Жүжигчин Анжелина Жоли улс төрд орохыг үгүйсгэхгүй хэмээн хамгийн сүүлд “Vanity Fair” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тоглосон кинонууд, үзэсгэлэнт дүр төрхөөсөө гадна хүмүүнлэгийн үйлсээрээ дэлхий дахинаа алдаршсан тэрээр цаашид олон нийтийн төлөөх ажлаа илүү үр дүнтэй, өргөн цар хүрээтэй хийе гэвэл улс төрд орох юм уу тодорхой нэг албан тушаал хаших нь бодож үзэх ёстой нэг хувилбар хэмээн ярьсан байна. НҮБ-ын сайн санааны элчээр өргөмжлөгдсөн жүжигчин бүсгүй мөргөлдөөний бүс нутгуудад очиж, дайны хөлд зовж зүдэрсэн хүүхэд эмэгтэйчүүд, цагаачдад гар сунган тусалсаар ирсэн билээ. Тэрээр хэдэн сарын өмнө Их Британийн гадаад хэргийн сайдтай хамтран мөргөлдөөнтэй бүс нутаг дахь бэлгийн хүчирхийллийг зогсоох талаар олон улсын томоохон чуулган зохион байгуулсан юм. Харин уран бүтээлийн тухайд тэрээр одоо “By the Sea” хэмээх кино найруулж, өөрөө гол дүрд нь нөхөр Брэд Питтийн хамт тоглож байгаа билээ.