Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олны хардсан “нөлөөлөл” үгүй боллоо. Одоо Л.Гансүх нарыг шуурхайлах уу


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн жолоог тавилаа. Түүнийг “унагасан” үндэслэлд ашиг сонирхлын зөрчилтэй гэх олон факт дурдагдсан. Тухайлбал, “Ерөнхий сайдын ахлах зөвлөх, туслах, хүргэн, охин нарын  холбогдсон "Нүүрс" хөтөлбөр,  "Цэвэр агаар сан", баруун аймгуудын битүү захын болон  ТҮЦ машины тендертэй холбоотой 9.7,  3.6,  2.2 тэрбум төгрөгийн хохирол бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ),  холбогдох байгууллагууд хянан шалгаж тогтоосон” зэргээр түүнийг сайдын суудлаас угзрах шалтгаан олон байв. Улмаар дээрх болон нийгэм, эдийн засгийн бусад шалтгааны улмаас түүнийг огцруулж, эрүүгийн хэргүүдийг нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзээд байсан юм.

Харин “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор өрнөсөн сүүлийн хоёр хоногийн үйл явдлыг иргэд Н.Алтанхуягийг огцруулахад ямар сэжмээр нөлөөлсөн байж болохыг цахим ертөнцөд хэлэлцэж эхлэв. Өөрөөр хэлбэл, АТГ болон Нийслэлийн прокурорын газрын хамтарсан мэдэгдэл хэргийн тухай байсан уу, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн үү, нэг нь үлдээсэн, нөгөөх нь  алдсан гэх нэг цаасны ардах Е.Сайд гэж хэн бэ гэдэг нь олонд анхаарлын тэмдэг үлдээсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байхад...

АТГ болон Нийслэлийн Прокурорын газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн  ахлах зөвлөх Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийн талаар энэ сарын 4-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ “Ц.Баасандоржийн Төв аймгийн Урьдчилан хорих төвд үлдээсэн баримт нь мөрдөн байцаалтын ажилд саад болж болзошгүй мөн төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж мөрдөн байцаалтад нөлөөлөх нөлөөлөл байж болзошгүй” гэж үзээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгуулж байгаа гэсэн юм. Тэгвэл энэ мэдэгдлийг хуулийн дагуу бус, эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн,  “МGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн ерөнхий нягтлан Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ч.Шаравсамбуу нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр АТГ-ын мэдээллийг эрс буруутгасан бөгөөд “Шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан иргэнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрхгүй. Гэтэл өчигдөр (уржигдар) АТГ-ын мэдээлэлд энэ хүнийг буруутгасан, мөнгө идсэн, гэм буруутай мэтээр нийгэмд мэдээлэл тарааж байна. Тодорхой хэргийн талаар ярихдаа, “байж болзошгүй” гэдэг үндэслэлээр шалгаж байна гэж ярихын оронд “тогтоогдсон” гэдэг үгийг хэрэглэж байна. Гэтэл ЭБШХ-ийн 95.3-т зааснаар “..урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байж болохгүй” гэж заасан байдаг” хэмээн хэлсэн юм. Тиймээс шүүх танхимд мэтгэлцээний зарчмаар хэргээ шийдвэрлүүлэх ёстой хоёр тал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнтэйгээ маргалдаж байгаад харамсч байгаагаа өмгөөлөгч нар хэлсэн юм.
Үүнээс гадна, Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байхад “АТГ хэн нэгэн улстөрчийг унагаахыг хүссэн хүмүүсийн гар хөл болж эрээ цээргүй ажиллаж, ард иргэдийг төөрөгдүүлж, хувийн болон улс төрийн захиалгаар шоу хийж байна” гэдгийг Л.Гансүхийн өмгөөлөгч  Ц.Баасандорж хэлсэн юм. Түүнчлэн “Тэр албан бичиг минийх мөн. Ард нь бичигдсэн зүйлийг ч би бичсэн. Харин тэр Е.Сайд гээд байгаа хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг биш. Миний үйлчлүүлэгч Л.Гансүх өмнө нь сайд байсан учраас би Экс сайд гэдгийг Е.сайд гэж бичсэн байсан. Энэ бичгийг хэнд ч үзүүлээгүй, би л мэдэж байсан.” хэмээн албан бичгийн талаар тайлбарласан юм. Харин тэрхүү албан бичгийг өмгөөлөгч хувийн захидал харилцааны нууцыг олон нийтэд задалсан гэж үзэж байгаа учраас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн, мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байгаа аж.  
     


Ингээд Е.Сайд гэдгийг одоогоор,
• Иргэд-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг
• АТГ-Сайд нь сайд. Ямар сайдыг хэлж мэдэхгүй
• Ц.Баасандорж-Е.сайд гэдэг нь экс сайд буюу Л.Гансүх гэж байгаа юм гэсэн гурван янзын байр, суурь таамаглал явагдаж байна.
Хэсэг иргэн АТГ-ын хийсэн мэдэгдэлд үндэслэн энэ хэргийн ээдрээг тайлахад “сайд нь сайд” гэдэг хүн нөлөөлж байгаа гэдгийг үгүйсгэхгүй байгаа бол нөгөө хэсэг нь Ц.Баасандоржийн хийсэн мэдэгдэлд үндэслэн “Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хар мэдээллээр хүч нэмсэн” хэмээн хардах, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Юутай ч, Ерөнхий сайд огцорсноор зарим гишүүдийн “сайдыг огцруулж, эрүүгийн хэргийг нэг бүрчлэн шалгуулах” хүсэл нь биеллээ. Одоо шүүх л гэм бурууг тогтооно. Харин иргэдийн дийлэнхийн хардаж байгаачлан Е.сайд буюу “Ерөнхий сайд”-ын нөлөөлөл үгүй болсноор удтал шийдэгдээгүй Л.Гансүх нарын хэргийг шуурхайлж мэдэх л юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан