Улсын ууган хэвлэх үйлдвэрийн “Ган зам” пресс төв энэ жил түүхт 60 жилийн ойтойгоо учран золгож байна. 60 жил байтал улсын ууган үйлдвэр гэхийн учрыг сийрүүлбээс тэртээ 1912 оны түүхийн хуудсыг сөхөх хэрэг гарна. Богд хаант Монгол Улсын үед буюу 1912 оны арваннэгэн сард Оросын консулын газрын дэргэд байгуулагдсан тус үйлдвэр 1954 онд УБТЗ-ын мэдэлд шилжсэн гэдэг. Угтаа байгуулагдсан он цагаар нь тоолбол эл үйлдвэр өнөө жил 102 дахь жилээ угтаж байгаа юм.
Өдгөө УБТЗ-ын “Ган зам” сонин болоод дагуул дөрвөн сонин, “Галт тэрэгний цонхоор” сэтгүүлийг тус тус хэвлэн гаргаж буй “Ган зам” пресс төвийн дарга, “Ган зам” сонины эрхлэгч, зохиолч, сэтгүүлч Л.Сэнгээтэй ойн баярыг нь тохиолдуулан ярилцлаа.
-Юуны өмнө танд болоод танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе. “Ган зам пресс” хэвлэх үйлдвэрийг 60 жилээр тогтохгүй өнө эртний түүхтэй гэж сонссон юм байна. Тийм болохоор яриагаа эндээс эхлэх үү?
-Бололгүй яахав. Таны хэлж байгаатай санал нэг байна. Үнэхээр “Ган зам пресс” төв буюу хуучин нэрээр Төмөр замын Хэвлэх үйлдвэрийг 60 жилийн өмнө байгуулагдсан хэмээн тогтож ойг нь тухай бүр тэмдэглэсээр ирсэн. Үйлдвэрийн 30 жилийн ойг 1984 онд тэмдэглэж байсан. Гэхдээ 1954 онд тухайн үеийн ЗХУ-ын Элчин сайдын яамнаас хүн хүч, тоног төхөөрөмжийн хамт шилжин ирсэн болохоор байгуулагдсан ой гэж үзэхэд эргэлзээтэй. Тэгэхээр байгуулагдсан цаг хугацааг нь өмнөх үеэс тодруулах шаардлага гарч ирсэн. Энэ тухай үйлдвэрийн дарга, сонины эрхлэгчээр арав орчим жил ажилласан ахмад сэтгүүлч Ж.Нямдаш сүүлийн жилүүдэд уйгагүй судалгаа хийж, их зүйлийг тодруулсан юм.
Сонирхолтой нь, судалгааны дүнд манай үйлдвэр 1912 оны арваннэгдүгээр сарын 07-нд тэр үеийн Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээнд сууж байсан Оросын консулын газрын дэргэд байгуулагдсан тухай Хаант Оросын дипломатч И.Я.Коростовецийн дурсамж номонд дурьдсаныг үндэслэн маргашгүйгээр тогтоосон. Үүнээс үзвэл уг үйлдвэр Монгол Улсад байгуулагдсан анхны хэвлэх үйлдвэр болж таарч байгаа юм.
-Урьд өмнө энэ тухай нэг их яригдаагүй шиг санагдана?
-2004 онд тэмдэглэгдсэн төмөр замын Хэвлэх үйлдвэрийн 50 жилийн ойн номонд цухас өгүүлсэн нь бий. Түүх гэдэг тодорхой судалгааны үр дүнд баримтжин баталгааждаг болохоор одоо илүү хүчтэй яригдаж байгаа гэж ойлгож байна. Хоёр жилийн өмнө “Мөнхийн үсэг” компаний санаачлагаар Монгол улсад хэвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Бид энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож чадаагүй. Зохион байгуулагчид ч бидэнд нэг их анхаарал хандуулаагүй. Энэ нь биднийг өөрсдийнхөө түүхийн талаар илүү санаачлагатай хөөцөлдөж, олонд таниулахыг сануулсан хэрэг. Тэгээд л тухайн үед Канад улсад амьдарч байсан Ж.Нямдаш гуайд хандаж, түүхийн талаар судалгаа хийн, ном бичихийг хүссэн л дээ. Харин, Ж.Нямдаш гуай маань Канад улсад амьдардаг Хаант Оросын генерал Бакичийн ач охинтой уулзаж, олон зүйлийг тодруулсан юм билээ. Бакич гэдэг нь нөгөө Хатанбаатар кинонд нэг их цасан дунд Магсаржавын өмнө гар буугаа шидчихээд бууж өгдөг генерал шүү дээ. Мань хүнийг бууж өгөхөд нь Нийслэл хүрээгээр дайруулан Сибирьт аваачин шүүж цаазаар авсан гэдэг. Тэр үед эхнэр хүүхэд нь дагалдаж явсан гэсэн. Тэд ач охиндоо их зүйлийг ярьж өгсөн байлгүй. Дээр нь, тэр үеэр И.Я.Коростовецийн ном Монголоор орчуулагдаж гарсан нь олон зүйлийг тодорхой болгосон. Ер нь, Консулын дэнжийн хэвлэх үйлдвэр XX зууны эхэн үеийн Монголын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байгууллага.
-1921 оны Ардын хувьсгалд Консулын хэвлэх үйлдвэр олон талаар оролцсон гэдэг. Энэ тухай сонирхвол?
-Тухайн үед Орос хэвлэлийн хороо гэж нэрлэгддэг байсан Хэвлэх үйлдвэрт хувьсгалч үзэл санаатай Оросууд цөөнгүй ажиллаж байсан гэдэг. Ардын Хувьсгалын түүхэнд нэр нь олонтоо дурьдагддаг, зарим ном зохиолд механикч гэж бичигддэг үсэг өрөгч М.И.Кучеренко, нягтлан бодогч Я.В.Гембержевский нар тэдний дунд багтана. Тэд Д.Бодоо тэргүүтэй Консулын дэнжийн хувьсгалч бүлгэмийнхэнтэй ойр, холбоотой байж, большевик үзэл санаагаа тайлбарладаг байсан юм билээ. Барон Унгерн Нийслэл хүрээг эзэлж авахад Кучеренко нар угтан очиж, Нийслэл хүрээний байдлын тухай танилцуулсан ч Унгерн ганц хоёрхон өдрийн дараа тэр хоёрыг, хувьсгалч үзэлтэй бага эмч Цибыктаровын хамт баривчлан өчиггүй дүүжлэн хороосон нь тэдний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэн нэгэн өгснийх гэж үздэг.
Намайг оюутан байх үед Консулын дэнжид Оросын консулын байр гэх хоёр давхар модон байшин байдаг байлаа. Тэр хоёр байшингийн дэргэд хэдэн өвгөн улиас байдгаас мөнөөх Оросуудыг дүүжилж хороосон гэж хуучны хөгшчүүл ярьдаг сан. Бага, идэр насаа Консулын дэнжид өнгөрөөж, 1918-1919 онд Түүх шастир хэвлэх газарт үсэг өрөгчөөр ажиллаж байсан Д.Сүхбаатар жанжин ч энэ нөхдүүдтэй ойр холбоотой байсан гэх баримт цөөнгүй бий.
-Манай анхны тогтмол хэвлэл болох “Шинэ толь бичиг”-ийг Консулын хэвлэх үйлдвэрт хэвлэж байсан гэдэг байх аа?
-Хэвлэх үйлдвэрийг УБТЗ-д шилжсэний дараа хуучин байсан газраас нь зарим нэг тоног төхөөрөмжийг авчиралцсан манай ахмад ажилчин З.Сагар гуай яриахдаа “Биднийг Хэвлэх үйлдвэрийн Консулын дэнжийн хуучин байрнаас үлдэгдэл эд зүйлийг машинд ачиж байхад байрны дээврийн хонгилд хуучин Монголоор бичсэн сонин зөндөө үлдсэн. Яг үнэндээ ямар сонин болохыг нь сонирхоогүй” хэмээн өгүүлсэн нь таны тавьсан асуулт үнэн байж болохыг харуулж байгаа хэрэг. Тэр үед “Шинэ толь бичиг”-ээс өөр ямар ч сонин байх билээ дээ. Нийслэл хүрээний сонин бичиг арай хожуу, өөр үйлдвэрт хэвлэгдсэн байдаг. Ер нь, тэгээд энэ бүхэн манай Ж.Нямдаш гуайн номонд дэлгэрэнгүй орсон байна билээ.
-Зөвлөлтийн Элчин сайдын яам Хэвлэх үйлдвэрээ УБТЗ-д шилжүүлэн өгөх шаардлага юу байсан юм бол?
-Хоёр улсын хамтарсан байгууллага УБТЗ үүсэн байгуулагдаад чамгүй саад тотгор даван туулах шаардлага гарсан нь ойлгомжтой. Эхэн үедээ хамт олны зонхилох хэсгийг бүрдүүлж байсан Зөвлөлтийн ажилчдад замын захиргааны бодлого шийдвэр, дүрэм заавар, техникийн бичиг баримтыг Орос хэлээр нь хүргэх явдал чухал байсан болов уу гэж би боддог юм. Тэр үед Монголд ажиллаж байсан цөөн хэдэн хэвлэх үйлдвэрүүдэд Орос хэлээр үсэг өрөх чадвартай ажилчид байгаагүй нь мэдээж. Тиймээс л Орос ажилчидтай Элчин сайдын яамны Хэвлэх үйлдвэрийг төмөр замд өгсөн болов уу. Уг үйлдвэрт аажимдаа Монгол ажилчид голлох болсон нь ойлгомжтой. Үүгээрээ монгол, орос хүмүүс нэг үйл хэргийн төлөө хамтран зүтгэж хөдөлмөрлөж байсны тод илрэл. Мөн монголчуудад шинэ соёл, аж төрөх ёс нэвтрэх гүүр болсон гэж үзэж болно.
-Ингэхэд та энэ бүх үйл явцад хэдийнээс оролцож эхэлсэн бэ?
-Би энэ байгууллагад арай хожим тодруулбал 2004 оны дундуур ирсэн. Гэхдээ л 10 жил болчихсон байна шүү. Тэтгэвэртээ гарах болсон Ж.Нямдаш даргын оронд ажилла гэхэд нь нэг их юм бодолгүй зөвшөөрсөн л дөө. Угтаа Ж.Нямдаш дарга өөрөө миний намайг санал болгосон юм билээ. Одоо бодоход мөн ч бөх зүрхтэй байсан байгаа юм. Хэвлэл, мэдээллийн салбар, хэвлэх үйлдвэрт ажиллаж үзээгүй байж ингэж зөвшөөрнө гэдэг. Амьхандаа бас нэг өвөрмөц ажил үүрэгтэй хамт олон болох Дуу бүжгийн чуулгын захирлын албыг долоон жил хашсан болохоор чадна гэж бодсон юм болов уу даа. Урьд нь энэ хамт олныг сайн мэддэг ажил төрлийн шугамаар хамтарч ажиллаж байсан нь ч нөлөөлсөн байх. Ажил хүлээлцэх үеэр Ж.Нямдаш дарга байгууллагын онцлог, ажилчдын хувийн зан чанар гээд бүх юмыг нарийн танилцуулж байж билээ. Зүтгүүрийн депогийн Эвлэлийн хороог удирдаж, хороогоо “Алтан гадас” одонгоор шагнуулж явсан ахмад төмөр замчин энэ хүн ажиллагсдынхаа гүнд нь орж, дотроос нь удирдан, хамтын хүчээр олон зүйлийг амжуулсанд нь бахархаж ийм хэмжээнд ажиллаж чадах болов уу гэж эмээж байсан шүү.
-Гэхдээ тэр үед таныг сониныхон анддаггүй байсан байлгүй дээ?
-Намайг чуулгад ажиллаж байх үед манай хоёр байгууллага нэг удаа хамтарч шинэ жилээ тэмдэглэсэн юм. Тэгэхээр нүүр хагарсан байсан гэсэн үг. Редакцынхантай бол бүр ч ойр байлаа. Миний хийсэн ярилцлага, бичсэн тэмдэглэл, хошин элэглэл “Ган зам” сонинд гардаг, нэг удаагийн оны шагналыг нь хүртэл авч байлаа шүү дээ. Дээр нь Нямдаш гуай, зохиолч хүн сэтгүүлч болоход нэг алхам ойр байдаг юм. Тэгээд ч чуулгыг гайгүй сайн авч явж байгаа удирдагч, харин архи уудаг, ажлаас хоцордог хүнд ясны дургүй гээд танилцуулсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь ажилд оров уу дөнгөж маргааш нь нэг эмэгтэй ажилтан ажлын цагаар архи үнэртүүлчихсэн явж таараад бараг анхны тушаалаа гаргаж арга хэмжээ авч байсан юм. Хожим бодоход их л түрэгдсэн шийдвэр байсан санагддаг юм.
-Ажлаа аваад анх хэрэгжүүлсэн ажил юу байв?
-Хэвлэл, сэтгүүл зүйн талын дадлага, туршлага муутай хүн чинь аж ахуйн ажлаасаа л эхлэнэ биз. /инээв/ Дэвтэрлэх цехийн хуучин ширээ, сандлыг сольж, мөн нүсэр хүнд хаалгуудыг шинэчилсэн. Аажимдаа сонины макет, толгой эйнэ тэр рүү орж, бага зэргийн өөрчлөлт хийсэн. Үүнийг харин, редакцийнхантайгаа нэлээд зөвлөж байж шийдсэн шүү. Бид сонины талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Замын даргын тушаал төлөвлөн гаргуулж, “Завсарлага” нэртэй дагуул сонин гаргаж эхэлсэн. Анхандаа гурван мянга орчим хувь хэвлэгдэж байсан сонин төд удалгүй найман мянгад хүрч билээ. Тоо өссөн учир юун түрүүн материаллаг баазаа сайжруулах хэрэгтэй болж редакциа иж бүрэн компьютержүүлсэн. Мөн хэдэн сэтгүүлчээ диктафоноор хангаж, гар ноорог хийх зүдэргээтэй ажлаас чөлөөлсөн дөө. Дараа нь эх бэлтгэлийн компьютеруудыг сайжруулж, хуучныг нь оффисын зорилгоор ашиглаж эхэлсэн. 1990-ээд оны эхэн үед энэ ажил хийгдэж байсан гэхээр бид орчин үеийн технологитой хөл нийлүүлж байсан байгаа биз. Тэр үед офсет хэвлэлийн технологид шилжиж, тоног төхөөрөмжөө дэс дараатайгаар сайжруулж байсан юм билээ. Гэхдээ хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалан бүрэн хэрэгжиж чадаагүй. Тиймээс техник технолгийн шинэчлэл хийж, өнгөт хэвлэлийн технологи эзэмших зайлшгүй шаардлага бий болсон байв. Энэ асуудлаар Замын захиргаанд удаа дараа хандаж, олон ч удаа танилцуулга хийж, албан тоот илгээн байж 2012 онд шийдвэрлэгдсэн юм. Энэ хөрөнгө оруулалтын ачаар бид хэвлэлийн зах зээлд өрсөлдөхүйц боломжтой болсон доо.
-“Ган зам пресс” нэртэй болохоос өмнө нь хэвлэх үйлдвэрийн албан ёсны нэр нэлээд маргаантай байсан гэдэг юм билээ?
-Тийм шүү. Дээхэн үед чинь агуулга хэлбэрийн нэгдэл гэж философийн ойлголт байлаа шүү дээ. Энэ утгаар авч үзэх юм бол хэвлэх үйлдвэр, сонин гэсэн харилцан уялдаатай нэг байгууллагыг аль нэгийнх нь нэрээр нэрлэх учир дутагдалтай байсан юм. Төмөр замын Хэвлэх үйлдвэр гэхээр сонин нь хаягдчих гээд, “Ган зам” сонины газар гэхээр үйлдвэр нь хаягдчих гээд болдоггүй. Зарим үед “Ган зам” сонины хэвлэх үйлдвэр гэж нэрлэх тохиолдол л гарч байсан юм билээ. Зөвхөн сонин хэвлэдэггүй бусад олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг болохоор нэг л тиймхэн. Тиймээс 2008 онд аль алийг нь багтаасан Хэвлэх үйлдвэр, “Ган зам” сонины газар гэсэн нэр томъёо гарч ирсэн. Анх сонсоход нэг их урт, хүний аманд багтахааргүй санагдаж байлаа. Гэтэл дээр өгүүлсөн хэвлэлийн шинэ технологид шилжиж, зах зээлд эрчимтэй гарах асуудал урган гарсан учир бизнес төлөвлөгөө боловсруулах шаардлага тулгарч нэрний асуудлыг дахиад л сөхсөн. Ингээд л “Ган зам” пресс төв болсон доо.
-Та бизнес төлөвлөгөөний тухай дурслаа. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Үүнийг ярихын өмнө өнгөт хэвлэлийн технологи эзэмшсэн тухайгаа дурьдах нь зүйтэй. Манай хамт олны олон жилийн мөрөөдөл байсан даа, анх В.В.Магдей даргад өнгөт хэвлэлийн машин авах саналаа танилцуулж билээ. Дарга ч миний саналыг их л уриалгахан хүлээж авч, “Төмөр замын Хэвлэх үйлдвэр шилдэг нь байх ёстой. Би Замын даргын үзлэг дуусгангуут наад асуудлыг чинь шийдэж өгнө” гэж билээ. 2006 оны аравдугаар сард шүү дээ. Үзлэг дууссаны дараахан мань хүн харамсалтайгаар хорвоог орхиж, өнгөт хэвлэлийн машин авах асуудал ч яриа төдий үлдсэн. Дараагийн дарга В.Отгондэмбэрэл энэ асуудлыг ойлгож дэмжсэн ч хямралын жилүүд таарч санхүүжилтын асуудлыг шийдэж чадаагүй. Ийнхүү 2010 онд Т.Очирхүү даргаар ирж, би мөн л мөнөөх тооцоо судалгаагаа барьсаар өрөөнд нь орж асуудлаа танилцуулж билээ. Мань хүн судалж үзэхээр болов оо. Одоо Замын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Г.Сэрээнэндорж тухайн үед Замын ерөнхий инженер байсан юм. Өнгөт хэвлэлийн машины асуудлыг гольдролд нь оруулахад их үүрэг гүйцэтгэсэнийг хэлэх нь зүйтэй. Тэр нэг удаагийн техникийн зөвлөлийн хурлаар миний танилцуулгыг сонсоод “Энэ Сэнгээ миний мэдэхийн зургаан жил л өнгөт машин гэж гүйлээ. Энэ жилийн төлөвлөгөөнд оруулаад аваад өгчихвөл яасан юм бэ” гээд шуудхан протоколдоо тусгахыг үүрэгдэж билээ. Ингээд л 2012 оны гуравдугаар сард өнгөт хэвлэлийн машин ажилд орж, “Ган зам” сонины 4001 дэх дугаар хэвлэгдэн, манай хамт олны хувьд бөөн баяр болж байлаа. Яг энэ үеэр төмөр замын нийгмийн чиглэлийн зарим байгууллагуудыг бие даалгах асуудал яригдаж, судалгаа шинжилгээ явагдан, бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гарсан юм.
-Өнгөт машин ашиглалтад орсноор ашиг орлого ч нэмэгдээ байлгүй?
-Тэр жил УИХ-ын сонгууль зарлагдаж, улс төрийн намууд хөл хөдөлгөөнд орсон үе. Бид үүнийг ашиглаж, машиныхаа эд шидийг үзэхийг хүсэлгүй яахав. Хүмүүс маань дадлага туршлага муутай ч чухам л ханцуй шамлан орсон доо. Бид чинь машинаа хурдан ашиглаж сурахын тулд борлуулалтын менежерээр ажиллаж байсан хэвлэлийн технологич инженер мэргэжилтэй Г.Мягмарсүрэнгээ хүртэл тушаал буулган хүчээр шахуу өнгөтийн хэвлэгч болгож байлаа шүү дээ. Залуу хүн өөр байдаг юм билээ. Тэр дорхноо л сурсан. Сонгуулиар 300-аад сая төгрөгийн орлого олж, тэр жил нийт орлого 800-аад сая төгрөгт хүрсэн. Анх намайг ажил авахад 400 гаруй сая төгрөгийн орлого 40 гаруй сая төгрөгийн ашигтай байсан нь ийнхүү хоёр дахин нэмэгдэх нь тэр. Энэ бүхэн нь дээр өгүүлсэн бизнес төлөвлөгөө боловсруулан, хэвлэлийн зах зээл дээр бие даан өрсөлдөх боломж олгосон хэрэг шүү дээ. Харамсалтай нь, анхны бизнес төлөвлөгөө цаасан дээрээ үлдэж, одоо хоёр дахь бизнес төлөвлөгөө боловсруулж байна. Орлого ч хоёр жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдлээ. “Ган зам” сонин 12 нүүр өнгөтөөр хэвлэгдэж, “Галт тэрэгний цонхоор” гэдэг хоёр сар тутмын сэтгүүл гарч байна. Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж зөвшөөрчихвөл УБТЗ-ын 100 хувь төрийн өмчит “Ган зам пресс” ХХК болж, үйл ажиллагаагаа эхлэх байх даа. Ер нь, УБТЗ-ын бүтэц зохион байгуулалтыг зах зээлийн жишигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юм. Үүнийг түүчээлэх үүрэг бидэнд оногдож байгаа нь нэр төрийн хэрэг, өндөр хариуцлага юм даа.
-“Ган зам пресс” төвийн үйл ажиллагаанд төмөр замчид ам сайтай байгаа санагддаг?
-Олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад туршлагатай ажилчид, номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн залуус хосолсон чадварлаг хамт олон. Үнэн хэрэгтээ би энэ хамт олноосоо сурч, тэднийгээ түшин, өдий зэрэгтэй явж байна. Бид Төмөр замын хөдөлмөрийн уралдаанд байнга шалгарч, шагналт болон тэргүүн байр эзэлж ирсэн. Манай хамт олны нэр алдар улс орны хэмжээнд ч дуурсагдах боллоо. Тухайлбал, 2012 онд Мэдээллийн технологийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага, 2013 оны Монгол Улсын салбарын шилдэг сонин цом, өргөмжлөл хүртсэн гээд яривал их юм бий.
-Ингэхэд та дээр өөрийгээ хэвлэл мэдээллийн талын туршлага муутай гэж дурьдсан. Харин сонин хэвлэлийн бид эртний л мэргэжлийн сэтгүүлч гэж боддог байлаа?
-Манай төмөр замчид өөрсдийгөө дэр мод, зам төмрийг хооронд нь бэхэлдэг хадаас мэт бодож, өөрөө л байхгүй галт тэрэг явахгүй юм шиг сэтгэж явдаг хүмүүс. Өөрөөр хэлбэл, өөрийгөө төмөр замын эд эс гэж боддог гэсэн үг. Би тэдний л нэг. Төмөр замын мэргэжлийн сургууль төгсч, хөдөөгийн зөрлөгт ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Хожим боловсрол мэргэжлээ ахиулах зорилгоор сургууль курсууд дүүргэсний нэг нь сэтгүүлчийнх. Тэгэхээр төмөр замчин-сэтгүүлч гэж нэрлэж болно. Би ганцаараа ч ийм хос мэргэжилтэй биш. Ж.Нямдаш, С.Гомбожав, Ш.Цэрэнпил, Т.Дашбалдан гээд тоолбол хүмүүс цөөнгүй бий шүү.
-60 жилийн ойн босгон дээр цаашдын ирээдүйгээ хэрхэн харж байна?
-Мэдээж хамгийн гэгээлгээр. Мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар боловсруулсан бизнес төлөвлөгөөнд ойрын гурван жилд хүрэх ололт амжилтаа тодорхой тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө санаа, зорилго нэгтэйгээр зүтгэх нь бидний үүрэг. Энэ дашрамд байгууллагынхаа үе үеийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд “Ган зам” пресс төвийн тулгын чулуу тавигдсны 102, УБТЗ-д шилжин ирж, төмөр замд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага болох Ган зам пресс төв үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхний минь юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж, өлзий хийморьтой явах болтугай.