230 минут

Францчууд зурагтын нэвтрүүлгийг Германаас ч өмнө, бүр 1931 оноос, өнгөт нэвтрүүлгийг 1967 оноос үзэх болсон. Тус улсын хамгийн нэртэй, таван том сувгийн гурав нь төрийн хяналтад байдаг “Франс телевизионс” компанийн мэдлийнх. Гэхдээ хувийн, арилжааны тв компаниуд ч хүчирхэг. “TF1” сувгийг нийт үзэгчдийн 22,6 хувь нь үздэг.

7. Орос. 238 минут

ОХУ бол телевизийн сувгийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Одоогоор манай хойд хөршид 3,3 мянган телевизийн суваг үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ эднээс “Россия 1”, “Первый”,  “НТВ” гэсэн гуравхан суваг л улс даяар цацагдаж байдаг. Холбооны буюу орон даяар цацагдах ёстой сувгууд үүнээс олон хэдий ч зарим алс, бөглүү хот, сууринд хүрч чаддаггүй. Дийлэнх суваг нь орон нутгийн чанартай.

6.Канад. 238 минут

Канадын үндэсний ТВ компаниуд хил залгаа АНУ-ын компаниудтай өрсөлдөх шаардлагатай болдог. 1952 онд “Canadian Broadcasting Corporation” компанийн үндсэн дээр анхны үндэсний телевизийн компани байгуу­лагдаж байсан бол одоо хэдэн мянган суваг үйл ажил­лагаа явуулж байна. Кана­дын сувгуудын дийлэнх нь арилжааных. Төрөөс  тэ­дэнд татварын хөнгөлөлт үзүү­лэх хэлбэрээр дэмждэг. Гэ­сэн хэдий ч илүү хүчирхэг сан­хүүжилттэй Америкийн ТВ компанийн бүтээгдэхүүн жи­лээс жилд газар авсаар байна.

5.Их Британи. 241 минут

Дэлхийн хамгийн алдартай ТВ компани гэгддэг “ВВС” үйл ажиллагаа явуулдаг энэ улсад зурагт үзэхгүй байх аргагүй. Олон нийтийн өмчит“ВВС” –ийн мэдлийн “BBC One”, “BBC Two” гэсэн хоёр суваг нийт эфирийн 25 хувийг хянадаг. Гэхдээ Британийн хувийн сувгууд ч хүчирхэг бөгөөд арилжааны 480 суваг зах зээлийн 75 хувийг хянаж байдаг. Эдгээр сувгууд өдөр тутмын мэдээнээс эхлээд өндөр зэрэглэлийн цуврал кино хүртэл ТВ-ийн бүх л бүтээгдэхүүнийг гаргадаг тул гаднаас нэвтрүүлэг авах шаардлага гардаггүй.

4. Польш. Өдөрт 243 минут

Польшууд 1937 оноос зурагт үзэж эхэлсэн ч дэлхийн хоёрдугаар дайны үеэр тасалдсан. Дайн дууссаны дараа 1952 оноос л үндэсний телевиз нь тогтмол ажиллах болсон юм. Социалист систем задран унасан ч олон нийтийн “Telewizja Polska” сүлжээ байр сууриа алдалгүй хамгийн том ТВ компани хэвээр үлдсэн.

3. Испани. 246 минут

Испанид хамгийн анх төрийн мэдлийн “Televisión Espanola” компани 1956 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулдаг болсон. Дарангуйлагч Франког буусны дараа 1989 онд телевизийн цацалтын системийг илүү чөлөөтэй болгож эхэлснээр анхны хувийн ТВ компаниуд гарч ирсэн. Нэвтрүүлгийн чанар ч сайжирсны хүчинд испаничууд  зурагтад хамгийн дуртай гурван үндэстний нэг болж хувирчээ.

2. Итали. 255 минут

Италийн ТВ-ийн хөгжил дэлхийн хоёрдугаар дайны үед зогсонги байдалд оржээ. Дайн дууссаны дараа дэлхий даяар ТВ үсрэнгүй хөгжиж эхлэхэд Итали ч хоцорсонгүй 1954 оноос эхлэн төрийн мэдлийн “RAI” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болсон. Өнөөдөрт “RAI” компани Италийн эфирийн 37 хувийг хянадаг бол түүний дараа эфирийн 33 хувийг хянадаг Берлусконигийн мэдлийн “Mediaset” компани ордог. Берлускони орон нутаг, хотуудад нэвтрүүлэг явуулдаг жижиг ТВ компаниудыг худалдан авсаар хүчирхэг медиа групптэй болсон гэдэг. Улмаар сонгуулийн үеэр Берлускони өрсөлдөгчдөө муулж, өөрийгөө магтахад мэдэлдээ байдаг ТВ сувгуудийг өргөн ашиглах болсноор италичууд улс төрийн сэтгүүл зүйд итгэх итгэлгүй болсон аж.

1.АНУ. 293 минут

Америкчууд хагас зуун жилийн тэртээгээс буйдан дээрээ шар айраг шимж, попкорн идэн тухалж ТВ үздэг зуршилтай болсон. Америкт кабелийн сувгууд маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Бүгд нарийн чиглэлтэй, өөрийн гэсэн найдвартай хэрэглэгчидтэй. Загасчлал, ан эсвэл бейсболл, боулинг гээд байж болох бүх л сэдэв тус бүрт зориулагдсан өөрийн гэсэн кабелийн суваг байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан