Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайд, дарга нарын өмнөөс сургууль, цэцэрлэг хэлмэгдсээр


Саяхныг хүртэл бөөсгүй монгол хүн байгаагүй гээд хэлчихвэл худлаа ярьсан болохгүй. Давс, гоймонгоос өөр зүйлгүй дэлгүүрийн лангуу ардчиллаас хойш элдэв саван, шампуниар дүүрч бөөстэй монголчууд бүх нийтээр “ариуссан”.  XX зуун дуустал өчүүхэн жижиг шавжинд үстэй толгойгоо эзлүүлж, элдэв халдварт өвчинд нэрвэгдэж байсан бид сүүлийн хэдэн жил бөөсийг бүрмөсөн мартаад байв.
Гэтэл саяхнаас бөөсний тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа цахим ертөнцөөр цацагдаж эхэлсэн. “Тэр сургуулийн сурагчид бөөсөнд бариуллаа, цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн байна” гэх зэргээр хэвлэл мэдээллийнхэн шуугиад байна.

Бөөсний мөрөөр мөшгиж үзвэл олны яриа ч ортой болж нийслэлийн хэмжээнд нэлээд хэдэн сургууль, цэцэрлэг бөөсний асуудалтай болсныг олж мэдлээ. Өчигдөрхөн энэ тухай твиттерчид чам­гүй жиргэж, өндрийг ава­хуул­сан тул өнөөх сургууль цэцэр­лэгүүдтэй холбогдсон юм.

Хамгийн сүүлд бөөс илэрсэн гэх Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд байрлах 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Бямбасүрэнтэй ут­саар ярилаа. Тус цэцэрлэгийн “Гэсэр” бүлгийн хоёр хүүхдээс өнгөрсөн долоо хоногт бөөс илэрсэн тул хорио тогтоосон тухай баттай эх сурвалж мэдэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээллийн дагуу эрхлэгчээс тодруулахад “Манай хүүхдүүд бөөстсөн тохиолдол байхгүй. Хүүхдүүд нь бөөстсөн сургууль, цэцэрлэг байхыг үгүйсгэхгүй ч гэлээ манайд тийм юм болоогүй” гэсэн хариу өгсөн юм. Харин карентен зарлах болсон шалтгааныг нь сонирхвол “Гадуур дотуур сургууль, цэцэрлэгүүдээс бөөс илэрлээ гэх яриа яваад байгаа учир өнгөрсөн долоо хоногт урьдчилан сэргийлэх үүднээс хорио зарласан” хэмээв.

Гэтэл хоёр ч эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар өнгөрсөн мягмар гарагт дахин хоёр хүүхдээс бөөс илэрсэн гэх. Дээрх дөрвөн хүүхэд бүгд сая ярьсан “Гэсэр” бүлгийнх бөгөөд энэ бүлэг 50 орчим хүүхэдтэй ажээ. Ер нь, 189 дүгээр цэцэрлэг ашиглалтад ороод хоёр жил болж байгаа ч ачаалал ихтэй байгаа. 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 221 хүүхэд элсүүлсэн нь хоёр дахин их ачаалал үүрч байгаа хэрэг. Өдөрт хамгийн багадаа 170-180 хүүхэд тогтмол хүлээн авдаг цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөхгүй гэх баталгаа байх уу. Ядаж байхад яр гэгчээр 200 гаруй хүүхэдтэй цэцэрлэг эмч ч үгүй болж таарав. Энэ тухай эрхлэгч хэлэхдээ “Манайх ачаалал ихтэйн дээр эмчгүй учир багш ажилчид маань өөрсдөө ариутгал хийж элдэв халдварт өвчин, шавьж хорхой тархахаас сэргийлдэг” гэж байв.

Сургууль, цэцэрлэгийн багачуудаас гарах болсон бөөс гэгч шавьж бохир заваан гэхээсээ олон хүнтэй, чийглэг халуун орчинд хурдан үржиж, тархдаг. Бөөсийг хувцасны, үсний, умдагны гэж ангилах ба үсний бөөс нөгөө хоёроо бодвол илүү их тархсан байдаг. Үүний шалтгааныг хэд хэдэн янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эл шимэгч шавьж байнгын дулаан, чийглэг орчинд илүүтэй тохиолдоно. Мөн олон хүн тогтмол байдаг жижиг зай, талбай бүхий орчинд их байна. Үүнийг зарим эх сурвалж хүний хөлсний ялгарал, үнэрээс болдог гэж тайлбарлах нь ч бий. Халуун дулаан газар их хөлөрдөг хүмүүсийн хөлсний үнэр бөөсийг даллан дууддаг болж таарав. Дээр нь бохир заваан байдал амьдрах таатай орчныг нь бүрдүүлдэг аж. Хамгийн сонирхолтой нь, их уурлаж уцаарладаг, стресст амархан өртдөг хүмүүс бөөстөх тохиолдол их гэнэ. Сэтгэлзүй тогтворгүй, бие эрхтэн сул хүн бөөсөнд баригддаг жишээг шинэ цэргүүдээс харж болно. Түүнчлэн бөөс гэгч гуравхан мм хэмжээтэй шавьж биеийн хэмжээнээсээ 30 дахин хол үсэрч чаддаг учир хүнээс хүнд халдахдаа хурдан байдаг.

Манайхан “Бөөс муу цус сордог, элэг муутай хүн бөөс идвэл сайн байдаг” гэхчлэн амнаас ам дамжуулан ярьдаг. Мэдээж хүний биед шимэгчлэн амьдрах шавьж сайн гэхээсээ илүү муу үр дагавартай байж таарна. Элгэнд сайн эсэхийг нь шинжлэх ухаан нотлоогүй. Харин цусаар “хооллох” бөөс элдэв халдварт өвчин тээгч болдог байна. Нэг хүнээс нөгөөд шилжих энэ шимэгч ДОХ тээгч ч болдог тухай мэргэжлийн эмч нэр хэлж байна.

Ингээд бодохоор ачааллаа даахаа больсон манай сургууль цэцэрлэгүүд бөөс үүрлэх бүх нөхцөл бүрдсэн хамгийн ойрын жишээ болж таарав. Хөрөнгө оруулалтгүйгээс барилга угсралтын ажил зогсч “царцсан” сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орж дээрх ачааллыг хөнгөлөх ёстой ч хэдэн жилээр хаягдаж хоцорно. Энэ оны төсөвт 150 гаруй царцсан барилга ашиглалтад оруулна хэмээн төсөв баталсан ч цөөн хэд нь л “хар жагсаалт”-аас хасагдсан. Эдгээрийн ихэнх нь нөгөө л сургууль, цэцэрлэгийн барилга. Жавар тачигнаж өвөл хаяанд ирсэн цагт барилгын ажил хийхгүй нь тодорхой. Тиймээс” “царцаж хөлдсөн” барилгууд дараа жил “гэсэх” үү үгүй юу гэдэг олон сар таагаагүй оньсого хэвээр үлдлээ. Төсөв хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд ирэх онд эл цэцэрлэг, сургуулиуд ашиглалтад орох үгүй нь тогтоогдоно. Гэвч төсөв хөрөнгө нь байвч ажил цалгардуулж, замаас нь завшиж хулгайлдаг нь олон.

Үүний харгайгаар ачаалал хэд дахин хэтрүүлэн ажиллаж буй цэцэрлэг сургууль цөөнгүй. Хамгийн ойрын жишээ дурдвал Монгол III сургууль. 2011 онд агтлагдсан ч сургуулийн барилгыг нураана гэж жил тойрсон. Дуншиж дуншиж нураасан сургуулийн ажил одоо л эхлэх нь дээ гэтэл түүнээс хойш дахин нэг жил өнгөрчээ. Одоо ч хуучин сургуулийн хог хаягдал суурин дээр нь овоолгоотой чигээр байна. Энэ хооронд III сургуулийн сурагч, багш, ажилчид ёстой л хээрээр гэр хийнэ гэдэг шиг Сүхбаатар дүүргийн IV, XVI сургуульд толгой хорогдож байгаа. Нэг ширээнд дөрөв, таваараа сууж гурван ээлжээр хичээллээд жил тойрч буй сургууль руу шагайж өнгийсөн сайд, дарга нэг ч үгүй. Хий хоосон улстөржиж, саарал ордонд тухалсан сайд, дарга нар хэлэлцэж, хэрэлдэж, хэнээрхэж байхын оронд нэг ч болов сургуулийн төсөв хөрөнгийг баталж, ажлыг нь яаравчлуулахгүй бол цэцэрлэг, сургуулийн багачууд бөөсөнд баригдаж, боловсрол хүмүүжлийг тэгш, хүртээмжтэй байдлаар авах эрх нь зөрчигдсөөр дуусах нь.
Ажил нь урагшилдаггүй сайд, дарга нарын өмнөөс сургууль, цэцэрлэгүүд хэлмэгдсээр байх уу. Бохир, заваан, бөөстэй хэмээн хэдэн цэцэрлэг, сургуулиа хэдий болтол гүлдийлгэх бол.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан