“Зүүн хараа” Техник үйлчилгээний газрын дарга М.Ариунбаяртай цөөн хором ярилцлаа.
-Танай зангилаанд Сүхбаатарын одонт сүлд туг тань ирээд байгаа юм байна. Ажлаа аваад удаагүй байхад тань хүндхэн ачаа болов уу?
-Би есдүгээр сарын 24-нд Зүүн хараа техник үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож ирсэн. Замын даргын үзлэг ойртсон, Сүхбаатарын одонт туг маань ирэх гэж байсан болохоор өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд нэлээд ачаалалтай ажиллалаа. Гэхдээ Замын даргын үзлэгээр гайгүй үнэлгээ авч чадсан. Одонт тугаа хүлээж авахад зориулж гаргасан төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ.
-Энэ аяны хүрээнд төмөр замын анги нэгжүүд олон ажил өрнүүлсэн байна. Танай техник үйлчилгээний газарт бас дуулгах сонин байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Бүтээн байгуулалт тохижилт нэлээд сайжирсан байдалтай тугаа угтлаа. Техник үйлчилгээний газарт туг залраад байх үед гэхэд эрүүл мэндийг дэмжих буухиа тэмцээн, спортын арга хэмжээ, мэдлэг сорьсон АХА тэмцээн явуулсан. Нийгэм байгаль орчны ажлууд ч өрнүүлсэн. Зүүн хараа өртөөний хойд хэсэгт төмөр замын ажилчдын хотхон байдаг. Тэр хотхоны орчмын хог хаягдлыг цэвэрлэж, сургалтын полигоноо тохижуулж, нэмэлт эд анги тавиад бүрэн хэмжээний сургалтын полигонтой болсон. Сургалтын танхим, агуулах зэрэг байрандаа засвар хийсэн гэхчлэн дурдаж болно. Нэрэмжит галт тэргээ төлөвлөгөөнийхөө дагуу аялууллаа.
-Нэрэмжит галт тэрэг нь ямар галт тэрэг юм бэ?
-Бид тэгш чиглэл буюу Толгойтын чиглэлд явах ачааны галт тэргийг өөрсдийнхөө нэрэмжит болгоод галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал баталгааг хангах үүднээс үзлэг засвар үйлчилгээг чанартай хийж хариуцаад өмнө нь таних тэмдэг байрлуулж Толгойт өртөө хүртэл аялуулсан. Ямар ч байсан аяллын явцад хөдөлгөөний аюулгүй ажиллагааны зөрчил дутагдал гараагүй.
-Ажлаа аваад сар ч болоогүй даргад хийхээр бодсон зүйл олон байгаа байх?
-Манай техник үйлчилгээний газрын нэг онцлог нь ажилчдын 90 орчим хувь нь шагайн спортоор хичээллэдэг.Тийм учраас хамт олныхоо давуу тал, спортын амжилтыг нь тасалдуулахгүйн тулд шагайн харвааны бэлтгэлийн тусгай өрөө тохижуулах гэж байна. Шагайн харвааны бэлтгэлийн өрөө байхаас гадна Манай Зүүн хараа ТҮГ-ын түүхийн танхим байх юм. Үе үеийн дарга нарынхаа хөрөг, ТҮГ-ынхаа үүх түүхийн талаарх мэдээллийг байрлуулна. Ашиглаж байсан, ховордсон багаж хэрэгслийг үзвэр болгох гээд бодсон зүйл бий. Намар болсон учраас гаднах ногоон байгууламж тохижилтыг сайжруулах талаар ярилцаж байна. Намартаа модоо тариад ирэх хавартаа илүү гоё болгох төлөвлөгөө бий.
-Танайх галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэлээ. Яг хариуцсан үүргийн тухайд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал бий юу?
-Манай ТҮГ нь Түнх, Үнэгт, Баруун хараа, Бэрх, Эрхт гэсэн хоёр зөрлөг дөрвөн өртөөнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах дүрэм заавар өгч ажилладаг. Би хариуцсан өртөө зөрлөгүүд дээр очиж танилцсан л даа. Баруун хараа болон Түнх өртөөнд ачилт их хийдэг. Баруун хараа өртөөн дээр ачилт хийж байгаа компанийн ачилтын талбай нь вагоны хөдөлгөөний аюулгүй байдал, вагоны бүрэн бүтэн байдлыг хангах боломжгүй байдалтай байна. Өртөө болон компанийн удирдлагатай ярилцсан. Ачилт хийдэг байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж, засч залруулахгүй бол дараагийн удаа вагон тавьж өгөхгүй гэдгийг сануулаад байгаа.