Дэлхий даяар 200 сая цомгоо борлуулж, бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрч Гиннесийн номонд бичигдсэн попын хатан Мадонна “Rolling Stones” сэтгүүлд ярьж байна. Аль 80-аад оноос л секс бэлэг тэмдэг хэмээн алдаршсан, 50 гарсан энэ эмэгтэй өдгөө залуу үеийн дуучдад байраа тавьж өгөх нь бүү хэл тэднийг урдаа гишгүүлэхээргүй орчин үеийн дуу хөгжмөө шүтэн бишрэгчдэдээ хүргэсээр явна.
-Таныг тайзан дээр их уйлдаг болж гэж хүмүүс ярьж байна?
-Магадгүй. “Sticky and Sweet” аялан тоглолтынхоо үеэр “Чи намайг хайрлах ёстой” гэдэг дууг дуулахдаа уйлж байсан юм байна. Тэр их гунигтай дуу л даа. Бас энэ аялан тоглолтын маань тайзыг засч байгаад нас барсан эрэгтэйн тухай үзэгчдэд ярихдаа хоолой зангирч байсан. Майкл Жексон нас барсныг мэдээд уйлж байлаа.
-Майкл та хоёр 1958 оны наймдугаар сард төрсөн нас чацуу хүмүүс. Өөртэй чинь яг чацуу хүүхэд үеийнхнээсээ түрүүлж амжилтанд хүрэхийг хараад танд ямар санагддаг байсан бэ?
-Би түүнд ухаангүй дурлаж байсан. Тэр үнэхээр авьяаслаг. Түүний дуунууд бол зүгээр нэг хүүхдийн дуу биш байсан юм.
-Та түүнтэй хэзээ хамгийн анх уулзсан бэ?
-1980-аад оны эхээр. Тэр үед би Фредди Димен менежертэй хамтран ажиллаж эхэлж байсан юм. Тэр бас М.Жексоны ч менежер байв. Бид Хелмсли зочид буудалд болсон үдэшлэгийн үеэр танилцсан. Тэр их ичимхий ч надад гайхалтай сайхан санагдаж байсан.
-Та түүний амжилтад атаархдаг байсан уу?
-Цагаанаар. Би “Billie Jean”, “Wanna be Starting Something” гээд гайхамшигтай дуунуудыг зохиосон ч болоосой гэж боддог. Дурлахгүй байхын аргагүй дуунууд.
-Та нар сайн найзууд байсан уу? Оскарын ёслолд хамтдаа ирж байсныг чинь санаж байна.
-Тэр надтай ажиллахыг хүссэн. Харин хамтран ажиллаж, хамт уран бүтээл хийхийн тулд бие биенээ таньж мэдэх, илүү дотно байх хэрэгтэй болно. Тиймээс л кино үзэх, хоолонд орох гэх мэтээр хамтдаа цагийг өнгөрүүлсэн хэрэг. Энэ бүхний эцэст тэр миний хажууд амар тайван сууж, нүднийхээ шилийг ч тайлдаг, хундага дарс хувааж уудаг, хошин зүйл ярьж инээлддэг хэмжээнд ойртож дотноссон.
-Хөгжим бүхнийг анагаах хүчтэй гэлцдэг.
-Хөгжим хүнийг тайтгаруулж, ухааруулж, сэтгэл санааг нь өргөж өгдгийг хүн бүр л мэднэ. “Энэ дуу миний амьдралыг аварсан”, “Түүнээс салсны дараа энэ дуу л намайг тайвшруулсан”, “Энэ дуу миний залуу насыг санагдуулдаг” гэж ярьдаггүй хүн бий гэж үү.
-Таны амьдралын хамгийн сонирхолтой, эргэлтийн үе нь “Playboy” сэтгүүлд нүцгэн зураг чинь гарсны дараа “Би ичихгүй байна” гэж хэлж байсан тэр үе байх?
-Тэр бол гэрэл зургийн ангид моделиор ажиллаж байх үед авахуулсан зурагнууд. Үнэндээ би зургаа зарж амьдралаа залгуулдаг байсан. Энэ бол дөнгөж Нью-Йоркт ирсний дараа миний мөнгө олох арга байсан юм. Би урлагийн ангид уран зураг, гэрэл зургийн модель болон олон цагаар зогсч зургаа зуруулдаг, авахуулдаг байв. Энэ бол урлагийн ажил. Тиймээс би үүнд хүндэтгэлтэй ханддаг. Хүмүүс харин үүгээр шалтаглан намайг гутаах гэж оролддог. Яг энэ өнцгөөс би хүмүүсийн хэлээд байгаа тэр зүйлээс ердөө ичихгүй ээ гэдгээ л хэлсэн юм.
-Та үнэхээр хүмүүсийн хэлээд байдаг шиг муу охин байсан юм уу?
--Итгэнэ үү байна уу, би 30 хүртлээ архи ууж үзээгүй. 30 настайдаа Шон Пеннээс салсны дараа анх удаа архи ууж үзэж билээ.
-Таны хэлсэн үгс заримдаа алдаа болж бусдаар шүүмжлүүлэх шалтгаан болдог гэж та боддог уу?
-Магадгүй ээ. Гэхдээ бүх зүйл болдгоороо л болно шүү дээ. Би хэлсэн үг, хийсэн үйлдлээ бүгдийг нь хариуцах чадвартай хүн.
-Хөгжмийн суутнууд гэж та хэнийг хэлэх вэ? Таны бодлоор агуу авьяасыг юу гэж тодорхойлох вэ?
-Авьяас гэдэг их олон зүйлийг илтгэдэг. Дууны шүлэг, аялгуу, хоолойны темперээр ч авьяас илэрдэг. Түүнээс тэр Элтон Жон байна уу Стиви Уондер юм уу эсвэл Жон Леннон байна уу хамаагүй.
-Жон Леннон гэснээс та түүний “Imagine” дууг дуулсан. Түүнийг нас барах үед та хаана байсан бэ?
-Би Нью-Йоркт байсан. Түүнийг буудуулсны дараа цагдаагийн машины дохио хангинаад л их аймшигтай байж билээ. Би “Imagine”-ийг дуулах бүртээ үзэгчид уйлахыг хардаг.
-Танд уран бүтээл хийх урам зориг өгдөг, үлгэр дуурайл болсон хүн байдаг уу?
-Мартин Лютер Кинг, Аль Гор, Ганди гээд гайхамшигтай хүмүүс олон бий. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэггүй, юу нь буруу юу нь зөв болохыг чөлөөтэй хэлж ярьдаг хүмүүсийг би шүтэн биширдэг. Майкл Мур, Че Гвара, Элеанор Рузвельт гээд.
-Таны хамгийн үнэтэй цуглуулга юу вэ?
-Надад тонн, тонн тэмдэглэлийн дэвтэр бий. Түүн дээр сүүлийн хэдэн арван жилийнхээ амьдралыг би бичсэн. Харин гэр бүлийн маань хувьд охиныхоо хамгийн анх өмссөн гутлыг би одоо ч нандигнан хадгалдаг. Бас түүний сэвлэгний үсийг ч би хадгалж байгаа.
-Та дууныхаа ямар шүлэгт дуртай вэ?
-Төдий л нэрд гараагүй “Miles away”, “Devil wouldn’t recognize you” гэдэг дууныхаа шүлэгт би дуртай. Бас “Like it or not” дууны “Би цэцэрлэг, чи могой, чи миний бүх жимсийг иднэ” гэдэг шүлэгт дуртай.
-Тэгвэл ямар дуундаа дуртай вэ?
-Хуучны дуунуудаас гэвэл “Beautiful Stranger”, сүүлийн үеийнхээс бол “Celebration”-д дуртай.
-Тэгвэл сүүлийн үед ямар төрлийн хөгжим илүү сонсч байгаа вэ?
