Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Дашпунцаг: Ихэмсэг байдал ардчилагчдад зохидоггүй юм


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч М.Дашпунцагтай ярилцлаа. Тэрээр 1990 онд Говь-Алтай аймагт ардчилсан хувьсгалыг түүчээлэгчдийн нэг. Ингээд түүнтэй сумын хөгжил болон цаашид хийх ажил мөн ардчилсан хувьсгалын тухай яриа өрнүүлснээ хүргэж байна.

-Таныг Говь-Алтай аймгийн Гуулингийн уугуул гэж сонссон. Гуулингийн хүүхэд ардчилсан хувьсгалд гар бие оролцсоноос яриагаа эхэлье?
-Говь-Алтай аймгийн Гуулингийн найман жилийн дунд сургуулийг төгсөөд аймгийн нэгдүгээр арван жилд ирж сурсан. 276 хүүхэд төгссөнөөс би 24-т жагсч байлаа. 75-ын онц буюу нэг  хичээл сайн дүнтэй төгссөн. Дуу хөгжмийн хичээл дээрээ сайн гарчихсан. Солгой хоолойтой болохоор багшаар өргүүлж байж тийм авсан хэрэг. Тэгээд л Архангайн багшийн сургууль авч, сургуулиа төгсөөд шууд цэрэгт явчихсан. Цэргээсээ ирээд багш болоод дараа жил нь 1989 оны өвөл ардчилсан хувьсгалын салхи үлээж эхэлсэн дээ.

-Архангайн багшийн сургуулийн төгсөөд гэртээ ч ирэхгүй цэрэгт явсан хэрэг үү?
-Тийм ээ, миний дипломыг нутгийн охид аваад ирсэн байдаг. Тэр үед санаачилгаараа 15 хүн цэрэгт явж байсан. Сэлэнгийн гааль дээр гурван жилийн алба хаасан. Оюутан байхад зундаа нутагтаа ирнэ. Өвөлдөө Улаанбаатарт тэмцээнд оролцохоор очдог байсан. Архангайн багшийн сургуулиас найман номертой волейболын багт тоглодог байлаа. Теннис тоглоно. Нэг жил бүр жүдогийн тэмцээнд оролцоод, дүрмийг нь мэдэхгүй, өрсөлдөгчөө авч шидээд баларсан.

-Олон талын спортын авьяастай байж ээ?
-Ямар сайндаа нэг онигоо гарчихсан байсан. Дөрвийн Г ангийн оюутан Дашпунцаг хичээлдээ ирээгүй байлаа. Учрыг нь лавлавал аэробекийн тэмцээнд явсан байлаа гэж. Хичээлдээ очоогүй байсан чинь ангийнхан аргалах гээд тэмцээнд явсан гэж. Тэгсэн аймгийн спорт хороон дээр ганцхан аэробекийн тэмцээн л болж байсан юм билээ. Тоонд маш сайн байсан. Багш самбар дээр 22 оронтой тоо бичээд л арилгахад шууд босоод цээжээр хэлдэг байлаа. Их тогтворгүй. Хаана л бол хаана  явдаг тийм л хүүхэд байсан. Цэрэгт очоод спортдоо гайгүй учраас шууд бага дарга болоод, тэндээсээ эвлэлийн үүрийн дарга болсон. Ардчилалд анх оролцсон нь ч тэндээс эхлэлтэй байх. Тухайн үедээ офицеруудаа их шүүмжилнэ. Одоо бодохоор хүний эрх л ярьдаг байсан шиг байгаа юм.

-Цэргээс шижигнэсэн за­луу аймагтаа ирээд багшаараа ажилласан уу?
-34 хүүхэд аймгийн боловсролын хэлтэс дээр очиж саналаа өгөхөд би ганцаараа хөдөө сууна гээд бусад нь аймагтаа үлдэнэ гэхэд эсэргээр нь намайг ганцааранг нь аймагт үлдээж байлаа. Гуравдугаар сургуульд нэг жил багшлаад боловсролын газрынханд ч хэлэлгүй Цогт сум руу явчихсан. Сумандаа есөн жил багшлаад ирсэн.

-Тэгвэл та Ардчилсан хувьсгалын ид үед сумандаа байсан юм уу?
-Анхны цуглаан аймагт болоход би ирж оролцсон. Идэрчүүдийн теннисийн аймгийн аварга болох гээд ирчихсэн байтал талбай дээр цуглаан болох гэж байна гэдгийг сонсоод очсон. Ардчилсан холбооны цуглаан болох гэж байсан. Тэрийг хөдөө радиогоор сонссон байсан л даа. Манай аймагт ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн тухайн үедээ Анагаах ухааны дунд сургуулийн хичээлийн эрхлэгч байсан Батсайхан, одоо сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Галаарид нарыг гарч ирээд үг хэлэх гэсэн чинь хүмүүс чулуу, мод шидээд “буу”, “буу” гээд л орилоод. Тэрийг хараад их зэвүүрхсэн дээ. Миний зогсч байсан газар эвлэлийн хорооны дарга нар ойрхон зогсоод Туяа, Цэцгээ гээд гарын үсэг зурчих гээд хоорондоо яриад байсан. Тэр нь Ардчилсан холбооны цуглааныг эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж байсан юм билээ. Тэрийг нь би эсэргүүцээд индэр дээр гарч хойно нь дарга нар ингэж байна гэж хэлж байсан.
Ардчиллынхны ном дээр намайг “Дээлээ хөөргөөд бүсэлчихсэн, буржгар үстэй, туранхай бор залуу Чинзоригт багштай уулзаад гарахдаа “Би ардчилагч боллоо шүү” гэж хэлж байсан нь хожим аймгийн Ардчилсан холбооны дарга болсон” гэж бичсэн байдаг.

-Чинзоригт багш гэж...
-Одоо нас барчихсан л даа, хөөрхий. Миний багш байсан. Багш намайг дуудаад ардчилсан хувьсгалын талаар ярьж байсан юм. Тэгж Цогт сумд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байлаа. Говь-Алтай аймгаас анх удаа нэг суманд ардчилал ялахад би тэнд байсан. Тэр нь Цээл сум.

-Түүнээс хойш таны ардчиллын төлөөх үйл хэрэг аймагт үргэлжилсэн хэрэг үү?
-Тэгээд л аймагт орж ирсэн. Цогт сумд ардчилсан хувьсгалыг яриад явж байсан цагаас хойш Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Говь-Алтай аймгийн Ардчилсан холбооны дарга, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Аймгийн АН-ын дэд дарга боллоо. Аймгийн ИТХ-д сонгогдлоо, аймгийн ИТХ-ы тэргүүлэгч байлаа. Цөөнхийн бүлгийн дарга байлаа. Анхны олонхийн бүлгийн даргаар сонгогдлоо.

-Цөөнхийн бүлгийн дарга байх, олонхийн бүлгийг дар­га­лах хоёр ямар ялгаатай юм бэ?
-Олонхийн бүлгийн дарга байхад лав л даралт ихэсдэггүй юм байна лээ. Цөөнх байхад Засаг даргаа огцруулах “дайн”-д байнга л мордоно.

