Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үл хөдлөх хөрөнгө, орон сууцны борлуулалт жилийн дүнгээр 7.6 хувиар буурчээ


Жилийн найман хувийн хүүтэй урт хугацаатай орон сууцны зээл олгоод жил гурван сар гаруй өнгөрлөө. Манай улсад зээл олгох, хөрөнгө босгоход арилжааны банк гол үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн зах зээл тухайн улс орны банк, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ эдийн засгийн өсөлт  хоёр салшгүй холбоотой. Нэг ёсондоо улс орны эдийн засгийн өсөлт бууралтын урьдач дохио болдог гэдэг. Ийм ч учраас өнөөг хүртэл үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн хямрал үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээлийн уналтаас шалтгаалсан билээ. Өнөөдөр банк санхүүгийн байгууллагын гол анхаарах зүйл нь үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзэл болоод буй юм. Манай улсад үнэт цаас, хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй ч нийт зээлийн 90 гаруй хувийг  арилжааны банкууд эзэлдэг. Ийм учраас орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзлийг Монголбанк энэ оны зургадугаар сараас эхлэн тооцдог болсон. Өөрөөр хэлбэл  “Орон сууцны үнийн индекс”-ийг   үл хөдлөх хөрөнгө зуучийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консерциумтай хамтарч орон сууцны үнийн  судалгаа гаргаж буй билээ. Үнийн энэ индексийг тооцоход Эдийн засгийн судалгаа,  эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавин ажиллаж буй юм. Ингэснээр  барилгын материал, газрын үнэ, ажлын хөлс, зах зээлийн үнийн хөөс, хөдөлгөөн  гэх мэт хүчин зүйлс орон сууцны үнэд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан тогтоох боломж олгоно хэмээн Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн З.Манлайбаатар хэлж буй юм.

Дээрх байгуулагуудаас есдүгээр сард хийсэн судалгаанд  Улаанбаатар хотод борлуулагдаж буй шинэ, хуучин орон сууцны үнийн хөдөлгөөнийг авч үзжээ. Уг судалгаанаас үзэхэд өнгөрсөн сард долоо, наймдугаар сараас  хуучин орон сууцны борлуулалт 15, шинээр гэрчилгээ авсан нь 40, хашаа байшингийнх  90 гаруй хувиар нэмэгдсэн байна. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үл хөдлөх хөрөнгө, орон сууцны үнэ, борлуулалт буурсан дүр зураг ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын өсөлт 30 хувьтай байсан бол эдүүгээ хоёр жилийн өмнөхөөс  23.4 хувьтай болжээ. Нэг ёсондоо борлуулалт 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм.  Гэхдээ суудлаачдын хэлж буйгаар үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт,  бууралтад байршил их чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн ханш буурахад өндөр үнэтэй орон сууцны төслүүдийн дийлэнх нь  борлуулагдсан явдал нөлөөлжээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 300 орчим төслийн 44 мянган айлын орон сууц баригдаж, борлуулагдаж буй мэдээлэл байна.

Ингээд Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөний ямар судалгаа гарсаныг  дор тодруулсан юм.

Б.Батзориг: Орон сууцны зээл авах иргэдийн тоо буурч байна

“Монголиан пропертес” үл хөдлөх хөрөнгийн зуучийн компанийн захирал Б.Батзориг орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар ийн ярив.

-Аливаа зах зээлд дундаж үнэ гэж байдаг. Өнөөдөр орон сууцны дундаж үнэ яаж тогтож байна вэ?
-Дундаж үнийн хувьд буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь эрэлт нийлүүлэлттэй холбоотой гэж үзэж болно. Үнийг үнийн  индекстэй  яах аргагүй холбож болно. Мөн  өндөр үнэтэй орон сууцны зарим төслүүдийн борлуулалт  дууссан тул  үнэ ханш буурсан үзүүлэлт гарсан тал бий. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэд байршил, түүнээс шалтгаалсан үнэ ханш голлон нөлөөлдөг. 

-Орон сууц худалдан авч буй иргэдийн худалдан авалт ямар байгаа бол?
-Наймдугаар сарынхтай харьцуулбал үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт өссөн. Тухайлбал, 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гараад байна. Хашаа байшингийн борлуулалт бараг 100 хувиар өссөн. Тэгэхээр долоо, наймдугаар сард улсын баяр наадам, хүмүүсийн амралт зугаалга таараад үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурдаг гэж үзэж болно. 

-Банкууд үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлээ бууруулсан гэж байгаа. Тэр дундаа жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа юм биш үү?
-Орон сууцны үнийн индексийг тогтоох ажил эхлээд удаагүй тул одоохондоо хэдэн хувийг зээлээр гаргаж байна вэ гэдгийг тодорхойлох боломжгүй.   Ер нь, зээлээр орон сууц авч буй иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс буурсан нь ойлгомжтой юм. Банкуудын зээлийн шаардлага хатуурсан нь ойлгомжтой. Жишээлбэл, МИК бонд гаргаж буй тул түүнтэй уялдаж  банкуудын тавих шаардлага өндөрс ч байгаа юм. Гэтэл зээл авах иргэдийн тоо эдийн засгийн нөхцөл байдлын улмаас буурч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан