Хэд хоногийн өмнө зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр “Railbus”-ийг эвдэрсэн, ахиж засал авахгүйгээр зогссон талаар ташаа мэдээлэл цацагдсан. Дээрх мэдээллийг залруулах үүднээс Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэсүхээс тодрууллаа.
-Зарим нэг сайт болон интернэт орчинд “Railbus”-ийг эвдэрсэн талаарх мэдээлэл цацагдсан энэ хэр үндэслэлтэй вэ?
-Бид “Railbus”-ийн аяллын графикийг Замын даргын үзлэгийн хуваарьтай уялдуулан хийсэн. “Railbus” графикийн дагуу аялаж яваад Сүхбаатар зангилаанаас гарч Дулаан зөрлөг дээр 30 орчим минут аккумляторын баттерейгаа цэнэглэсэн. Энд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Аялалаа цааш үргэлжлүүлэн Улаанбаатар хүртэл аялсан байгаа. “Railbus” Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд аялаж өнөөдөр үзлэгийн комиссыг Сайншанд зангилаанд буулгаад оройн 20:00 цагийн орчим Улаанбаатарт орж ирэх юм. Автобус төлөвлөсөн графикийн дагуу л аялаж байна.
-Хөдөлгүүрийг ахин засагдах боломжгүйгээр эвдэрсэн гэж бичсэн байсан?
-Ямар нэгэн хөдөлгүүр эвдэрсэн, засагдах боломжгүй болсон гэдэг огт үндэслэлгүй худлаа мэдээлэл. Ноцтой гэмтэл гараагүй. Автобус хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан “Railbus” энэ сарын 01-нээс үйлчилгээгээ зогсоосон. Цаашид хэрхэн ашиглах вэ?
-“Railbus”-ийг өнгөрөгч зургадугаар сараас эхлүүлэн нийтийн тээврийн үйлчилгээнд буюу Толгойт-Амгалан гэсэн чиглэлд аялууллаа. Өдөрт 3.5 тойрог буюу рельс хийж байсан. Энэ хугацаанд “Railbus” –аар зорчих зорчигчийн тоо харьцангуй бага байлаа. Иймээс энэ сарын 01-нээс үйлчилгээгээ зогсоосон. Бид судалгаа хийж, урьдчилсан тооцоо гаргасны үндсэн дээр Улаанбаатар-Дархан хооронд энэ сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд нэг сарын хугацаатайгаар туршилтын журмаар аялуулахаар болсон. Ингэж аялуулснаар бид нэгдүгээрт зорчигчиддоо түргэн шуурхай үйлчлэх, хоёрдугаарт хөрөнгө оруулалтаар авсан “Railbus”-аа ашигтай ажиллуулах төлөв ажиглагдаж байна.
-Эдийн засгийн хувьд ямар хэмнэлт үзүүлнэ гэж тооцсон бэ?
-Мэдээж, хэмнэлтийг тооцож үзсэн. Суудлын галт тэрэг 500-1000 орчим тонн жинтэй байдаг. Бүхэл бүтэн галт тэрэг хурд авах, байрнаас хөдлөх, “Railbus” хурд авах гэдэг бол тэс ондоо асуудал. Учир нь, “Railbus” энэ галт тэрэгний хажууд асар бага жинтэй. Тэгэхээр “Railbus” хурдаа богино хугацаанд авна. Тогтоосон хурданд нэлээд боломжийн хүрч очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 100 км/цагийн хурдтай газар тулсан хурдаар явах боломжтой. Жолоодоход хялбар. Энэ нь, эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт үзүүлэх нь ойлгомжтой. Цаг хугацааны хувьд Улаанбаатар-Дархан чиглэлд дөрвөн цаг орчим л явна. Автомашин таван цаг орчим явж байна. УБТЗ-ын тээвэр ямар ч эрсдэлгүй найдвартай тээврийн хэрэгсэл шүү дээ. Хотын төвөөс гарч байна. Хотын төвд очиж байна. Энэ тээвэр маань зорчигчдод ихээхэн хүрэх байх.