Өнгөрсөн онд дэлхий даяар кино бүтээгчид нийт 35,9 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Үүний дийлэнх нь Хятадын өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй зах зээлээс орж ирсэн байна. Хятадын хүн амд эзлэх дундаж давхаргынхны хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр тус улсын кино зах зээлээс олох ашиг өнгөрсөн 10 жилийн хугацаанд 30 хувиар өссөн байна. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа юм. Тус улсад долоо хоногтоо л 100 кино театр шинээр нээгдэж байгаа бөгөөд одоогоор 20 мянган театр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 70 мянган үзэгч тутамд нэг кино театр ногдоно гэсэн үг. Харин кино урлагийн хамгийн том зах зээл болсон АНУ-д 40 мянган кино театр бий бөгөөд энэ нь 8000 хүн тутамд нэг дэлгэц ногдож байна гэсэн үг.
Гэхдээ БНХАУ эдийн засгаараа дэлхийн бүх орныг гүйцэж түрүүлсээр одоо дэлхийн №1 орон болохоор өрсөлдөж буйтай адил кино урлагийн хувьд ч хамгийн том зах зээл болох замдаа аль хэдийнээ оржээ. Хятадын нүсэр том зах зээлийг мэдэрсэн Холливудын уран бүтээлчид зөвхөн эх газрын үзэгчдэд зориулсан сцена хүртэл зохиолдоо нэмж, хятад гаралтай жүжигчдийг тоглуулах болсон билээ. Тухайлбал, “Төмөр хүн 3” киноны Хятадад цацах хувилбарт үзэгчдэд нь таалагдах зорилгоор тусгай үзэгдэл нэмж Хятадын нэртэй жүжигчнийг тоглуулсан юм. Ийнхүү Холливуд Хятадад “зориулж” кино хийх болсон нь тэдний олон улсын кино театруудаас олж буй ашгийн тал нь зөвхөн эх газраас орж ирдэгтэй холбоотой.
Гэхдээ Хятадын энэ том зах зээл зөвхөн Холливудын уран бүтээлчдэд зориулсан талбар биш гэдэг нь тодорхой. Өөрсдөө Холливудтай дүйцэхүйц 100 гаруй жилийн түүхтэй Хятадын кино урлагийн салбараас төрөн гарсан нэртэй найруулагчид үе үе чанартай кинонуудаараа барууны үзэгчдийг байлдан дагуулдаг билээ.