Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тосны үнийн “sale” ба сайн, муу тал


Монгол Улсын эдийн засаг хямарч бид бүсээ чангалж л байна. Энэ онд эдийн засаг 6-7 хувиар л өснө хэмээн тооцсон. Манай улсын ашигт малтмалын экспортын гол нэрийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн бий. Өөрөөр хэлбэл зэсийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдэр ба баяжмал, газрын тос. Одоогоор зэсийн баяжмал, газрын тосны экспорт өссөн дүнтэй байгаа. Зэсийн баяжмалын экспортыг өнгөрсөн оныхтой харьцуулбал хоёр дахин өссөн гэдэг. Мөн газрын тосны экспорт  өнгөрсөн жилийнхээс 43 хувиар нэмэгдсэн статистик бий. Харин нүүрс 19, төмрийн хүдрийн экспорт 34 хувиар буураад байгаа.

Зөвхөн энэ хоёр ашигт малтмалын экспорт, зах зээлийн үнэ унаснаас шалтгаалж манай экспортын орлого 480 орчим сая ам.доллараар буурсан байдаг. Үүгээр зогсохгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум орчим ам.доллараар буурч зогсонги байдалд ороод буй. Үүнээс л болж манай эдийн засаг мөнгөөр дутаж хямарлаа гэж эдийн засагчид хэлж байгаа. Гэтэл хямралын сүүдэртэй зэрэгцээд  сайн ч гэмээр, саарч гэмээр нэгэн  мэдээлэл сүүлийн үед   гарч байна.

Энэ нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 20 хувиар буурч 80 ам.доллар болсон явдал юм. Сайн тал нь гэвэл манай улс газрын тос боловсруулах үйлдвэргүй тул шатах, тослох материалаа импортоор авдагт оршино. Ингээд  газрын тосны бүтээгдэхүүнийхээ  89.3 хувийг ОХУ, 2.5 хувийг БНХАУ,  хоёр хувийг БНСУ, 1.8 хувийг Малайз, 1.6 хувийг Япон, 1.5 хувийг Сингапураас авдаг гэдэг. Энэ онд бид 1.3 сая тонн шатахуун хэрэглэх тооцоо бий. Тухайлбал, дизелийн түлш 894, 90 дээш октантай бензин 314, үүнээс доош октантай бензин 113 мянган тонныг тус тус хэрэглэх юм. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах нь манайхаас гадагшлах валют болон шатахууны үнэ хямд­рах боломж бүрдэнэ гэсэн үг. Гэвч ам.долларын ханш, хойд хөршийн хил гаалийн татвар гээд олон хүчин зүйлээс шалтгаалж манайд нэг литр шатахууны үнэ буурч байсан удаагүй билээ.

Саар тал нь гэвэл  газрын тосны экспортоос олох орлого буурах нь. Энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсын газрын тосны экспорт  4.4 сая баррелльд хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 45.5 хувиар өссөн дүн юм.  Улсын төсөвт тооцсоноор газрын тосноос энэ жил 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар уг ашигт малтмалаас улсын төсөвт 159.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тооцоо бий. Хэрэв газрын тосны үнэ энэ янзаар унавал  бас л тодорхой хэмжээний хохирол  хүлээх тал манай улсад байна.  Нөгөө талаар манай улсын газрын тосны салбарт одоогоор 2.7 тэрбум ам.доллар орж ирсэн бөгөөд ирээдүйтэй, хөрөнгө оруулалт татах бололцоотой хэмээн үзэж буй юм. Монгол нутагт өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбай ялгасан. Одоогоор гурван талбайд нь нөөц тогтоогоод буй. Ингээд боломжит нөөц нь 332.6 сая тонн.  Үүнээс 43.3 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц хэмээдэг.

Шинэ хямрал уу, хуйвалдаан уу

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хямдарсныг эдийн засагчид олон талаас нь тайлбарлаж байна. Тухайлбал, АНУ газрын тосны томоохон худалдан авагч. Гэтэл газрын тосны импортоо бууруулах бодлого баримталж байгаа. Улмаар ирэх жилээс газрын тос импортлохгүй өөрсдөө олборлож хэрэгцээгээ хангах төлөв бий. Учир нь, тус улс 2008 оноос хойш шатдаг занарын олборлолтоо нэмэгдүүлж шингэрүүлээд боловсруулж буй юм. АНУ-ын шатдаг занарын олборлолт өнөөдөр өдөрт дөрвөн сая  баррелиар нэмэгджээ. Ингээд  ОПЕК-оос авах газрын тосны импортыг 50 хувиар бууруулсан мэдээлэл байгаа. Мөн Нигериэс газрын тос  авахаа больсон байна.  Гэтэл Ливи улс иргэний дайны байдалтай байгаа. Гэсэн ч есдүгээр сараас хойш өдөрт 810 мянган баррель газрын тос олборлож эхэлжээ.  Цаашдаа сард өдөрт  нэг сая, ирэх оны эхээр 1.2 сая баррель газрын тос олборлодог болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл гарч, үнэ хямдарч буй юм гэж нэг хэсэг эдийн засагчид үзэж байна.
Үүнээс гадна хэрэглээгээр тэргүүлдэг Азийн орнууд газрын тосны үйлдвэрлэлд олгодог  татаасаа бууруулсан нь  эрэлт багасахад нөлөөлжээ. Тухайлбал, Индонези гурав, Тайланд 2.6, Вьетнам 2.5, Малайз 2.3, Энэтхэг 2.3 хувиар татаасаа бууруулсан мэдээлэл бий. Нөгөө талаар газрын тосны томоохон хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлт долоон хувьтай зогсонги байдалд орсон нь эрэлтэд хүчтэй нөлөөлсөн аж. Тус улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны улмаас  түүхий эдийн эрэлт буурсан хэмээн үзэж буй судлаач бий.
Саудын Арабын газрын тос хамгийн сайн чанарынх гэдэг. Тус улс газрын тосоо олон жилийн хуга­цаанд хямд үнээр нийлүүлэх гэрээ хэлцэл хий­сэн аж. Энэ нь газрын тос­ны үнэ буу­рах, бусад  олборлогч оронд сөрөг нөлөөлж  эхэлжээ. Иймд ОПЕК-ын гишүүн орнууд Саудын Арабыг олборлолтоо бууруул гэсэн шахаанд оруулах болсон гэх судлаачид ч бий.

Нөгөө хэсэг нь Укрианы асуудлаас шалтгаалж Оросын эсрэг авч буй эдийн засгийн бас нэг  арга хэмжээ гэж байгаа. Үнэндээ газрын тосны үнийг зохиомлоор үгсэн хуйвалдаж унагаж байна гэсэн тамааг дэвшүүлжээ.  Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Италийн Милан хотноо болсон Ази-Европын чуулга уулзалтын дараа хийсэн мэдэгдлээс улбаатай. Тэрээр “Нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллар болж буурах нь дэлхийн эдийн засагт асар их хор хохиролтой. Хэрэв үүнээс доош буурвал ямар ч улс оронд хүндээр тусах болно. ОХУ гэхэд төсөвтөө нэг баррель газрын тосны үнийг  96 ам.доллараар тусгасан. Гэвч газрын тосны үнэ буурвал түүнийг  харгалзан үзэж  төсөв­­­­төө тодотгол хийхээс өөр аргагүйд хүрнэ. Бид иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж  эдийн засгаа тогтвортой байлгах бүх арга хэмжээг авах болно. Хамгийн гол нь газрын тосны үнэ эргээд өсөх нь дэлхийн зах зээлд оролцогч бүх улс орны эдийн засаг тогтвортой байх юм” хэмээн мэдэгдсэн. Газрын тос Оросын экспортын 50 орчим хувийг эзэлдэг гэдэг. Үүнээс гадна шатдаг хий, шатахууны экспорт ч чухал байр суурьтай билээ. Хэрэв газрын тосны үнийг зохиомлоор бууруулсан бол ОПЕК-ын гишүүн орнууд ч эрсдэл хүлээж  хямрах аюултай. Одоогоор газрын тос олборлогч орнууд улсын төсвөө нэг баррель нь 80 ам.доллараас дээш үнэтэй байна хэмээн тооцож хийжээ. Үүнээс гадна АНУ-д ч сөрөг нөлөөтэй. Учир нь газрын тос­­ны үнэ хямдарвал занар олборлож боловсруулах нь ашиггүй болно.  Нэг ёсондоо энэ салбарт оруулсан хөрөн­гө нь үнэгүйдэх юм.  Тэгэ­хээр газрын тосны үнийг  зохиом­лоор бууруулах нь өөрсдөдөө урхи тавьсан хэрэг болох нь.  Нэг баррель газрын тос­ны үнэ 106 ам.дол­лараас доош орохгүй байж ирсэн. Гэвч сүүлийн үед 80 ам.дол­ларт орж ирсэн билээ. Ингээд өчигдрийн байдлаар 1.8 хувиар өсч 86 орчим ам.доллар бол­сон байна. Иймд нэг хэсэг тогтвор­той байсан газрын тосны үнэ хөдөлгөөнд орж  дэлхийн эдийн засагт бас нэгэн хямрал дуудаж буй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан