Эдийн засагч Ч.Хашчулуунаас манай улсын эдийн засгийн байдал, ирэх жилийн төлөв ямар байх талаар тодрууллаа.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн энэ хүндрэлийн гол шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Ер нь аливаа эдийн засгийн өсөлт хөгжил хөрөнгө оруулалтаас их шалтгаалдаг. Хөрөнгө оруулалт их байх тусам эдийн засгийн өсөлт өндөр болно. Өөрөөр хэлбэл аж үйлдвэр, соёл боловсрол гээд бүхий салбар хөгжих үндэс тавигдана гэсэн үг. Манай улсын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2011 онд 60 хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 30 хүрэхгүй хувьтай боллоо. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэдэг нь эдийн засгийн хөдөлгүүр ажиллах шатахуунгүй болж буй хэрэг. Ингээд хурд нь саарч хол явах чадвар муудаж байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах нь их нарийн бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засагт олон салбар бий. Аль салбарт ямар хөрөнгө оруулалт татах вэ гэдэг нь тус тусдаа өөрт тохирсон бодлого шаарддаг. Нийтлэг нэг зүйл бий. Энэ нь бизнесийн орчин буюу татварын бодлого тогтвортой байх нь чухал. Монгол бол дэлхийд ганцхан хөрөнгө оруулалт татдаг газар биш. Сүүлийн үед Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг улс хөрөнгө оруулалт татах нь ихэссэн. Тухайлбал, Вьетнамд “Самсунг” корпорац гар утасны үйлдвэрээ нээлээ. Тус улс энэ үйлдвэрийг нээхэд төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. Эхний хоёр гурван жилд татвар бага байгаа юм. Гэтэл манай улсад хөрөнгө оруулагч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого алга. Бүх хөрөнгө оруулагчаас өндөр татвар авах гээд хуулиа боловсруулсан байдаг. Тэгэхээр үйлдвэр байгуулж, уурхай нээж үйл ажиллагаа нь жигдрэх хүртлээ татвар төлөх боломжгүй. Бидний авах гэж төлөвлөсөн мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Цаашид бизнесийн орчноо сайжруулж хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт татна гэдэг хурал хийх, танилцуулга тараах төдийгөөр шийддэг асуудал биш. Дахин хэлэхэд татвар, хөрөнгө оруулалтын орчинд таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг.
-Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хууль гарлаа. Ашигт малтмалын хууль өөрчлөгдөж хайгуулын лиценз олгох болсон. Энэ нь хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчин нөхцөл бүрдүүллээ гэдэг. Эдийн засагч хүний хувьд энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан нь нэг алхам боловч татварын орчин нь хэвээр байна. Тухайлбал, хамгийн том хөрөнгө оруулагч Оюу толгойтой татварын маргаан дэгдээлээ. Одоогийн ханшаар бараг 200 тэрбум төгрөгийн маргаан үүсгэсэн. Гэвч ийм хэмжээний татвар авах ёсгүй ч юм шиг сонин байдал бий болсон. Энэ нь Монгол Улс татвар их хэмжээгээр ногдуулдаг мөртлөө яаж ногдуулдаг эсэх нь ойлгомжгүй гэсэн бодол хөрөнгө оруулагч нарт төрүүллээ. Ер нь, томоохон төслүүдэд ийм маргаан аль болох гаргахгүй, ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Эхнээсээ хөрөнгө оруулагчтай тулж ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд уул уурхай, хөрөнгө оруулалтын бодлого туйлбаргүй, донсолгоотой байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчид манай улсыг эрсдэлтэй гэж харахад хүргэсэн. Үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийхээр татвар нэхдэг, маргаан үүсгэдэг гэсэн ойлголт төрүүлж байна.
-Ирэх жил манай улсын эдийн засаг ямар байх төсөөлөлтэй байна. Хямралаас гарах гарц харагдаж байна уу?
-Ирэх онд хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэж орж ирэх хандлага одоогоор ажиглагдахгүй байна. Нүүрсний үнийн уналт хэвээр үргэлжлэх байх. Хөрөнгө оруулалтын төслүүд их удаан байгаа. Тухайлбал, “ТЭЦ-5” цахилгаан станц барих төсөл удааширлаа. Зураг төсөл нь хараахан бэлэн болоогүй. Тэгэхээр 2016 оноос ажил нь эхлэх байх гэж төсөөлж байна. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг мөн хийж амжаагүй байна. Хөрөнгө оруулах банкуудын товлосон хугацаа есдүгээр сарын 30-нд өнгөрлөө. Таван толгойд ч олигтой ахиц гаралгүй гурван жил боллоо. Тэгэхээр ирэх онд манай эдийн засгийн өсөлт энэ жилийнхтэй ойролцоо эсвэл нэг, хоёр хувиар буурах хандалга бий. Манай улстай хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын төсөөллөөр эдийн засгийн өсөлт 5-6 хувьтай гэж байгаа. Иймд ирэх жил эдийн засаг хүнд хэвээр байна гэж ойлгож болох юм.