24 насандаа “Сүүлчийн бүжгийг үлдээ” киноны гол дүрийг бүтээснээс хойш “Ray”, “Fantastic Four”, “Django Unchained” зэрэг олон ч нэртэй уран бүтээлд тоглосон Керри Вашингтоны хувьд алдар хүнд авчирсан хамгийн сайн дүр нь яах аргагүй “Скандал” цувралын Оливия Поп. Керри Вашингтон Нью-Йоркт өссөн бөгөөд түүний аав үл хөдлөх хөрөнгийн агент, ээж нь их сургуулийн профессор байв. Манхаттэний шилдэг сургуулийн нэг Спенст тэтгэлэгтэйгээр суралцаж байсан тэрээр Жорж Вашингтоны их сургуульд антропологи, сүүлд нь өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдөл болсон жүжигчний мэргэжлээр суралцсан ажээ. Эцэг эх нь түүнийг хуульч болгохыг хүсч байсан ч Керри Вашингтон өөрийн хүслээ дагасан нь өдгөө Оливия Поп гэж гайхамшигтай дүр бүтээхэд хөтөлжээ. “Скандал” цувралыг гурван улирал дараалан хийж, одоо дөрөв дэх улирлын зураг авалтаа эхэлчихээд байгаа Керри Вашингтон киноны дундуур жирэмсэлж, хүүхдээ гаргаж амжсан. Хувийн амьдралынхаа тухай тэр бүр ярих дургүй түүний Опра Уинфрид өгсөн товч ярилцлагыг хүргэе.
-Оливия Поп бол маш хүчирхэг эмэгтэйн дүр. Тэр мэргэжлийн ажилдаа гаргуун боловч харамсалтай нь хувийн амьдрал нь бүтэлгүй.
-Тийм ээ, тэр их эмзэг, шархалсан эмэгтэй. Ер нь аливаа кино, уран бүтээлд хар арьст эмэгтэйчүүдийн дүрийг ингэж төгс гаргасан удаа байхгүй. Харин Оливия Поп бол бахархмаар амжилтад хүрсэн эмэгтэй. Нөгөө талаар түүний хувийн амьдрал нь төгс биш. Гэхдээ энэ чинь л амьдрал. Тэр жирийн л нэг хүн гэдгийг харуулж чадсан юм.
-Би өөрийнхөө амьдрал, карьерыг хараад байхад зогсолтгүй дээш мацсаар байгаа юм шиг л санагддаг. Харин чиний хувьд алдар нэрд хүрсэн замаа юу гэж хардаг вэ?
-Амжилтын оргилд хүрчихсэн байгаагаар өөрийгөө төсөөлөхийг хүсэхгүй байна. Би улам дээшээ авирмаар байна. Миний карьер төгсөөгүй үргэлжилсээр байгаа учраас тэр. Би одоо хүртэл тоглосон киногоо үзэж чаддаггүй.
-Гэхдээ цувралд тоглож байгаа жүжигчид киногоо цаг тухай бүрт нь үздэг биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ ингэж үзэх нь үнэхээр эвгүй санагддаг.
-Оливия Попын зан араншин чамтай хэр төстэй вэ?
-Тэр надаас хавьгүй дээр л дээ. Тэр ухаантай, хүчирхэг, аливаа зүйлийг ойлгох чадвар өндөртэй. Тэр бас АНУ-ын Ерөнхийлөгчтэй хайр сэтгэлийн холбоотой. Тэгэхээр надаас өөр. Гэхдээ би улс төрийн хэрэгт дуртай, нээлттэй, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг хүн. Үүгээрээ түүнтэй адилхан байх.
-Хар арьст эмэгтэй жүжигчид энэ дүрийн төлөө нэлээн өрсөлдсөн гэж сонссон?
-Мэдээж ийм дүрийг хүсэхгүй хэн байх билээ.
-Тэдний зарим нь таныг дүрээ авсны дараа “Биднийг бахархтал тоглоорой” гэж хэлсэн гэсэн. Тэр танд ямар санагдсан бэ?
-Энэ бол нэр хүндийн хэрэг. Тэр өрсөлдөөнөөс азаар энэ дүрийг авсны хувьд боломжоо гүйцэд ашиглах хэрэгтэй.
-Өмнө нь та телевизийн цувралд тоглож байгаагүй шүү дээ. Ихэнх жүжигчин цувралд тоглохыг таашаадаггүй. Харин та үүнээс болгоомжлоогүй юу?
-Уран сайхны кинонд тоглож байгаад цувралд тоглох нь нэг шатаар буурсан хэрэг гэж би боддоггүй. Гэхдээ цувралд тоглоод нэг хайрцагт орчих вий дээ гэж эмээж байсан. Харин “Скандал”-ын кино зохиолыг уншаад л тэр хамаа алга, би заавал тоглоно гэж шийдсэн.
-Оливия Попын дүрд тоглож байхдаа Оскарын шагналт “Django Unchained” кинонд давхар ажилласан шүү дээ. Тэс хоёр өөр дүрд зэрэг ажиллах амаргүй байсан биз дээ?
-“Скандал” яг гарахын алдад “Django Unchained” киноны зургийг авч эхэлсэн. Тэр хэдхэн өдрийн дотор би XXI зуунаас XIX зуун руу хувирах ёстой болсон л доо. “Скандал”-д би орчин үеийн ажил хэрэгч, нөлөө бүхий эмэгтэйн дүрийг бүтээсэн бол “Django Unchained”-д тариалангийн талбайд ажилладаг, хөл нүцгэн боолын дүрд тоглох шаардлагатай болсон. Тэдгээр боолуудын хөлс хүч, хөдөлмөр, амь амьдралаар олж авсан эрх чөлөөний хүчинд Оливия Поп шиг эмэгтэйчүүд өнөөдөр хүссэн мэргэжлээрээ суралцаж, амжилтад хүрч, өөрсдийн түүхийг бүтээх боломжтой болсон шүү дээ гэж тэр үед бодогдож байлаа.
Оливия Попын бодит дүр Жүди Смит
АВС телевизийн алдарт найруулагч Шонда Раймстай хамтран дуулиант “Скандал” цувралыг хийхээс өмнө Жүди Смитийг олон нийт тэр бүр мэддэггүй байв. Түүнд нэрийн хуудас гэж байхгүй. Хямралын менежмент хийдэг консалтингийн фирмийг нь сурталчлах цахим хуудас ч гэж байдаггүй болохоор эгэл жирийн хүмүүс түүнийг мэдэхгүй. Гэвч “Скандал” цуврал гарснаар Керри Вашингтоны бүтээсэн Оливия Попын дүрээр тэр жинхэнэ од болсон юм. Учир нь, “Скандал” цувралыг Жүди Смитийн ажил амьдрал, эрхэлдэг ажлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Оливия Попын бодит амьдрал дээрх дүр нь Жүди Смит юм.
Жүди Смит бол яг л “Скандал”-ын Оливия Поп шиг Вашингтоны улс төр, бизнесийн тодорхой элит хүрээнд асуудалд орсон хэн нэгнийг PR-ын аргаар “авардаг”, ямар ч асуудлыг эвтэйхнээр зохицуулдаг хямралын менежер юм. Үүгээрээ тэрээр Вашингтоны улстөрчид, бизнесмэнүүд болоод урлаг соёлын алдартнуудын дунд маш эрэлттэй, нөлөө бүхий нэгэн. Тэр бас кинонд гардаг шигээ АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө ажиллаж байсан. Гэхдээ эцэг Буш болоод тэдний хооронд харин хайр сэтгэлийн ямар ч холбоо сүлбээ байгаагүйг Жүди Смит хэд хэдэн ярилцлагадаа өгүүлж байсан.
Керри Вашингтон өөрийнх нь дүрийг үнэхээр сайн бүтээсэн хэмээн үнэлсэн Жүди Смит яг л Оливия Поп шиг цагаан хүрэм, ажил хэрэгч хувцсаар гоёх дуртай, хурдан хурдан алхдаг, бас маш түргэн ярих чадвартай нэгэн гэнэ. Мөн энэ цувралд түүний ажиллаж байсан хэргүүдээс сэдэвлэсэн ангиуд ч цөөнгүй байдаг аж.
Ямартай ч, Оливия Поп шиг эмэгтэй жинхэнэ амьдрал дээр байдаг нь Жүди Смит аж. Гэхдээ тэрээр бодит амьдрал дээр гэрлэсэн, хоёр хүүхэдтэй нэгэн. Кинонд мэдээж уран сайхны хэтрүүлэг байгаа ч Ерөнхийлөгч Жорж Херберт Бушаас эхлээд Моника Левински, Кларенс Томас, Чандра Леви гээд алдартай үйлчлүүлэгчидтэй харилцаж байсан туршлагаасаа “Скандал”-ын үйл явдлыг сонирхолтойгоор өрнүүлэх зөвлөгөөг харамгүй өгч байжээ. Бүр 1980-аад оны үеэс л томоохон байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст ажиллаж байсан тэрээр 1991 оноос Ерөнхийлөгч Ж.Х.Бушийн хэвлэлийн нарийн бичиг болсон байна. Тэрээр Цагаан ордныг орхисны дараа “Smith & Company” хэмээх фирмээ ажиллуулж эхэлсэн бөгөөд хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөөг нэр хүндтэй хүмүүст өгч эхэлжээ.