Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баярбат: Уламжлалт үйлдвэрлэлийг шинэ түвшинд хөгжүүлж, аймгийн төвөө хот болгоно


Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай ярилцлаа.

-Нутаг орноор тань сонин сайхан ихтэй юу. Өнгөрсөн жил түүхэн ойгоо тэмдэглэсэн та бүхний хувьд энэ жил ч их ажлын жил болсон байх?

-Манай аймаг 27 сум, 97 багтай, Монгол улсын хамгийн том аймгуудын нэг. Хөдөө аж ахуй газар тариалан, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл түлхүү хөгжсөн аймаг л даа. Сүүлийн хоёр жил аймгийн хувьд өнгөтэй өөдтэй, их бүтээн байгуулалт өрнөсөн он жил байлаа. 2013 онд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн Шинэчлэлийн Засгийн газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх га­рааны жил байсан. Тэр ут­гаа­­раа нийгэм эдийн зас­гийн бүхий л салбарт ахиц дэв­­шил гарсан.
1976 онд тө­лөв­лөгөөт эдийн зас­гийн үед эдийн засгийн дэв­шил гар­гаж, орон нутгаа хөгжүүл­сэн хөдөлмөрчдийн зүтгэлийг үнэлж Монголын төр Төв айм­­гийг Хөдөлмөрийн гавь­яаны улаан тугийн одонгоор шаг­наж байсан бол өнгөрсөн онд Сүхбаатарын одонгоор шагнасан.  Энэ шагнал нутаг орныхоо төлөө зүтгэж ирсэн олон хүний хичээл зүтгэлээс гадна энэ цаг үед ажиллаж байгаа бидний хөдөлмөрийг үнэллээ гэж ойлгож байгаа. Би хариуцлагатай албанд томилогдсоныхоо хувьд бод­логын хэд хэдэн том зорилт тавьсан. Уламжлалт хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой шинэ түвшинд хөгжүүлэх, аймгийн төвийг хот болгох зорилт л доо. Үйлдвэржүүлэх төлөвлөгөө гаргасан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр ч  онцгойлон анхаарч байна. 2013 оны ажил үйлсээрээ манайх Монгол Улсын шилдэг аймаг болсон. Олон нийтийн санал, авлигыг бууруулсан, бүтээн байгуулалт өрнүүлсэн, мал сүрэг нь өссөн, газар тариалангийн үйлдвэрлэлээ тогтвортой авч явсан, шинэ ажлын байр бий болгосон гээд олон үзүүлэлт нөлөөлсөн нь тодорхой.

-Та аймгийн Засаг даргын албыг аваад ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Ерөнхийлөгчийн болон Шинэчлэлийн Засгийн газрын гол баримтлал бол иргэдээ сонсох. Иргэдийн санаа бодолд тулгуурлан орон нутгаа хөгжүүлэх явдал. Тэр утгаараа хамгийн түрүүнд аймгийнхаа төвд Иргэний танхим байгуулж, ашиглалтанд оруулсан маань бидний ажлын эхлэл болсон. Иргэний танхим нь иргэдийн санал хүсэлтийг 70271111 дугаарын утсаар авч, түүнийгээ холбогдох албаныханд танилцуулж шийдвэрлүүлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгдөг. Тэнд нутгийн брэнд бүтээгдэхүүний буланг мөн бий болгосон. Түүний дараа хөнгөлөлттэй үнээр нүүрс, түлээ борлуулах арга хэмжээ авсан. Иргэдэд ч их хүрсэн. Эдийн засгийн гол салбар болох мал аж ахуйг авч яваа малчид, тэр дундаа мянгат малчдаа алдаршуулах арга хэмжээ явуулсан нь орон нутагт хийсэн ажлын эхлэл байлаа. Мал маллах нь гэр бүлийн хамтын хөдөлмөр учраас гэр бүлийнх нь хамт алдаршуулж ном товхимол гаргаж, үнэмлэх энгэрийн тэмдэг гардуулаад хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан л даа. Үр дүнд нь энэ жил аймгийн мянгат малчны тоо бараг зуугаар нэмэгдлээ. Газар тариалангийн салбарт голлон анхаарах хэрэгтэй хоёр зүйлийн нэг нь үр тариа. Аймгаас 100 сая төгрөгийг аж ахуйн нэгжүүддээ өгч нэгдүгээр сортын элит үр авч тариулсан. Сүүлийн гучаад жил аваагүй өндөр ургацыг энэ жил авах гэж байна. Одоогийн байдлаар ургац хураалт 95 хувьтай, 104 мянган тонн буудай хураагаад байна. Өнгөрсөн жил 80 мянган тонн үр тариа авч байсан.

-Аймгийн төвийг хот болгох зорилт тавьсан гэсэн. Энэ тухайд эхлүүлсэн ажил бий юу?
-Мянган айлын орон сууцны хороолол барьж байна. Инженерийн шугам сүлжээний бүх ажил дууссан. Эхний ээлжийн 128 айлын орон сууц тун удахгүй ашиглалтад орно. Сургууль, цэцэрлэг, зам талбай, ногоон байгууламжтай төгс хороолол болно.  Аймгийн төв дээр байдаг 20 шахам хуучны орон сууцны ашиглалтыг сайжруулах үүднээс гадна фасадыг засч, иргэдийнхээ тав тухыг хангаад байна.  Төрийн өмчинд байдаг ч ашиглалтгүй болсон музейн барилгыг засч, тохижуулаад ашиглалтад орууллаа. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс орчин үеийн тохилог 3D кинотеатрыг мөн ашиглалтад оруулаад байна. Энэ засгийн үед замын асуудал дээр дорвитой ажил өрнөлөө. ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн автозамтай аймгийн төвийг холбосон 28 километр зам баригдсан. Улаанбаатар хот руу чиглэх ашиглах аргагүй болсон 16 километр замын шинэчлэлийг үндсэндээ сарын дотор хийгээд долоо хоногийн дараа ашиглалтад өгөх гэж байна. Манай аймаг нийслэлтэй ойрхон боловч өндөр байшин их нягтралыг зорилго болгохгүй. Цэвэр  агаартай, төрийн үйлчилгээ дагалдах бусад үйлчилгээтэй,  цэвэрхэн нам давхарын богино зайн хот байлгахаар төлөвлөсөн. Худалдаа үйлчилгээний стандарт хүртэл тийм байна. Манайхны мэддэг “Outlet” дэлгүүрийн орчин шиг байшингууд нь тус тусдаа, нээх хаах цаг нь өөр өөр, тус тусдаа эдийн засгийн эргэлтэд ороод байх боломжтой тийм худалдааны төв нээнэ. Нарантуул шиг битүү захаас тэс өөр гэсэн үг. Ийм төвийг аймгийн төвөөс гадна автозам дагуух сумдад ч байгуулна.

-Төв аймаг түүх дурсгалын олон сайхан газартай. Хамгийн анхны дархан цаазат газар болох Манзуширын хийдээс эхлээд Майдар бурхны хөшөөтэй цогцолбор хүртэл босч байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж танай аймагт их байгаа гэж боддог. Энэ тухайд?
-Манай аймаг Монголын аялал жуулчлалын гол зангилаа цэг дээр оршдог. Маш сайхан маршруттай нутаг. Жишээ нь, Эрдэнэ сумын “Цонжин болдог” цогцолбороос “13 дугаар зуун” цогцолбор, “Их майдар” цогцолбор, үзэсгэлэнт Богдхан уул гэсэн маршрутаар хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас баталсан явган аяллын маршрутын нэг нь Манзуширын хийдээс Цэцээ гүн рүү алхах. Олон улсын нисэх онгоцны буудал баригдах учраас гадаад дотоодын жуулчдыг татах хэд хэдэн төсөл боловсруулалтынхаа шатанд яваа. Тухайлбал, алдар суутны өлгий нутгийн хувьд аймгийн төвөөс Манзуширын хийд хүртэлх таван километр зам дагуу аймгаас төрөн гарсан алдартнуудын гэр музейг байгуулахыг зорьж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Учиртай гурван толгой” дуурь бол манай нутгийнхны бүтээл гэхэд буруудахгүй. Зохиолыг нь Баяндэлгэр сумын харьяат их зохиолч Д.Нацагдорж бичсэн бол хөгжмийг нь бичсэн, анхны Юндэн Нансалмаад тоглосон гээд бүх хүн манай аймгийнх. Мөн тахь үржүүлж байгаа Хустайн нуруу гэх үзэсгэлэнт газарт аялал жуулчлалын том бааз байгуулах аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэж байгаа. Бас нэг онцлог нь шашны зан үйлтэй холбоотой газар олон бий. Нутгийн уугуул хүү бурханч лам Пүрэвбат Борнуурт Аглагийн хийд гээд сайхан хийд байгуулсан нь сүсэгтнүүд болоод жуулчдын очих дуртай газрын нэг болсон.  Манзушир хутагтын хойд дүрээр мөн л манай нутгийн хүн тодорч Энэтхэгт амжилттай суралцаж байна. Хутагттай хамт аймгийн төв дээр хийд барихаар газрын асуудлыг нь шийдэж, зураг төслийн ажилдаа ороод явж байна. Ирэх жилээс барилгын ажил нь эхэлнэ.

-Манзуширын хийдийн талаар яагаад дурдсангүй вэ. Цагтаа олон хөлийн газар байсан хийд одоо нүд халтирам болжээ?
-Үнэхээр хэцүү асуудал. Манзуширын хийдийн тухайд аймаг орон нутаг үнэхээр хүчрэхгүй байна. Өмч хувьчлалын үед зоогийн газар болох “Манзушир цогцолбор” гэдэгтэй хамт хувьчилчихсан юм билээ. Эзэн нь хөрөнгө гаргадаггүй. Бүх шатны өмч хувьчлал буруу явагдсан гэдгээр маргаан үүсээд байгаа. Аймгаас сэргээн засах гэхээр Богд уулын дархан цаазат газар учраас хөрөнгө оруулж болдоггүй. Газар нутаг нь нийслэлийн Баянзүрх дүүргийнх. Тэгэхээр  Баянзүрх дүүргийн нутаг дахь дархан цаазат газарт хувь хүний өмчийг арчлах боломж бидэнд алга. Бодит байдал дээр тэнд гал түймэр гарлаа гэхэд, хүн зугаалж яваад бэртлээ гэхэд бүх эрсдэлийг Төв аймаг үүрдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гар хумхин суусангүй. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь бидний үүрэг учраас онцгой байдлынхантайгаа хамт ус, мод руу орох жим гарцыг хаасан. Хогийг нь цэвэрлэсэн. Түймэр гарахад нь ЗДТГ-ынхан очиж унтраасан. Хийдийг сэргээн засах зураг төслийг хийхэд зориулж аймгийн төсвөөс 50 сая төгрөг гаргаад төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгөөр тусалж болох бүхий л газарт саналаа өгөөд байна. Газрынх нь асуудлыг л Төв аймгийн мэдэлд шийдэх хэрэгтэй. Бидэнд хамгаалах, сэргээн засах, шашин, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж бүрэн бий. Шинэчлэлийн Засгийн газар байгаль хамгаалах сангийн хөрөнгийг орон нутагт нь өгсөн. Өнгөрсөн онд байгаль хамгаал гээд 1.5 тэрбум төгрөг өгсөн. Бидэнд хамгаалах хөрөнгө бол байна. 

-Эдийн засгийн гол суурь болох мал аж ахуй газар тариаланг хөгжүүлэх нь зайлшгүй. Үүнээс гадна олж харсан хөгжлийн томхон гарц юу байна вэ?
-Төлөвлөсөн зүйл бол маш их бий. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах орон зай бидэнд байна. Улаанбаатарт үйлдвэрлэл явуулах нь төвөгтэй, төвлөрөл ихтэй, түгжрэл ихтэй, байрны түрээс өндөртэй, агаарын бохирдолтой гээд асуудалтай. Түүний оронд 15 минут л давхиад хүрээд ирчих газарт үйлдвэрлэлээ асуудалгүйгээр явуулах боломж байгаа. Үйлдвэрлэлийн парк аймгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Зураг нь гараад энэ жил цахилгааныг нь татаж байна. 110 Квт-ын хоёр эх үүсвэрээр цахилгаан хангах саналаа Эрчим хүчний яаманд өгөөд шийдүүлэх гэж байна. Нийтдээ 800 га талбайд үйлдвэрлэлийн парк байх юм. Тэнд үйлдвэрлэл явуулах төслийн уралдааныг зарлах гэж байна. Мэдээж аль болох шилдэг, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг сонгоно. Манай аймаг Улаанбаатар хотыг дөрвөн зүг найман зовхист бүрхэн байдгийн хувьд сум бүрт өөр өөрийн онцлогтой бизнесийг хөгжүүлэх боломж бас бий гэж харж байгаа. Энэ жил “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд  Лүн сумыг сонгож төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төв аймгийн анхны шав тавигдсан, анхны тамгын газрын байр байдаг газар шүү дээ. Нөгөөтэйгүүр баруун  бүс рүү чиглэх автозам дагуу байдаг учраас сонгосон юм. Нийслэл хотоос баруун чиглэлд 100 километр тутам үйлчилгээний цэг байгуулна гээд байгаа. Тэгвэл энэ хүрээнд Лүн суманд үйлчилгээний цэг байгуулж болно гэж үзсэн. Дэд бүтэц, халуун хүйтэн ус, бохирын асуудлыг шийдэж өгч байна. Гэрэлтүүлэгтэй улсын нүүр царай болсон зам дагуух үйлчилгээний цэг байгуулах эхлэл тавигдаад явж байна. Нисэх онгоцны, төмөр замын, авто замын хамгийн том зангилаа манай аймагт байгаа. Өөрөөр хэлбэл, их газрын хамгийн том боомт Төв аймгийн нутагт байх нь гарцаагүй. Энэ зангилаа боомтыг орон нутгийн оролцоотой байлгах юм бол Төв аймаг эрчимтэй хөгжих боломжтой.

-Маш их бүтээн байгуулалт, хөгжлийн концепци төлөвлөж байгаа юм байна. Хугацаа их орох байх даа. 2016 он гэхэд амжуулах нь хэд байна вэ?
-2016 он гэхэд бүгдийг нь хийж амжихгүй. Гэхдээ эрчимтэй ажиллана. Ямар ч байсан аймгийн төвийг хот болгох хүрээнд 1000 айлын орон сууцны хорооллыг барьж дууссан байх болно. Орон нутагт төсвийн эрх мэдэл ирсэн учраас итгэлтэй хэлэх байна. 2016 оны тавдугаар сард бүрэн дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Социализмын үед ийм хэмжээний хорооллыг оросууд л төлөвлөдөг байлаа. 

-Ажилгүйдэл ядуурал Монго­лын аль ч өнцөг буланд бай­саар байгаа асуудал. Танай айм­гийн тухайд бусад аймагтай харь­цуулахад хэр үзүүлэлттэй яваа вэ?
-Харьцангуй ойлголт л доо. Манай аймаг их онцлогтой. Газар тариалангийн ид үе, тариа тарих, хураах үед ажиллах хүн олддоггүй. Өдрийн 40, 50 мянган төгрөг амлаад ч нэмэргүй. Нийгмийн даатгал төлдөггүй ч гэлээ ажилтай байгаад байдаг. Энэ өнцгөөс нь харах юм бол ажилгүй хүн байхгүйтэй адил. Сүүлийн үед өглөө эрт аймгийн төвөөс каскаа үүрсэн ажилчид олон улсын нисэх онгоцны буудал руу явдаг үзэгдэл шинээр бий болоод байгаа. Нийт зарын 90 шахам хувь нь ажилд хүн авна гэсэн л зар байдаг. Тэгэхээр ажилгүйдэл тун бага  байна гэж ойлгодог.

-Төв аймаг өрсөлдөх  чадвараараа нэлээд дээгүүрт орсон гэв үү?
-Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган болж хоёр жилийн тайланг дүгнэсэн. 2012 оны судалгаагаар есдүгээр байранд байсан бол 2013 онд тавдугаар байрт орж дөрвөн байраар урагшилсан. Чамгүй амжилт, бидний ажлын нэг хэсэг үзүүлэлт юм даа. Гэхдээ бүх аймгийг эрэмбэлээд би түрүүлж, чи хоцорсон гэхээсээ илүүтэй манай ямар асуудал доголдоод байна гэдгийг мэдэж, анхаарахад ач холбогдолтой судалгаа гэж боддог. Жишээ нь манай аймагт эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарууштай зүйл байгаа нь харагдсан.

-Залуучууд хот суурин газар бараадаад, тэндээ ажил хөдөлмөр эрхлээд явчих гээд байдаг. Залуу боловсон хүчнийг нутаг нь татах тал дээр баримталж буй бодлого юу байна вэ?
-Энэ тал дээр нэг шинэ ажил эхлүүлэх гэж байна. Ирэх жилээс өөрийнхөө байшинг “өөрөө барья” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Орон сууц бол нийгмийн нэгдүгээрт  бичигдэх асуудал. Улаанбаатарт орон сууц үнэтэй, газар олдохгүй, наад зах нь хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжгүй. Тэгвэл нутагтаа ирээд орон байраа бариад сайхан амьдар л гэж байгаа юм. Дэд бүтцийг нь шийдээд өгье, стагндартад нийцсэн барилгын материалыг нь олгоё гэж байгаа юм. Аймгийн төвөөс 20 километрт Германы технологиор Монголын хамгийн сайн блокны үйлдвэр ашиглалтанд орох гэж байна шүү дээ. Залуустаа нөхцлийг нь бүрдүүлээд л өгвөл хийж чадна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан