Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Боловсрол: Мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулган өчигдөр өндөрлөлөө. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс санаачлан хэрэгжүүлж буй эл чуулганаар боловсролын чанар болоод, салбарын хөрөнгө оруулалт, дотуур байрны орчин нөхцөл, хүрэлцээ зэрэг асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, 21 аймгийн багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл болоод олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч санал бодлоо солилцож асуудлаа тодорхойлж байгаа юм. Энэ үеэр “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Та бүхэн тав дахь жилдээ чууллаа. Тиймээс өнгөрсөн дөрвөн жил хэлэлцэж, санал санаачилга гаргасан асуудлууд ажил хэрэг болов уу, бодит байдалд биеллээ олов уу гэдгээс яриагаа эхэлье?
-Энэ чуулган ерөнхийдөө гурван үндсэн зорилготой. Нэгдүгээрт, боловсролын салбарт ямар бодлого хэрэгжиж, ямар төсөв санхүүжилт хийсэн талаар ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жигдрүүлэх зорилготой. Хоёрт, үнэхээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч байгаа иргэд, иргэний нийгмийн байгууллага, багш, эцэг эх, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэрэг олон янз бүлгийн санал санаачилга, хүсэл зоригийг сонсч цааш төрийн байгууллагуудад хүргэх зорилготой. Харин гуравдугаарт, төрийн бодлого, шийдвэрт шууд болон шууд бусаар нөлөөлөх зорилготой.
Энэ гурван зорилгын хүрээнд өмнөх чуулгануудаар дэвшүүлсэн санал, мэдээ материалыг бид өнгөрсөн их хурлын чуулган, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх улс төрийн намуудад хүргүүлсэн. Тийм ч учраас өнөөдрийн Засгийн газрын боловсролын бодлого болох хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө гэдэг үзэл баримтлал нь энэ л чуулганаас гарсан.
Үүнээс гадна өмнөх Засгийн газрын боловсролын бодлогын чигийг ч бид өөрчилж байлаа. Урьд Кембрижэд чиглэсэн шинэчлэлийн дагуу Монголд 30-хан элит сургууль байгуулж, боловсролын системийг хоёр давхаргатай болгох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрхон хувь нь чанартай, сайн сургалт авч бусад нь ердийн сургуульдаа сурах бодлого барьж ажил хэрэг болгох гэж байсан. Бид энэ асуудалд байр сууриа илэрхийлж, Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх 30 сургууль байгуулах ажлыг зогсоож, үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл рүү хөтөлсөн. Боловсролын бодлогын чигийг хүртэл өөрчилж байсан удаатай. Жишээ нь, боловсролын хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөртэй болгох заалт оруулах гэж байсныг ч зогсоосон. Энэ мэт бодит байдалд тусгалаа олсон нь их.
-Энэ жил ямар асуудлаар түлхүү хэлэлцэв?
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, дотуур байрыг онцоллоо. Мөн хувийн хэвшлийн сургууль чанартай байж чадаж байна уу гэдгийг түлхүү хэлэлцэж байна.
-Хувийн сургуулийн тухай тодруулбал?
-Энэ асуудал одоо ч маргаантай хэвээр байна. Гэхдээ дэлхий даяар хувийн сургууль улсынхаас чанартай гэдэг нь нотлогдоогүй. Манайд бүр чанарыг шалгаж тогтоох нэгдсэн тогтолцоо, ойлголт ч алга. Гэхдээ ерөнхий шалгалтын дүнгээр жишиж тогтоох нь бий. Энэ шалгалтын дүнгээр улсын болон хувийн сургуулийн чанарыг харьцуулж үзэхэд математик, англи хэл гэх мэт ганц нэг хичээлийн хувьд зөрүүтэй юм гарч байна. Энэ нь нэг талаар сайн багшийг өндөр цалингаар цохиж авдагийнх. Магадгүй бусад хичээлийн цагаас танаж тухайн сонгосон, гүнзгийрүүлсэн хичээл олон цагаар ордог байх жишээтэй. Үүн дээр үл ялиг чанарын ялгаа байгаа. Гэхдээ хувийн сургууль нийтдээ чанартай гэдэг нь өдийг хүртэл батлагдсангүй. Тийм учраас энэ тэр юмаар хөөцөлдөхийн оронд төрөөс санхүүжүүлж нийт ард түмэнд үйлчилж буй боловсролын салбар, сургалтын чанар, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг асуудалд манай чуулган илүү анхаарал хандуулж байна.
-Чанарыг тогтоох нь нөлөөлдөг хүчин зүйлсээ тодорхойлохоос эхлэх хэрэгтэй гэж бодож байна?
-Санал нэг байна. Юуны өмнө боловсролын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсээ тодорхойлж дараа нь нарийвчилсан шалгуур, үзүүлэлт гаргаж тэр болгонд тулгуурласан бодлого хэрэгжүүлбэл чанар сайжирна. Харин тусад нь 30-хан сургуулийг элдэв хөтөлбөрөөр сургаад чанар сайжирна гэж байхгүй. Тэдгээрт өгч буй хөрөнгө санхүүг ч танах хэрэгтэй. Одоо нэг хүүхдийн хувьсах зардал гэж хувийн сургуулиудад 4.5-55 сая төгрөг төсөвлөж байна. Энэ мөнгөөр магадгүй нураасан сургуулиудаа ашиглалтад оруулъя л даа. Чанар гэдэг чинь энэ шүү дээ.
Сургалтын чанарт багшийн чадвар хамгийн их нөлөөлдөг. Тэгвэл багшийн ур чадвар, арга зүйг хэрхэн сайжруулах вэ гэдгийг юун түрүүн онцолж байна. Үүний хажуугаар боловсролын санхүүжилт сургалтын чанарт нөлөөлдөг. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарцуулж буй хөрөнгө байхгүй бол багш хүүхдүүдэд юугаараа бүтээл хийлгэж гарт нь бариулж, нүдэнд үзүүлэх билээ. Мөн орчин нөхцөлийн асуудлыг орхигдуулсангүй. Тэр ч бүү хэл чанарын асуудал сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын томилгооноос эхлэн яригдах ёстой хэрэг. Сургууль, цэцэрлэгийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах шаардлагатай.
-Эцэг эхчүүд хувийн болоод улсын сургуулийн тухайд өөр өөр байр суурьтай байгаа болов уу?
-Энэ асуудлаар хараат бус судлаачид судалгаа хийснээ чуулганаар тайлагналаа. Судлаачид эцэг эхчүүдтэй ганцаарчилсан, бүлгийн гэх мэтээр ярилцлага хийж илүү ойр тулж ажилласан байна. Эцэг эхчүүд үнэндээ хувийн сургуулийн орчин нөхцөлд ам сайтай байна. Мөн анги дүүргэлт цөөхөн. Гэвч аль нэг хичээлийн цаг хэт шахуу, бусад хичээл, сурагчийн бие даах боломжийг бага байхаар хичээлийн программтай гэхчлэн алдаа дутагдал их гэсэн дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг харин хувийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөггүй. Байгаа байдлаа ч бидэнд тайлагнадаггүй. Энэ тухай ярьж байгаа эцэг эхчүүд ч байна. “Манай хүүхдэд хуурамч дүн тавиад л байдаг гэтэл сургуулиас нь гаргаад өөр сургуульд оруулахаар жинхэнэ чанар нь танигдаж байна” гэхчлэн. Мөн хүүхдэд маань хэрэгтэй иргэний боловсрол, эрүүл мэндийн боловсролын хичээл орохгүй мөртлөө англи, хэл математик нь ороод байна гэх мэтээр ярьж л байна. Уг нь, хүүхэд хүн болно, эцэг эх болно гэдгийг анхаарч, сургалтын хөтөлбөртөө тусгах ёстой л доо.
Түүнээс гадна хувийн сургуулиудын багахан заль байгаа нь улсын олимпиадад байр эзэлсэн сурагчдыг нийгмийн хариуцлагаа хүлээж хөнгөлөлттэй сургана гэх мэтээр элсүүлдэг. Ингэж сургуульдаа сургасныгаа манай сургалтын чанар илүү байна, сайн байна гэх мэтээр тайлбарладаг маркетингийн бодлогод бид автагдаж байна.
-Чуулганаар бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн тухай яригдсан байх?
-Бага боловсролын хөтөлбөр энэ хичээлийн жилээс эхэлж байгаа учраас нэг их яригдсангүй. Багш, эцэг эхчүүд ч энэ сэдвээр тоймтой мэдээ мэдээлэл, туршлага хуримтлуулаагүй байна. Харин дунд боловсролын хөтөлбөр дээр зарим нэг багш асуудал гарган тавьсан. Үнэхээр манай боловсрол юунд чиглээд байна. Эдийн засгийн өсөлтөд үйлчлэх хүний нөөцийн тухай юм уу эсвэл зөв төлөвшсөн, ёс суртахуунтай, эрүүл чийрэг монгол хүн бэлдэх гээд байгаа юм уу гэдэг хоёр асуудлаар маргалдлаа. Одоо дунд боловсролын хөтөлбөрийг лаборатор сургуулиудад туршиж байгаа. Гэтэл нийгмийн ухааны хичээлүүдийн цаг хасагдчихсан байна. Физик, байгалийн шинжлэх ухааны хичээлийн цаг нэмэгдчихсэн. Үүнийг манай чуулганд оролцогчид юу гэж үзэж байна гэхээр Монгол Улсын Засгийн газар боловсролын бодлогоо зөв монгол хүүхэд, хүн бэлтгэх бус зүгээр л мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлсэн юм байна хэмээн харж байна.
-Таны хэлсэнчлэн бодлого, бодит байдал хоёр хол зөрүүтэй байх шиг санагддаг?
-Тэр зайг тань ойртуулах гэж л манай чуулган тав дахь жилдээ хуралдаж байгаа юм шүү дээ.
-Дотуур байрны тал дээр цухас дурдсан. Энэ асуудал хэн хүнгүй анхаарал татаж байгаа байх?
-Боловсролын чанарт нөлөөлөх хүчин зүйл гэдэг талаас нь ярилцсан. Өөрөөр хэлбэл чанарын асуудал гэдэг улс орныхоо онцлог нөхцөлөөс шалтгаалдаг юм шүү дээ. Магадгүй Америк, Хятадад дотуур байрны тухай ярихгүй шүү дээ. Монголд л яриад байгаа хэрэг. Дотуур байранд амьдарч буйн хувьд тухайн сурагчид цаашлаад боловсролын чанарт шууд нөлөөлнө. Үүнийг манай эвсэлд багтдаг хүүхэд хамгааллын чиглэлийн төрийн бус байгууллага судалсан. Хот, аймаг, орон нутагт цөөнгүй дотуур байраар явж судалгаа хийлээ. Дотуур байрны хүүхэд хамгаалал талаас нь илүү гаргахыг зорьсон. Тэнд хүүхэд сурах эрхийг нь дэмжсэн орчин нөхцөлд амьдарч байна уу гэдгийг нь судалсан. Даанч, эмгэнэлтэй дүр зураг гарсан. Нэгдүгээрт, хүрэлцээ муу байна. 21 аймгийн төлөөлөл чуулганд ирсэн нь бүгд энэ асуудлыг ярьж байна. Баян-Өлгий аймгийн Асгат сумын багш илтгэл хэлэлцүүлэхдээ “250 хүүхдийн дотуур байранд лаазалсан загас шиг 500 хүүхэд чүү ай багтан амьдарч байна” гэж байгаа юм. Мөн Мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах нөхцөлгүй гэсэн тодорхойлолт гаргасан байр их байна. Дотроо ариун цэврийн өрөөтэй дотуур байр хөдөө орон нутагт нэг ч алга гэх мэт яриад байвал энэ асуудал дуусахгүй.