Анх 2011 онд “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн санаачлан, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барихаар болсон нь биеллээ олж, өнөөдөр эмнэлгийн хоёр байрыг хүлээлгэн өгөөд байна. Гэвч эмнэлгийн тохижуулж тоног төхөөрөмжөөр хангахад багагүй хөрөнгө шаардлагатай байгаа аж.
Хүүхдийн уг эмнэлгийн хандивын үйл ажиллагааг дэмжин харилцаа холбооны салбарын тэргүүлэгч ZTE компани болон Монгол-Хятадын нийгэмлэг хамтран нэг өдрийнхөө цалинг Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэгт хандивласан байна. Хандивын арга хэмжээнд ZTE компанийн захиргааны хэлтсийн дарга Г.Отгонцэцэг, Монгол-Хятадын нийгэмлэгийн гишүүд болон “Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” ТББ-ын ерөнхий менежер Ч.Батнайрамдал, ЭХЭМҮТ–ийн дэд захирал С.Алтантуяа болон бусад албаны хүн оролцлоо.
Уг сайн үйлсийн аяны талаар ZTE компанийн захиргааны хэлтсийн дарга Г.Отгонцэцэгээс тодруулахад “ZTE компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Иймд манай ажилчид санаачлан хүүхдийн төлөө энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхээр болсон. Үүнийг маань ч компанийн зүгээс дэмжиж хандивын хэмжээг нэмэгдүүлэн оролцлоо. Монголд хүүхдийн төрөлжсөн эмнэлэг цөөн байдаг бөгөөд энэ сайн үйлсийн аянг хүн бүр дэмжиж, хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Тэр дундаа салбарынхаа бүх компанийг уриалж байна. Цаашид ч манай байгууллага, хамт олон Ажиа гэгээний төвтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэхүү сайн үйлсийн аяны талаар “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” ТББ-ын ерөнхий менежер Ч.Батнайрамдал хэлэхдээ, Манай ТББ нь Хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн төвийн хоёр байрыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгөхөөс гадна доторх засал, чимэглэл, шаардлагатай зүйлсээр хангах, гадны эрдэмтэн, доктор, эмч нарыг авчран судалгаа явуулах, байрлах байраар хангах гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна.
Энэ үйл ажиллагааг бүрэн дуустал 2-3 жилийн хугацаа шаардлагатай. Бидний үйл ажиллагааг дэмжин олон албан байгууллага хандаж, сайн үйлсийн аянд нэгдэж байна. Үүний нэг нь ZTE корпораци, Монгол-Хятадын нийгэмлэгийн хамт олон болж байна. Хандив өгсөн бүх хүмүүстээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч, ажил үйлс нь өөдрөг дэвжин дэлгэрэхийг хүсэн ерөөе гэлээ.