Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшгийн хөндийн нисэх буудал хөшгөө нээхэд ойртжээ


-Харин шинэ нисэх буудал тийш явах  засмал зам алга-

Монголын хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл бол Оюу толгой. Гэтэл уг төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хоёр талын маргаанаас болж зогсоод байна. Үүнээс гадна дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ч нөлөөлсөн гэдэг. Гэтэл урд хөршийн зах зээлийн нөлөөллөөр ашигт малтмалын үнэ унаж манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд эрс хямарсан.  Өөрөөр хэлбэл, хямралын гол шалтгаан нь манай улсад орж ирэх мөнгөн урсгал хумигдсанд оршино. Нөгөө талаар бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтууд тасалдаж улсын төсөв ч бүрдэж чадахгүй, 600 тэрбум төгрөгөөр цангаж буй мэдээлэл бий. Эдийн засгийн ийм хүнд үед хөрөнгө оруулалт нь тасалдахгүй хэвийн үргэлжилж буй ганц төсөл бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн барьж буй шинэ нисэх буудал гэхэд хилсдэхгүй. Уг нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 49.5 тэрбум иен буюу 500 сая ам.доллар юм.  
Шинэ нисэх буудлын ажлын явц ямар шатанд яваа талаар ИНЕГ, Зам тээврийн яамны төлөөлөгчид  уржигдар төслийн талбайд очиж танилцлаа. Нисэх буудлын хөрөнгө оруулалт сааталгүй ажил нь урагштай яваа тул “Чингис хаан” олон улсын нисэх буудал бууриа сэлгэхэд ойртжээ. Тухайлбал, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх буудлын ажлын явц энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 22.5 хувьд хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 1.5 хувиар илүү ажил гүйцэтгэж буйг илэрхийлж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлэгчид оны эцэс гэхэд ажлын гүйцэтгэлээ 26.8 хувьд хүргэх бололцоотой гэв. Ажлын явц энэ эрчээрээ үргэлжилбэл 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад өгөх боломж бий хэмээн төслийг гүйцэтгэгчид мэдэгдэж байна. Шинэ нисэх буудлыг барьж байгуулах гэрээ, төлөвлөгөөгөөр 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад өгөх учиртай. Одоо ганц хоцроод байгаа ажил нь Улаанбаатар-Хөшигтийн хөндийг холбох 37 км хурдны зам. Нисэх буудлаа бариад дуусчихдаг. Гэтэл түүнд хүрэх замгүй гээд сууж байж магадгүй нь.

Энэ замын ажлын төслийг хоёр багц болгон хуваасан. Эхний багц нь Нисэхийн товчоо хүртлэх зургаан эгнээ хоёр урсгалтай зам юм. Уг зам ашиглалтад ороод байгаа. Гэтэл хоёр дахь багц болох Нисэхийн товчооноос шинэ нисэх буудал хүрэх замын ажил өнөөг хүртэл эхлээгүй байна.  Одоогоор хурдны зам барина л гэж ярихаас хэтрэхгүй,  нэг ч хүрз газар шорооны ажил хийгээгүй гэнэ. Хурдны замын ажил концессийн гэрээгээр гүйцэтгэх төслийн жагсаалтад орсон. Гэвч хоёр удаа тендер зарлаад амжилт олоогүй. Иймд УИХ Эдийн засгийн яаманд уг төслийг хэрэгжүүлэх гэрээг шууд байгуулах эрх  олгосон билээ. Уг хурдны замын ажил ямар шатанд яваа талаар Шинэ нисэх буудал барих төслийн захирал Н.Энхбатаас тодруулахад “Бидэнд байгаа мэдээллээр Эдийн засгийн хөгжлийн яам Японы компанитай зам барихаар тохиролцож гэрээ хийх шатандаа яваа гэсэн. Иргэд Зуунмод-Улаанбаатарыг холбосон зам засварын ажлыг шинэ нисэх буудал орох зам гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон зам биш. Ирэх жилээс хурдны  замын ажил эхлэхгүй бол нисэх буудал ашиглалтад орох үед түүнд хүрэх замгүй сууж байх тал бий” гэсэн юм.

Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил  дуусахад 823 хоног үлджээ. Хөшигийн хөндийд нисэх буудал барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпорац оролцож буй. Төслийн бүтээн байгуулалтад 40 гаруй компани ажиллаж буй аж. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгж.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын
зорчигч хүлээн авах танхимын барилгын явц. 2014-10-08


Шинэ нисэх буудалд нийт 30 барилга байгууламж баригдах учиртай. Одоогоор жилд гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай Зорчигч үйлчилгээний танхим, жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж дулааны зуух болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил, үерээс хамгаалах далан зэргийг барьж байна.

Шинэ нисэх буудал нийт 1200 га талбайтай бөгөөд “БОИНГ 747”, “А330” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой юм. Зорчигч хүлээн авах танхим 37000 ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байна. Эхний ээлжинд зорчигчоо онгоцонд буулгаж суулгах зургаан хүзүүвчтэйгээр ашиглалтад орно. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын агаарын хилээр 1.2 сая хүн зорчсон мэдээлэл бий. Хэдийгээр өнөөдөр хямраад байгаа  ч манай улсын эдийн засаг уул уурхайн нөлөөгөөр цаашид  хурдацтай тэлж өснө гэдэг. Иймд жил бүр зорчигчийн тоо нэмэгдэж буй юм. Өнөөгийн зорчигчийн урсгалын өсөлтийг ашиглан тооцоолсноор 2020 он гэхэд манай улсын агаарын хилээр гурван сая гаруй хүн үйлчлүүлнэ хэмээн үзэж байна. Цаашид жилд үйлчлүүлэх зорчигчийн тоо нэмэгдвэл онгоцонд сууж, буух хүзүүвчийн тоог 20 хүргэж болох шийдэлтэй барилга. Онгоц хөөрч буух нисэх зурвасын урт 3.6 км, өргөн нь 45 метр, зузаан нь 40 см аж.
Агаарын хөлгийг шатахуу­наар хангах байгууламжийн зураг төслийг Японы “JGC Plant innovation” компани гүйцэтгэжээ. Одоогоор уг зураг төслийг хянаж байгаа бөгөөд удахгүй гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулах нь. Энэ байгууламжийн шатахууны агуулах нь 8000 шоо метрийн багтаамжтай байна.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг зөвхөн Японы хөнгөлөлттэй зээлээр барихгүй. Монголын Засгийн газрын хөрөнгөөр хийх ажил нийлээд бий. Тухайлбал, нисэх буудлын барилга байгууламжийг үерээс хамгаалах даланг байгуулна. Энэ ажил өнөөдөр 90 хувьтай явж байна. Үүнээс гадна нисэх буудлын захиргаа, шуудан, тээш, аэрдромын засвар үйлчилгээний барилгууд ба­риг­дана.  Энэ ажлыг гүйцэт­гэх сонгон шалгаруулалт явуул­сан бөгөөд өнөөдөр нээж ялаг­чийг нь тодруулна.
Мөн шинэ нисэх буудлыг бие даасан хоёр эх үүсвэрээс цахилгаанаар хангах учиртай.  Иймд  нэг эх үүсвэр болох Найлахын дэд станцаас цахилгаанаа татжээ. Одоо хоёр дах эх үүсвэр Сонгино дэд станцаас цахилгаан татах учиртай. Энэ нь хараахан ашиглалтад ороогүй байгаа юм.

Нисэх буудал ашиглалтад ороход 2000 гаруй хүн ажиллана. Үүний 700 гаруй нь “Чингис хаан” нисэх буудлын ажилчид байна. Улаанбаатар хотын тэлэх нэг гарц нь Хөшигийн хөндийн нисэх буудал. Энд 100 мянган хүн амтай хот бий болно хэмээн тооцож буй юм. Уг нисэх буудлыг барих сургаар Хөшигийн хөндийд иргэд газар авч эхэлсэн гэдэг яриа бий. Өвлийн цагт гэр хорооллын утаа униараас шалтгаалж  “Чингис хаан” нисэх буудалд зарим үед онгоц хөөрч буухад бэрхшээл тулгардаг. Хэрэв дээрх яриа үнэн бол Хөшигийн хөндийд бас л гэр хороолол үүсч өвлийн цагт онгоц хөөрч буухад бэрхшээл тулгарна. Шинэ нисэх буудал барих төслийн багийнхны мэдээлснээр Засгийн газар Хөшигийн хөндийд 12 мянган га талбай эзэмших болжээ. Ингэснээр нисэх буудлын ойр орчмын газрыг иргэдэд эзэмшүүлээгүй аж. Ийнхүү Хөшигийн хөндийд орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ нисэх буудал баригдаж ажил ундарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан