Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Жадамбаа: 0-2 насны хүүхдийн асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх гэж байна


Төв аймгаас бэлтгэсэн цуврал сурвалжлага үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга иргэдийнхээ саналд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх үүднээс хамгийн түрүүнд “Иргэний танхим” байгуулжээ. Иргэд ч төв зам дагуу баригдсан “Иргэний танхим”-ын шинэхэн байраар ороод гарах дуртай болсон гэнэ. Тус танхимын менежер Ч.Жадамбаатай ярилцлаа.

-Иргэний танхимаа танилцуулаач. Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Орон нутаг болон Засгийн газар, УИХ- аас гарсан шийдвэр тогтоолыг сурталчилдаг. 70271111 дугаарын утас болон өөрийн байрандаа иргэдээс санал гомдлыг авч, тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд танилцуулж, гарсан шийдвэр, авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар хариу мэдэгддэг юм.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн гомдол санал авсан бэ?
-Аймгийн “Иргэний танхим”-д 1024 санал хүсэлт ирсэн. Давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Бид иргэдээс ирсэн саналыг үндэслээд төлөвлөгөөтэй хэлэлцүүлгийг сард хоёр удаа зохиодог. Хэлэлцүүлгээс гарсан саналыг аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-д танилцуулдаг. Тухайлбал, хог хаягдлын асуудлаар гэхэд гурван удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ сарын 29-нд Төв аймгийн хэмжээнд тулгамдсан байгаль орчны асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах гэж байна. Орон нутгийн удирдлагаас гадна Богдхан уулын захиргаа, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Баянзүрх, Хан-Уул дүүргийн удирдах түвшний хүмүүс уулзаж, Богдхан уул, Зуун мод голын экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалах асуудлаар ярилцана.

-Иргэдээс ирсэн санал гомдол голлон ямар асуудлыг хөндөж байна вэ. Засгийн газрын 11-11 төвд бол төрийн байгууллагын үйлчилгээний асуудлаар их гомдол ирдэг юм билээ?
-Төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой гомдол ирдэг л юм. Сүүлийн үед улсын хэмжээний томоохон бодлого хөтөлбөрт тусгах саналаа ч өгдөг болсон. Газар, зам тээврийн гээд олон хөтөлбөр иргэдийн саналд тулгуурлан хэрэгждэг болсон нь олзуурхууштай. Жишээ нь, СӨХ-ны асуудлаар иргэд өөрсдөө санаачлаад хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Мөн 0-2 насны хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэтгэвэр тэтгэмж өгөх асуудал орхигдсон гэхэд буруудахгүй. Манай аймагт гэхэд 0-2 насны долоон мянга гаруй хүүхэд бий. Хэвлийд байхаас нь эхлээд сард 40 мянган төгрөгийг нэг жил л өгдгөөс өөрөөр ямар ч тэтгэмж хууль тогтоомжинд байхгүй. Иргэдээс санал их ирж байгаа болохоор ИТХ, Засаг даргад энэ асуудлыг тавьсан. Эх хүн эрүүл бас орлоготой байж л хүүхдээ торниулна. Тиймээс орон нутаг үүнд анхаарч ээжийг нь ажил хийх боломжоор хангаж, орлоготой болгоход чиглэсэн ажлууд хиймээр байна гэсэн санал манай танхимд хамгийн олон ирсэн. Хөдөлмөрийн нөөцөө оновчтой ашиглах боломж бий гэдэг нь харагдаж байна. Тиймээс Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран ярилцаад удахгүй удирдлагын зөвлөлөөр оруулж шийдэх байх.

-“Иргэний танхим “ санал хүсэлт авахаас гадна олон ажил өрнүүлдэг бололтой. Энд олон төрлийн мэдээлэл дэлгэгдсэн байна?
-Иргэд иргэний танхимд орж ирээд өдөр тутмын хэвлэл мэдээлэлтэй танилцаж болно. Мөн ямар нэг төр засгийн байгууллагын дэмжлэггүйгээр өөрсдөө сургалт зохион байгуулдаг. Жишээ нь “Цэцгэнд умбасан Зуунмод”, “Ногоог амилуулах ухаан”, “Цагаан идээ боловсруулах нь” зэрэг иргэдийнхээ хэрэгцээнд тохирсон олон сургалт явуулсан. Төслийн, бизнесийн тухай сургалт ч  болдог.  Ер нь, манайхаас их өргөн хүрээний мэдээлэл авч болно. Наад зах нь ажлын байрны захиалга гэхчлэн. Сүүлийн үед сурагчид их орж ирдэг болсон. Төв аймгийн томхон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөөч гэх нь бий. Шинээр баригдаж буй нисэх онгоцны буудлыг дагаад 2 мянган ажлын байр, зөвхөн тээвэр ложистикийн талбай дээр гэхэд 800 шахам ажлын байр бий болох гэж байна. Түүнд манай сурагчид, залуучууд бэлтгэгдэж, хичээлийнхээ хүрээнд мэдээлэл авч байгаа нь сайн хэрэг. Уулзалт ярилцлага, санал солилцох зорилгоор орж ирэх нь ч бий.
-Брэнд бүтээгдэхүүний булан содон харагдлаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Манай иргэний танхи­мын нэг онцлог нь анх удаа аймгийн хэмжээний брэнд бүтээгдэхүүний суртал­чил­гааны булантай болсон. Төв аймгийн брэнд гэхээр бамбагар цагаан гэх эсгий гутлыг ярьдаг цаг өнгөрсөн шүү. Манай аймагт зөвхөн гутлын гэхэд гурван ч том үйлдвэр бий. Брэнд бүтээгдэхүүний буланд маань хайрга элс хүртэл байгаа.   Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хэрэглэж байгаа нийт хайрганы 90 хувь, нийт элсний 80 хувийг манай аймгаас бэлтгэдэг. Тэгэхээр хайрганы ямар стандарт байдаг вэ гэдгийг орж ирээд нүдээрээ харах боломжтой. Төмсний баталгаажсан сорт, буудайн үрийн сортын дээж гэхчлэн олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Үүнээс гадна сүүний үүлдрийн ямааг, махны үүлдэрийн хонийг хаанаас авч болох вэ гэж асуух юм бол цөм сүрэг нь тэнд байгаа гээд хэлээд л өгнө. Төв аймагт газар тариалан, төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, чацаргана, зөгийн бал, нарийн ногооны гээд олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тэр бүгдийг “Иргэний танхим”-аараа дамжуулан сурталчилахыг зорьсон.

-Ойрын үед хийхээр тө­лөвлөсөн ажил юу байна вэ?
-Манай танхимд аж ахуйн нэгжүүдийн мэдээллээс гадна сум орон нутгийн мэдээлэл байдаг. Өнгөрсөн хоёр жил 17 сум 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойдоо зориулж гаргасан сумдын ном товхимол, видео бичлэгийг ашиглан “Сумын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Сум орон нутгаа мэддэг, ололт амжилтыг нь сонирходог болоход тустай гэж бодож байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан