Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ долоо хоногийн ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхөд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ.
Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарчээ. Тэд арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ажлаа дуусгахаар гэрээ байгуулаад байна. Хийн агуулахын багтаамжийг 1100 тонноор нэмэгдүүлэх ажил үндсэндээ дуусч байгаа аж.
Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авах, угсрах шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд арваннэгдүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхлэх юм. Хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхөд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулахаар бэлтгэж байна.
Хийн плитканы иж бүрдэл нь 200 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлнэ. Плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд энэхүү иж бүрдэлд багтаж байгаа аж.
Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулахад ашиглаж ирсэн. Харин манай улсад хийн плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлэн нэвтрээгүй байгаа. Иймээс дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийлүүлэхээр боллоо. Ирэх жилүүдэд далайцтайгаар энэхүү ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна.