Монгол Улсын гавьяат агрономич, хуульч С.Халтар гуай өнөөгийн улс төрийн байдлын талаар үзэл бодлоо хуваалцлаа.
-Засгийн газарт иргэд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Таны хувьд бидэнд хандах болсон шалтгаан юу вэ?
-Олон ч Засгийн газрын үзлээ. Тэр дундаас одоогийн Засгийн газар ажиллахад их түвэгтэй нөхцөлд байгаа. Иргэдээс дийлэнх олонхийн санал авч чадаагүй учир аргагүйн эрхэнд бусад улс төрийн хүчинтэй эвсэх шаардлагатай болсон. МАН-тай эвсчихвэл амар байсан ч ард түмэнд санал өгөөгүй цөөн суудал авсан намтай хамтарвал иргэд дургүйцнэ шүү дээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй “Шударга ёс” эвслийн бүлэг, Иргэний зориг ногоон нам, бараг бие даагчидтай ч шахуу эвсэх болсон. Гэтэл насаараа дээр заларсан ардын намынхан сөрөг хүчин гэдгийг сөрөхийн тулд сөрнө гэж ойлгоод, яаж л муу хэлж, өөлж, унагаах вэ гэх байдлаар хандаж байгаа. Анхдугаар чуулгандаа МАН-ынхан орж ирээгүй шүү дээ. Энд МАН-ын хэдэн хүнийг зориуд нэр цохож хэлмээр байна. Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр нар ерөөсөө ажил хийлгэдэггүй. Ардчилсан намаас ч бас ажил хийлгэдэггүй нөхөд бий. Ялангуяа гудамжинд жагсч явсан хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн болчихоод ажил хийлгэхгүй байна.
-Бүтцийн хувьд алдаатай шийдвэр байсан гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Олон яам байгуулж, хэтэрхий өргөн болгосон. Сайдаар харин гайгүй хүмүүс томилсон. Гэхдээ дунд, доод шатандаа ажлын чадваргүй, боловсрол муутай хүмүүс их ажиллаж байна. Хамгийн гол нь Засгийн газар хийгээгүй биш хийх гээд үзээд байна. Хийсэн ажил, гаргасан тогтоол шийдвэрүүдийнхээ биелэлтийг нь эргээд шалгаддаггүйд асуудал байна. Ялангуяа баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлд гүйцэтгэл шалгах асуудал орхигдоод байдаг. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг би танихгүй л дээ. Гэхдээ тэр хүн ажил хийх гээд оролдоод байна. Бүтээн байгуулалтын ажил, орон нутаг, хотын зам, аймгуудыг дулааны станцтай болгож байгаа, орон сууцны барилгууд, импортыг орлох үйлдвэрүүд ашиглалтад орж байна. Дарханд төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлд цементийн үйлдвэр, саяхан зэсийн үйлдвэр байгууллаа. Хувийн хэвшлийнхний хийж байгаа ажлыг ч засгаас дэмжиж байгаад гаргаж ирж байгаа. Хүнсний ногоог 100 хувь хадгалах зоорь, үр тариа хадгалах зоориуд ч хангалттай байгуулж авлаа. Хийж буй ажлуудаа сонгуульд зориулаагүй гэж ойлгож байгаа.
-Яагаад тэгж ойлгож байна гэж. Засгийн эрх авсан бол дараа нь дахин сонгогдохын тулд л ажлаа чиглүүлдэг шүү дээ?
-Зам бол өнөө маргаашгүй бидэнд мөнгө төгрөг, валют оруулаад ирэхгүй. Хэтдээ хэрэг болно. Тэгэхээр юм хийе гэсэн алсын бодолтой байна гэсэн үг шүү дээ. Энэ засаг мөнгө амлаад, өмнөх шиг өр хийгээд, цалин, тэтгэврийг байнга нэмээд байж болох л байсан. Гэхдээ үүнээс илүүтэй алс хэтээ бодсон шийдвэр гаргаж, ажил хийе гэж хичээж байгааг үнэлэх ёстой.
-Цалин, тэтгэвэр нэмэхгүй байна гэдэг шүүмжлэл иргэд хэлдэг?
-Зөндөө л ярьдаг зүйл. Өмнө нь уул уурхайн баялаг өндөр үнэтэй, сайн борлогдож байсан учир мөнгөтэй байлаа. Тийм болохоор өмнө нь цалин тэтгэвэр нэмдэг байсан. Энэ жил ч бас нэмэгдэнэ л гэсэн. Ард түмэн бидэнд бас буруу бий. Өөрсдөө юм хийхгүй мөртлөө дандаа нэхэж байдаг. Орон сууц, мал, газраа хувьдаа авчихсан. Цалингийн зөрүү гаргалаа, бүгд адилхан авах ёстой гэж ярих хүн байна. Социализмын үед их хийсэн хүн өндөр цалин авч, их татвар, даатгал төлж, ахиу тэтгэвэр тогтоолгож ирсэн.
-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нь зөв ажил гэж бодож байна уу?
-Нийслэлийн захирагч 4-5 орлогчтой, хэтэрхий данхар бүтэцтэй. Бат-Үүл юм хийх гэж санаачилга гаргаад байгаа нь сайн хэдий ч хэтэрхий дураараа байна. Иргэдтэйгээ уулздаггүй. Орлогч нараа уулз гэхээр хоёр, гуравдугаар шатны албан тушаалтан нь 40-50 хүн зэрэг хүлээж авсан болдог. Тэд чинь өөр өөрийн үзэл бодолтой, хүсэлт саналтай байгаа.
Ер нь, Ерөнхий сайд бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг л болж байна. Хуулиараа явах гэхээр намынхан нь дотроо хагаралдаад, Ерөнхийлөгч нь шахаад байдаг. Бүтцийн өөрчлөлт хийхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд гаднаас УИХ-ын гишүүн биш хүн оруулах нь сайн хэрэг боловч Сангийн сайдыг одоо өөрчлөх шаардлагагүй. Ч.Улаан бол социализмын үеэс төсөв, санхүүгээр бэлтгэгдсэн. Төсөв санхүүгээ янз бүрийн хүмүүст бариулаад байж болохгүй. Дөрвөн жилийн дараа хариуцлага тооцож, улс төрийн эсвэл эрүүгийн хариуцлага үүрүүлж болно.
Ерөнхийлөгчийн яриад байгаа “давхар дээл” тайлах тухайд эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг засах шаардлагатай. Ер нь, 1999 оны арванхоёрдугаар сараас хойшхи бүх шийдвэр хүчингүй. УИХ хууль зөрчиж болохгүй. Үндсэн хуулийн цэц манаачийнхаа үүргийг муу биелүүлж байна. Үндсэн хуульд ард түмэн улс орны чухал, тулгамдсан, хөгжилд хэрэгтэй том асуудлаар бүх ард түмнээс санал асууна гэж тусгасан байдаг. Гэтэл 24 жилд нэг ч удаа ард түмний санал асуулга явуулаагүй. Баг, хороон дарга ч хийж үзээгүй ажил, амьдрал мэддэггүй хүмүүс УИХ-ын гишүүн болчихоод ажил хийлгэхгүй янз бүрийн юм ярьж, үймүүлж явдаг. Гэхдээ тэдэнд дунд бас сайн ажиллаж байгаа хүмүүсийг хэлэх ёстой байх. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг нэрлэмээр байна. Буурь, суурьтай, зөв зүйл ярьдаг учраас дэмждэг.