-Электро.
-Та одоо хүртэл дискоддог хэвээрээ байгаа юмуу?
-Тийм ээ. Аялан тоглолтоос бусад үед. Харин тоглолтоо дууссаны дараа бол хөгжмөө чангалж болно.
-Таны том охин Лурдес ямар хөгжим сонирхдог бол?
-Тэр “Disco Bitch”, “Jonas Brothers”, Лэйди Гага, Рианна, Жастинд дуртай. Тэр i-Pod-гүйгээр амьдарч чадахгүй байх.
-Тэр таныг шүүмжилдэг үү?
-Өө тэгэлгүй яах вэ. Миний дуу, шоу концерт гээд бүгдэд шүүмжлэлтэй ханддаг. Тэр зөвхөн надад ч биш бусад хүмүүсийг ч юу өмссөн байна, хэнтэй болзож байна гээд л шударгаар шүүмжилдэг. Тэр одоо надтай ижил размерийн хувцас өмсдөг болсон. Миний гутал, хувцаснаас хааяа хулгайгаар өмсөнө. Бид жирийн нэг ээж охин шиг биш яг л найзууд шиг болж байгаа.
-Тэр таны ажилд тусладаг уу?
-Тэр манай бүжигчдийн хувцсыг сонгодог. Тэр маш мэдрэмжтэй. Хүмүүс надаас биш түүнээс ямар хувцас өмсөхөө, өмссөн хувцас нь зохиж уу үгүй юу гэдгийг асуудаг.
-Лурдес таны “Celebration” дууны клипэнд оролцсон байсан.
-Тэр бүжиглэх дуртай, дээр нь миний энэ дуу бүхэлдээ хөгжим, бүжгийн тухай учраас түүнийг хүссэнээ хийхийг зөвшөөрсөн.
-Тэр тань шиг дуучин болох болов уу?
-Үгүй ээ. Түүнийг дуучин болно гэж бодохгүй байна. Харин тэр жүжигчин болохыг л хүсч байгаа.
-Та дахиад хүүхэдтэй болох уу?
-Хэн мэдэх вэ?
-Тэгэхээр болох санаа байна гэсэн үг үү?
-Надад тэр талаар ямар ч бодол алга. Хэлэх зүйл гэвэл ердөө энэ л байна .Гэхдээ хэзээ ч гэж хэзээ ч хэлж болохгүй гэдэг биз дээ.
-Та хэзээ нэгэн цагт “Одоо хангалттай. Би их өндөрт хүрлээ” гэж бодож байсан уу?
-Хааяа л.
-Лэйди Гага тань шиг алдартай болохыг мөрөөддөг гэсэн. Та шинэ үеийн дуучдаас эмээж байна уу?
-Би Лэйди Гагагаас өөрийгөө олж хардаг. Би дөнгөж дуучин болж байхдаа яг л түүн шиг байсан. Түүнд уран бүтээлээ хийх хангалттай мөнгө байхгүй, алдаа их гаргадаг гээд. Гэхдээ тэр их авьяастай
-Та хэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ?
-Эминем. Гэхдээ тэр өөрөө тэгж хүсэхгүй байх л даа. Магадгүй ичих биз.
-Таны дуу хит болох нь хэр чухал зүйл вэ?
-Мэдээж, энэ маш чухал. Би худлаа хэлэхгүй. Миний дуу дэлхий даяар хүн бүрт хүрээсэй гэж би хүсдэг.
-100 жилийн дараа та хэрхэн дурсагдах бол?
-Хүмүүс үнэн мөнийг л дурсах болно. Гэхдээ энэ тийм чухал биш. Миний хөгжим хүмүүст хэрхэн хүрч байгааг би шоу тоглолтноосоо мэдэрдэг. Энэ хангалттай.
-Та амьдралаа үүнээс өөрөөр төсөөлж чадах уу?
-Үгүй.
Б.Сэвжидмаа