Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Жаргалсайхан: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо нутгийн иргэдийн саналыг сонсмоор

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумд ажиллалаа. Түүнийг эдгээр сумд ажиллах үеэр Баян-Өндөр сумын иргэд уул уурхайн асуудлыг хурцаар тавьж, Засаг даргатай ярилцсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Баянхонгор аймагт уул уурхайн асуудал нэг үеэ бодвол цэгцэрсэн. Гэтэл Баян-Өндөр сумд илэрсэн нүүрсний ордыг хууль бусаар ашиглах гэж байгаа талаар нутгийн иргэд ярьж, эсэргүүцэж байна. Таны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-“Гобикоул энд энержи” компанид 2006 онд хайгуулын зөвшөөрөл олгосон юм билээ. Түүнээс хойш өдийг хүртэл хайгуулаа хийгээд Ашигт малтмалын ерөнхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрлөө авахаар хандаад байгаа. Нутгийн иргэд үүнийг эсэргүүцэх нь зөв л дөө. Гадаадын хүмүүс нэг л өдөр нутаг оронд нь ирээд хайгуул хийгээд ашиглах гэхээр иргэдийн дургүй хүрнэ, эсэргүүцнэ. Гэтэл нөгөө талд аж ахуйн нэгж хөрөнгө мөнгөө гаргаад олон жил хайгуул хийсэн учраас ашиглахгүй бол болохгүй байдаг. Ер нь, хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгохдоо л нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож баймаар. Энэ бол анхны зөрчилдөөн биш. Бусад аймагт ч ийм асуудал гардаг. Тиймээс төрийн зүгээс ийм зүйлийг эргэж харах цаг болсон.

-Баян-Өндөрт илрээд байгаа нүүрсний ордод ашиг­ласнаар уг нь нутаг оронд нь хөрөнгө оруулалт орж ирж, оршин суугчид үр шимийг нь хүртэх байх. Харин иргэд үүнийг эсэр­гүүцээд байгаа нь мэ­дээлэлгүйгээс тэр болов уу?
-Иргэд өмнө нь мэдээлэлгүй байсан. Гэнэт л хайгуулаа хийж дууссан, ашиглалтын зөвшөөрлөө авах гэж байна гээд над дээр орж ирсэн. Би тэднийг нутгийн иргэдээс очиж зөвшөөрөл аваад ир. Тэгвэл зөвшөөрнө гэсэн байгаа. Гэтэл иргэдтэй ирж уулзаад хөөгдөөд явсан. Баян-Өндөр, Шинэжинст сумын нутгаас илэрсэн нүүрс бол тээвэрлэх боломжгүй. Замын ая даахгүй. Заавал эндээ боловсруулж байж л авч явна. Тийм учраас уг нь бид тэр ашиглалтын лицензийг зөвшөөрвөл нутаг оронд ажлын байр нэмэгдэнэ, дэд бүтэц хөгжих гээд олон талын ашигтай.

-Иргэд ярихдаа таныг нэг санамж бичигт гарын үсэг зурсан. Бас мөнгө авсан гэж байсан?
-Тэр санамж бичиг бол ашиглалтын лицензтэй холбоогүй. Тэр мөнгөний хувьд Баян-Өндөр сумын сургууль болон эмнэлгийн барилгад засвар хийгээрэй гэж өгсөн. Бид тэдний өмнө ямар нэг хариуцлага хүлээхээр тохироогүй учраас тэр мөнгийг хэрэглэчихээд буцааж төлөх шаардлагагүй. Гэхдээ иргэд зөвшөөрөхгүй бол би болон Баян-Өндөр сумын Засаг дарга гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгийг л хатуу хэлье.

-Бичил уурхай эрхлэгч­дийн холбооноос мэдэгдэл хийгээд таныг “Буянт цэцэн” гэж компаниас хахууль аваад байгаль орчин сүйтгүүлж байна гэсэн. Энэ үнэн юм уу?
-Баянхонгор аймагт гар аргаар алт олборлогч нинжа нарын гараар үүссэн онгорхой нүх ихтэй. Тэнд хүн, мал унаж осолдох явдал байнга гардаг. 2010 онд аймгийн Иргэдийн хурал хуралдаад нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай газруудын жагсаалтыг гаргаад журмыг нь баталсан байдаг. Тэнд хаягдал нөөцийг олборлож, олсон орлогоороо байгальд нөхөн сэргээлт хийнэ гэсэн байгаа. Энэ журам хоёр жил хэрэгжиж тодорхой хэмжээний газруудад нөхөн сэргээлт хийсэн. 2012 онд мөн л аймгийн Иргэдийн хурал хуралдаж, 2010 оны журмыг сэргээсэн. Энэ ажлын хүрээнд тодорхой газруудыг нөхөн сэргээсэн. Аж ахуйн нэгжүүд ч тодорхой газар дээр олборлолт явуулаад оронд нь аймаг орон нутагт хөрөнгө оруулалт хийе гэж саналаа ирүүлсэн. Аймагт ч тодорхой зүйлүүд өөрчлөгдсөн байгаа. Аймгийн төв усжуулалтын нэгдсэн системтэй болсон. Ингэснээр ногоон байгууламж нэмэгдсэн. Зам, цэцэрлэгт хүрээлэнд засвар шинэчлэл хийсэн. Ийм ажлуудыг тодорхой компаниуд хийсэн. Тэдний нэг нь л “Буянт цэцэн” компани. Өмнө нь 40, 50-иараа л манай аймагт уурхай ажилладаг байсан. Гэтэл онгорхой нүхнээс өөр юу ч үлдээгүй. Гэтэл нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр гаргаад бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд явж байхад зарим нэг хүмүүс хийж байгаа ажлыг мушгин гуйвуулах явдал гаргаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан