Саудын Аравийн Боловсролын яам шилдэг багш нарыг “BMW” гэх зэрэг люкс ангиллын машин болон 10 мянгаас 120 мянга хүртэл сауд риал буюу 2,5 мянгаас 32 мянган ам.доллараар шагнан урамшуулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Шагналыг дунд сургуулиудын шилдэг багш, захирлуудад өгнө. 2014 оны эцсээр шагналаа гардах багш, захирлуудыг хэдийнэ тодруулсан бөгөөд үнэтэй машинаар шагнах нь цаашид тэдний ажилд шинэ урам зориг өгнө гэдгийг яамныхан онцолсон байна.
Саудын Арави төсвийнхөө 25 хувийг боловсролд зарцуулдаг. Тус вант улсад найман дээд сургууль, 24 мянган дунд сургууль олон тооны коллеж үйл ажиллагаа явуулдаг.
Иргэд нь боловсролыг үнэгүй авах эрхтэйгээс гадна Засгийн газар нь сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, суралцах үеийн эмнэлгийн тусламж гэх мэт шаардлагатай зүйлсээр бүрэн хангаж өгдөг. Мөн АНУ, Канад, Их Британи, Австрали зэрэг улсад суралцах зардлыг дааж, тэтгэлэг өгдөг.
Саудын Арави 27 сая хүн амтайгаас 30 хувь нь гадаадын цагаач, хөлсний ажилчид. Хүн амын дундаж нас нь 26.