-Говь-Алтай аймагт Лоохууз даргаас эхлээд эсэргүүцэх хүмүүс олон байсан гэж ярих юм билээ?
-Говь-Алтайд ардчилагчид олон жил дарлуулсан, дарагд­сан, давтуулчихсан. Ялж үзээгүй учраас сэтгэлийн дарамт ихтэй. Бусад аймагт ялаад л байхад бид энд ялдаггүй. Зүтгээд л байдаг. 20 гаруй жилийн хөдөлмөр гэдэг үнэхээр хүнд. Би ялалтын хурал дээр үг хэлэхдээ “Өнөөдрийн ялалт хүртэл тэсч үлдсэн нөхөддөө баярлалаа” гэж хэлсэн дээ. “Өнөөдрийн бидний ялалтыг олон хүн бурхны орноос хараад мишээж байгаа” гэж хэлсэн. Бусад аймагт бол ялаад, ялагдаад хөдөлгөөнд орж үзсэн. Гэтэл манайхан үргэлж ялагдсаар ирсэн байхгүй юу. Өнөөдрийг хүртэл юу эсийг үзэх вэ дээ. Нэг нам ноёрхоод ирэхээр ард иргэдийг хүртэл эргүү мал шиг хуураад сурчихдаг юм билээ. Бид орон нутагт удирдах эрхийг аваад найман сарын дотор ямар их ажил хийсэн нь гадуур явахад л харагдана. Энэ ажлыг хараад би ганцхан зүйлээр л бахархаж байна. Тэр нь сэтгэл. Хөрөнгө орж ирдэг байсан уу, байсан. Энэ зэргийн ажлыг аль хэзээ хийх боломж байсан уу, байсан. Тэгэхээр өмнө нь сэтгэл л дутдаг байсан юм байна. Өнөөдөр манай намынхнаас аймагт дарга хийж байгаа хүмүүс ажлаа өгөөд гараад явахдаа унах унаа ч үгүй л явна. Гэтэл МАН-ын хороон дарга хийж байсан хүн нь хүртэл Ланд-200 унаад яваад өгч байна. Тэгээд дээр нь үйлдвэр байгуулаад, компанийн захирал болоо... Одоо ажил хийхээр хүмүүс өмнөх дарга нар авлига нэхээд хүнд байлаа. Одоо та нар ч гэсэн үнэхээр хүнд юм аа гэж байна. Яасан гэхээр тендер зарлачихаад шударгаар мөнгөө өгчихөөд, ажил хий гээд шахаад зогсчих юм гэж байна. Өмнө нь шахаж, шаардуулж сураагүй хүмүүст хэцүү байгаа бололтой.

-Аймгийн төв хатуу хучилттай замтай байх чинь наад захын хийх ажил. Хөрөнгө оруулалтаа өөр зүйлд зориулах ёстой байхад одоо л дөнгөж зам тавиад сууж байгаа нь нэг талаараа бүтээн байгуулалт ч гэсэн нөгөө талаараа харамсалтай санагдаж байна л даа?
-Нэг жишээ ярихад аймаг руу орж ирдэг “Сайн байна уу” гэдэг самбараас аймгийн зах хүртэлх замыг хийхээр “Аварга зээрд” гэж компани тендерт шалгарсан байдаг. Орон нутгийн сангаас 390 сая төгрөг нэг л өдөр гараад явчихсан. Тэгээд л байхгүй. Юу хийсэн нь мэдэгдэхгүй. Ажлаа ч хийсэн юмгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй байж л байна. Сүүлд Дашдорж гишүүн, Энхбаяр гишүүн хоёр өөр компаниар тэр замыг нь хийлгэсэн. Зам бий болчихоор иргэд хариуцлага нэхэхээ больчихдог юм байна.

-25 жилийн хугацаанд замаасаа ухраагүй үлдсэнд баярлалаа гэдэг үг сонсч байгаа заримдаа сайхан ч замаасаа явчихсан нэгэндээ хэцүү л байсан байх...
-Бид  хаа явсан газраа үнэнийг хэлж байх ёстой. Бидэнд айж ичих зүйл байхгүй. Ардчилсан нам ард түмний төлөө юу хийж чаддагийг харуулж байна. Бидний хийж байгаа хамгийн том ажил бол иргэдээ сонсох, иргэдийн санал бодлыг ажилдаа тусгах. Үүнийг л гол зарчмаа болгож байна. Орон нутгийн сангийн хөрөнгөө зарцуулахдаа хүртэл иргэдийн саналыг авч байна.

-Гутлаа арчаад өмсчихгүй мөртлөө улс төр ярих нь мон­голчуудын нэг зан. Тэ­гэхээр Говь-Алтайд улс төржих хандлага хэр байдаг вэ?
-Ер нь, хөдөө орон нутагт их. Хүн бүхэн л улстөрч. Гэхдээ бид ард иргэдтэй улс төр ярьдаггүй. Ажил ярьдаг. Ажил яриад байхаар улс төр ярихаа больчихдог юм байна. Одоо ард түмэнтэй уулзалт хийхээр үргэлж шинэ санаа хэлж байна. Та нар ингэж байна, тэгж байна гэж улс төржих хандлага багассан. Бид цөөнх байхдаа улс төр ярьдаг л байсан. Болохгүйг нь шүүмжилнэ. Улс төрд хамгийн гол зарчим бол эв нэгдэл. Хамтрагчидтайгаа баг болж ажиллаж, ард иргэдээ сонсч байж л ажил явна. Үүний ард аймгийн хөгжил, аймгийн бодлого явж байгаа байхгүй юү. Удирдлагууд нь хэдэн тийшээ хараад суучихвал ард иргэд хохирдог гэдгийг өмнөх удирдлагууд харуулсан. УИХ-ын гишүүд нь нөгөө талынх болохоор хэцүү л юм. Өнгөрсөн найман сарын хугацаанд гишүүд ирсэнгүй. Хамтарч юу ч хийсэнгүй. Би нэг үг хэлэх дуртай. Алтайчууд л Алтайгаа хөгжүүлнэ гэж.
Иргэд ойлгодог болчихож. Орж ирж байгаа иргэд баяр хүргэе гэнэ үү гэхээс загнах нь ховор. Хүмүүстэй ярилцаад сууж байхад олон санаа хэлнэ. Тусламж гуйж орж ирэхээсээ илүүтэйгээр хотоо гоё болгохыг л ярьж орж ирэх юм. Магтаж байгаа хүн ч байна. Магтаалын цаана хийх ажил их байна.

-Говь-Алтайн ардчилал 25 жил бусдыг харж сууж суучихаад одоо л нэг босч явж болох юм байна гэдгийг ойлгоод өндийж байгаа хүн шиг юм...
-Тэгж хэлж болно. Яагаад гэхээр түүх хараад, бодоод сууж байхаар нэг зүйлийг олж хардаг. Нэгдэлжих хөдөлгөөн ялахад хамгийн сүүлд Говь-Алтайд ялсан. Тэгэхээр ардчилал яллаа. Одоо удаан тогтох байх. Нэг л зангаараа гэж ярьдаг даа. Үнэнч, хэлсэн үгэндээ байдаг хүмүүс юм байна. Хүн чанар, ард түмний зан заншил, эр хүний жудаг алтайчуудад л байна. Хэлсэн үгэндээ байх гэж хичээдэг, анд нөхөддөө үнэнч байх, гэр орноо авч явах гэсэн сэтгэл байна шүү.

-Говь-Алтай аймгийн хөгжил энэ Есөнбулаг сумаас эхлэх юм шиг санагдаж байна. Аймгийн төв шүү дээ. Тэгэхээр төсөв мөнгө нь санаснаа бүтээхэд хэр хүрэлцээтэй байдаг юм бэ?
-Орон нутгийн хөгжлийн сангаар 700-800 сая төгрөг ирдэг. Энэ мөнгөөр ард түмний санал аваад эрэмбэд орсон ажлуудыг хийх ёстой. Анх удаа Есөнбулаг суманд тендер зарлаж үзлээ, анх удаа үнэлгээний хороо байгууллаа. Нэг зүйлийг би их бодож явдаг юм. Улаанбаатарт Зайсанд хотхонд амьдарч байхад Есөнбулагт яагаад хотхон байж болдоггүй юм гээд байруудаа хотхон болголоо. Гэрэлтүүлэг, хашаа, хайс, талбай, орцны гэрэл, кодтой хаалга хийж өглөө. Нэг талаасаа орчны өнгө үзэмж хэдий ч нөгөө талаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангаж байна. Хотын статустай байхын наад захын шаардлага нь СӨХ. Гэтэл алтайчуудын нэг асуудал нь СӨХ. Хийж байгаа ажилгүй нэр зүүсэн хоёр хүн л байсан. Ингээд өнгө үзэмжийг нь сайжруулаад СӨХ-д нь хариуцуулаад өгчихөөр тэдний хариуцлага нь нэмэгдэнэ.
Бас нэг тулгамдаж байгаа асуудал бол 2000 хүрэхгүй хүн амтай Тайшир сум болон Есөнбулаг сум хоёр адилхан статустай. 2003 онд Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэж гарсан. Энэ нь огт хэрэгждэггүй. Тэнд 2000 хүрэхгүй хүн амтай сум 19 мянган хүн амтай, түр оршин суугчтайгаа нийлээд 22 мянган сум хоёр адилхан статусаар явахаар адилхан төсөв ирнэ. Ингэхээр Есөнбулаг сумын нэг баг таван мянга гаруй хүн амтай болж байгаа юм. Тэгэхээр багийн тоог нэмэх миний мөрийн хөтөлбөрт багтсан. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүргэхийн тулд ерөөсөө л цөөн хүнтэй ажиллах. Хүний тоо ихсэх тусам төрийн үйлчилгээ, мэдээлэл холдож, нууц байдал үүсдэг. Буцалтгүй тусламж, зээл, модны хөнгөлөлт гээд бүх зүйл хүрэлцдэггүй. Тэгэхээр багийн тоог нэмэх нь зайлшгүй шаардлагатай. Есөнбулагт найман багтай болчихвол үндсэндээ нэг баг хоёр мянган хүнтэй болж байгаа юм.

-Та Алтай хотын нисэх онгоцны буудлын даргаар чамгүй олон жил ажилласан. Алтайд буухад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол шинэ онгоцны буудал байлаа. Энэ талаар яриач?
-Засгийн газар болон Иргэний нисэхийн хөрөнгө оруулалтаар шинэ буудал барьсан. Намайг ирэхэд барилга нь 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт дээр гацчихсан, аеродромынх нь ажил зогссон байсан. Зурвас нь огт яваагүй байсан. Уг нь 200 хүний хүчин чадалтай, Fokker-100 онгоц буух боломжтой аеродромтой байхаар зураг төсөл гарчихсан байсан. Таван жилийн хөдөлмөрөө зориулж байж энэ ажлыг дуусгаж, ард түмний цагийг хэмнэж, ая тухтай зорчих, алс баруун хязгаарт хөгжлийг авч ирэх гээд олон үйлийг агуулсан ажлыг дуусгасан. Сая Есөнбулагийн Засаг даргаар томилогдчихсон чинь Иргэний нисэхийн газраас намайг халсан тушаалаа гаргадаггүй сар гаруй хоёр ажил давхар хийлээ. Сайн ажил хийснийх л байж дээ гэж бодсон. Хүнд хийж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас өглөө бүр эрт очиж зааварчилгаагаа өгчихөөд ирдэг байсан. Сэтгэл юм даа. Намайг онгоцны даллагатай дарга гэж нэрлэсэн. Намайг анх ажил авахад долоо хоногт нэг л удаа онгоц буудаг байсан бол сүүлдээ өдөр бүр буудаг болоод одоо хоёр компани дөрвөн удаа онгоцоо буулгаж байна. Миний сайных ч гэж юу байх вэ. Гэхдээ бэлгэшээдэг юм.

-Энд байгаа энэ нутгийн уугуул иргэний хувьд нэг асуулт байна. Аймагтаа хүн урьчихаад хүлээж авахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Урьд нь бол хэцүү л байсан. Иргэний нисэхийн ерөнхий газраас долоо хоногт л нэг удаа хүмүүс ирнэ. Үзлэг шалгалт, үйлчилгээ гээд л ирнэ. Тэр ирж байгаа хүмүүсийг авч яваад хоол идүүлчих л газар олддоггүй байсан. Тэр үед нисэхийнхээ хоолны газар мах чанах л хамгийн амархан хоол. Өнөөдрийн өнцгөөс харахад сайхан болж л байна. Өмнө нь харанхуй хот гэж нэрлэдэг байсан. Одоо бол тэгж нэрлэсэн хүн өөрөө сохор. Удирдаж байсан хүмүүсийн сэтгэл л харагдаж байгаа юм. Бидний хийж байгаа ажлуудад иргэд талархалтай хандаж байна гээд ихэмсэг байж болохгүй.

-Угаасаа ихэмсэг байдал ардчиллын партизануудын стиль биш байх л даа?
-Намынхандаа хэлдэг юм. Та нар, бид нар дарга биш шүү. Ард иргэд бидний дарга гэж. Ихэмсэг байдал ардчилагчдад зохидоггүй. Гэхдээ бүх залуу насаараа нэг намыг дэмжсэн хүмүүс гэнэт биднийг дэмжих нь ч юу юм. Бид ч гэсэн цэнхэр батлахын төлөө явна.

-“Ардчилал, шударга ёс, эв нэгдэл” гэсэн бичигтэй гандчихсан самбарыг сая аймгийн төвийн хаа нэгтээ харсан. Өөр аймагт тийм ч олон таарч байсангүй. Тэр хэзээний самбар вэ?
-Есөн жилийн өмнө Есөнбулаг сумын ИТХ-д бид анх удаа олонх болж байсан. Тэгэхэд хийсэн самбар л даа.

-Сүүлийн асуулт. Говь-Алтай аймагт ажилгүйдэл их байна гэж ярих юм. Есөнбулаг сумын бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч, олон ч ажил хийсэн нь нүдэнд харагдаж байна. Тэгэхээр ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ?
-Алтай хотод ажилгүйдэл их байна. Хүн өөрийгөө ажилгүй гэж бүртгүүлдэггүй учраас тоог нь гаргах боломжгүй. Гэтэл нөгөө талд 10-20 мянган төгрөгийн ажил хийлгэх гэхэд хийх хүн олдохгүй байна. Өнгө, мөнгө хардаг болжээ, залуучууд. Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй.

-Хаана ч хэвлэл мэдээллийнхэн очихоор аль болох болохгүй байгаа зүйлээ ярьдаг. Танд боломж олгоод сүүлийн асуултыг үлдээж байна. Манай сонины зай талбайг ашиглаад хэлэх үг юу байна вэ?
-Алтай хотод хүндрэлтэй ганц л юм бий. Тэр нь халаалт. Одоо болтол халаалт аваагүй байр байна. Хуучин удирдлагууд маань халаалтын компаниа хувьчилчихсан. “Мандал голомт” гэж компани хариуцдаг. Тэгээд яагаад халаалт доголдоод байна гэхээр угаасаа хуучин халаалтын систем нь шинэчлэгдээгүй учраас айлууд халаалтгүй сууж байна. Уг нь халаалтын системийг хувьчлахдаа инженерийн сүлжээг нь хувьчлах ёсгүй юм билээ. Гэтэл “Мандал голомт” компани өөрсдийн хөрөнгөөр шугамаа шинэчилдэггүй. Бид эргүүлээд авъя гэхээр өндөр үнэ хэлдэг. Ингэхээр дунд нь иргэд хохироод арваннэгдүгээр сар гарчихаад байхад халаалтгүй л сууж байна.
Ажлын хэсэг гаргаад компанитай хэлэлцээр хийх гэж оролдож байна. Тэдний гаргасан шаардлагыг биелүүлэхээс өөр шаардлагагүй л болж байна л даа. Гэхдээ энэ асуудлыг ямар ч байсан шийднэ.

0 Сэтгэгдэл
Yoo ene neeree unen saihan gar shd
аймгийн музейн захирал байхдаа үзмэрээ хулгайлж баригдсан "хар түүхтэй" ардчилагч даа.
Хамгийн их уншсан