Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баянзул: Тагнуулын дуусаагүй барилга, байгууламжийг дунд сургууль болгоно

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаад зогссон “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг Төрийн өмчийн хорооны нээлттэй дуудлагын худалдаагаар худалдсан билээ. Долоон удаа хойшлогдсон тухайн барилга байгууламжийг 2014 оны есдүгээр сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлагын худалдаагаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК илт давуу үнэ буюу 10,800,450,000.00 төгрөгийн үнийн санал дуудсанаар ялагч болсон юм. Ингээд тус компанийг төлөөлөн нээлттэй дуудлагын худалдаанд оролцсон иргэн Д.Баянзултай цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд олон нийтийн анхаарлын төвд байсан Тагнуулын төв газрын дуусаагүй барилга, байгууламжийн нээлттэй дуудлагын худалдаанд оролцон өндөр үнэ санал хэлж ялагч болсонд баяр хүргье.
-Баярлалаа.

-Та өөрийгөө болоод компанийнхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Д.Баянзул гэдэг. “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК-ийн бие төлөөлөгч. Манай компани боловсролын салбарт хөрөнгө оруулан, энэ чиглэлээр ажиллахаар сүүлд байгуулагдсан компани юм. Тиймээс Тагнуулын ерөнхий газрын дуусаагүй барилга, байгууламжийг олон талаас нь эдийн засгийн судалгаа хийсний үндсэнд нээлттэй дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцон худалдаж авлаа. Өнөөдөр бид тус дуусаагүй барилга, байгууламжийг хүлээлцэн авахаар бэлтгэл ажлаа хангалаа. Барилга, байгууламжийг хүлээлцэж авсны дараа барилгыг цааш нь хэрхэн үргэлжлүүлэн дуусгах талаар шууд ажилдаа орно. Ер нь манай компани энэхүү барилга, байгууламжийг дунд сургуулийн зориулалтаар ашиглахаар зорьж ажиллаж байна. Яагаад гэвэл тухайн нутаг дэвсгэрт нийтийн орон сууц, хороолол шинээр олноор буй болж байгаатай холбогдуулан ойр орчимд нь сургууль дутагдаж байгааг манай компанийн зүгээс судалгаа хийсний үндсэнд олж харсан юм.

-Барилга, байгууламжийн анх­ны зориулалтыг өөрчлөн сургууль болгож байгаа нь сайхан үйл хэрэг юм. Тиймээс тухайн сургуулийн нэр болоод боловсролын ямар системийг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна вэ?
Сургуулийнхаа нэрийг компаний­хаа нэрээр “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” хэмээн нэрлэнэ. Харин ямар боловсрол, сургалтын арга хэлбэрийг сонгон нэвтрүүлэх талаар тусдаа мэргэжлийн баг гаран ажиллаж байгаа. Иймд бид юун түрүүнд барилга, байгууламжаа түмний хүүхдүүд дэлхий жишигт ойртсон аюулгүй, таатай орчинд сурч боловсрох тэрхүү орчинг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Дуудлагын худалдаа хэрхэн шударга явагдсан гэж та оролцогчийн хувьд бодож байна вэ?
-Шударга явагдсан. Учир нь хуучных шиг хэл амтай дуудлагын худалдаа байхаа больсон байна. Харин ч олон удаа тодорхой шалтгааны улмаас дуудлагын худалдаа нь хойшлогдсон Тагнуулын ерөнхий газрын барилга, байгууламжийг бушуухан шийдээд эзэнтэй болгочих юмсан, мэддэг чаддаг хүмүүст нь өгчих юмсан гэдэг байр сууринаас төр өөрөө тухайн асуудалд хандаж байгаа нь харагдсан. Манай компани ч мөн адил улс орныхоо бүтээн байгуулалт, мэдлэгт тулгуурласан оюуны салбарт өчүүхэн ч гэсэн мэддэг, чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулчих юмсан гэдэг бодлогын байр сууринаас нээлттэй дуудлагын худалдаанд оролцсон.

-Хуучных шиг хэл ам гэснээс нээлттэй дуудлагын худалдааны өмнө юмуу, хойно нь та бүхэнд янз бүрийн дарамт, шахалт ирсэн үү нууц биш бол?
-Үгүй, ямар ч дарамт шахалт ирээгүй. Харин ч удаа дараа тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон барилга, байгууламжийг бид бушуухан аваад хэт хүйтрэхээс өмнө хурдан бүтэн болгочих юмсан гэж дор бүрнээ яарч буйгаа нуух юун.

-Хэрэв нууц биш бол Тагнуулын ерөнхий газрын дуусаагүй барилга, байгууламжийн тал дээр хөндлөнгийн зүгээс “арван” хувийн “шан харамж”-ийн талаарх наана цаана яриа байсан уу?
-Одоо л өөрөөс чинь сонсч байна. Одоо тийм зүйл байдаг юм уу /инээв/.Дээхэн үед банкнаас их бага хэмжээгээр зээл авахад ийм яриа сонсогддог байсан. Тэгээд ч бидний зүгээс төлбөрөө бүрэн хийчихсэн.Төрийн өмчийн хорооны зүгээс ч мөн тухайн асуудлыг бушуухан хоёр талд гаргая, барилга, байгууламжтай холбоотой холбогдох бичиг баримтыг бэлэн болгоё, тушаал гаргая, хүлээлцэх ажлын хэсэг томилон ажлуулья гэсэн байр суурьтайгаар тухайн асуудалд ач холбогдол өгөн ажиллаж байгаа нь харагдаж байна.

Дуудлагын худалдааны санал болгосон анхны үнэ та бүгдийн хувьд хэр боломжийн үнэ байсан бэ. Ийм хэмжээний санхүүжилтийг босгоход юунд найдаж орсон тань их сонирхолтой байна?
Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ийм хэмжээний мөнгийг босгоно гэдэг бол амаргүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэсэн ч бидний хувьд банкны итгэлийг олох нь чухал байсан, банктай ярилцсан. Тиймээс банканд найдаж орсон.Тухайн барилга, байгууламжийг дунд сургуулийн зориулалтаар дуусган ард нь гарчих юм бол Улаанбаатар хотод маань нэгэн томоохон бүтээн байгуулалт нэмэгдэж, алсдаа мэдлэгт тулгуурласан хүн төвтэй оюуны салбарт үр өгөөжөө өгөх болов уу гэж бид зорьж бодсон хэрэг.

-Нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулсан Төрийн өмчийн хорооны төрийн жинхэнэ албан хаагчдын талаар та юу хэлэх вэ. Та бүгдийн хүссэн хэмжээнд мэдээллээр ханган ажиллаж чадсан эсэх болоод хүндрэлтэй асуудал юу байв?
-Хүндрэлтэй зүйл ер нь гарсангүй. Бид тухайн барилга, байгууламжийн талаар судалгаа хийх явцад Төрийн өмчийн хорооны холбогдох мэргэжилтнүүд бидний хүссэн мэдээлэл, барилга, байгууламжийн инженерийн зурагнуудыг гарган үзүүлж, мэдээллээр маш сайн хангасан гэж би хэлж чадна. Цаашдаа ч энэхүү барилга, байгууламжийг улсын комисс хүлээн авах хүртэлх хугацаанд Төрийн өмчийн хорооны зүгээс бололцоотой бүхнээр дэмжин, тусалж хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэнд бид талархалтай байгаа.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан